А.Чимэд-Очир: Хүн бүр тэрбумтан болох албагүй

0
137

Хүсэл мөрөөдөл гэж хязгааргүй. Тэгвэл хүслийнхээ үзүүрээс атгаж, мөрөөдлөө биелүүлсэн нэгэн эрхмийг “Амжилт алхам” буландаа урилаа. Түүнийг А.Чимэд-Очир гэдэг. Спорт хувцас үйлдвэрлэж өдгөө үндэсний брэндийг цогцлоож чаджээ.

“Monline” компани байгуу­лаг­даад хэдэн жил болж байна вэ. Яа­гаад оёдлын салбар руу орох болов?

Хүүхэд байхдаа юм оёдог байлаа. Орос дэлгүүрээс “Твер” жинс авч гэртээ “Монтана” болгож янзлаад өмсдөг байсан. Тэр үеэс найзууддаа спорт хувцасны брэнд гаргах юмсан гэж мөрөөдөж ярьдаг болсон. Энэ мөрөөдлөө биелүүлж 2012 онд спорт хувцасны оёдлын үйлдвэр байгуулсан. Монголын тамирчид гадны ул­сад очиж тэмцээнд оролцохдоо үндэс­нийхээ үйлдвэрийн брэнд хувцсыг өмсөөд зогсч байгаасай гэж боддог. Компанидаа “Monline” гэж нэр өгсөн. Хүмүүс өөрсдийнхөөрөө утгачилж ойлгох байх. Миний хувьд бидний өвөг дээдсээс минь уламжлуулан үлдээсэн газар шороо, түүх маань хэзээ ч тасрахгүй үргэлжлээсэй гэж билэгдэж өгсөн нэр. Манай улс өөрсдийн хэрэгцээгээ бүрэн хангахын төлөө дотоодын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлдвэрийн түүхий эдээ өөрсдөө үйлдвэрлэх боловсон хүчнийг бэлтгэдэг байлаа. Харамсалтай нь зах зээлийн савалгааны эхэнд хувьчлал нэрээр үйлдвэрүүд хаалгаа барьж, мэргэжилтнүүд нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж наймаанд явж эхэлсэн. Ингэснээр гадны улсын түүхий эдийг хангадаг улс болж хувирсан. Одоо ч ялгаагүй түүхий эдээ зөөсөөр байна. Ийм байдал удаан үргэлжилснээс болж гаднаас орж ирсэн ам.доллар зээл тусламжаа өөрсдөө хийж чадах оймс өмдөнд буцаагаад гаргах нь дэндүү хайран. Ядаж түүхий эдээ гаднаас авч өөрсдөө хийвэл 100 ам.доллараас 80 ам.доллар нь Монголд үлдэнэ. Ажлын байр бий болно төгрөгийн эргэлт сайжирч долларын савалгаанд бага өртөх юм. Өнөөдөр манайхан үүнийг маш сайн ойлгож үндэснийхээ үйлдвэрийг дэмждэг болж. Яг ийм торгон агшинд компаниа байгуулсан нь үйлчлүүлэгч олонтой болсон. Спорт хувцасны үйлдвэр Монголын зах зээлд үгүйлэгддэг нь миний хүсэл, мөрөөдлөө биелүүлэх алтан боломж нээгдэж богино хугацаанд өргөжиж, ашигтай ажиллах болсон.

Гадны улсаас биеийн тамирын хувцас авч өмсөөд дасал болсон хүмүүс Монголд үйлдвэрлэсэн өмсгөл гэхээр хэр хүлээж авч байна?

Манайхан ихэнх хувцсаа гаднаас авдаг. Авсан хувцаснууд нь тэр бүр хэмжээ нь таарахгүй. Томдоно, жижигдэнэ эсвэл ханцуй нь уртадна. Монгол хүний биеийн онцлогоос хамаарч европ болон ази хувцас таардаггүй. Өвөрмөц биетэй, булчинлаг хүмүүс. Монгол хүний биед хl, l, m гэсэн размер тохирохгүй юм шиг санагддаг. Тиймээс хүн болгоноос хэмжээ авч хувцас хийдэг. Авсан хэмжээнүүддээ тулгуурлаж монгол хүний размер гаргах бодол байдаг. Спорт хувцасны даавуу материалыг сонгохдоо их судалсан. Спортоор хичээллэдэг хүний хөлс гарна, биетэй нь шүргэлцэнэ, хөлсний нүх онгойно. Энэ үед химийн урвал агуулсан элдэв бодистой материалаар хийсэн хувцас тохиромжгүй. Харшил өгөх эрсдэлтэй. Иймээс аль, аль талыг нь судалж хүний биед харшил өгөхгүй материалуудыг сонгодог. Уг материалаа Монголын ноос ноолуурын лабораторид эрүүл ахуйн шинжилгээ хийлгэж хүний биед гаж нөлөөгүй гэсэн патент авсан. Улмаар “Adidas”,”Nike”-ын хувцсаа хийдэг материалыг албан ёсны үйлдвэрээс нь авдаг болсон. Манай компани дэлхийн зах зээлд өөрийн брэнд гаргаж байгаа болохоор чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн байх ёстой. Үйлчлүүлэгчийн биед тааруулж, нэг ч бай, арав ч бай, хорь ч бай хамаагүй хүн бүрээс хэмжээ авч эсгэж хийдэг болохоор биед нь сууж өгдөг.

Спортын бүх төрлийн хувцас хийнэ гэхээр үйлчлүүлэгч олонтой байх?

Олон,олон. Тамирчдаас гадна аж ахуйн нэгж, байгууллагын шигшээ баг, сургуулийн хүүхдүүд гээд бүгд манайхаар хувцсаа хийлгэдэг. Бид ачаалалдаа тааруулж ямар нэг юм хийхдээ мөнгөний төлөө биш чанартай бүтээгдэхүүн хийхийн тулд ажилладаг. Ямар нэг компани хэтэрхий ашиг харж хий хоосон үнэ хөөрөгдсөнөөр ирээдүйн ахиц дэвшилтэд сөргөөр нөлөөлөх тал бий. Манайх анхны тогтоосон үнээрээ л өнөөг хүртэл явж байна. Мэдээж доллар, юань өссөн ашиг багассан ч үнээ нэмэхээ урдал болгоогүй зардлаа танаж чадсан.

Танайд хувцасны захиалга өгье гэвэл үнэ нь ямар байдаг вэ?

Биеийн тамирын хувцас 95-115, хүүхдийнх 45-65, сагсны хувцас 55-59, волейболын өмсгөл 45-49, хөлбөмбөг, бокс, гүйлтийнх 40 мянгаар хийнэ. Цүнх 10-25 мянган төгрөгийн үнэтэй. Энэ ханшийг гурван жилийн өмнө тогтоосон.

Нэг үеэ бодвол спортоор хичээллэх хүний тоо нэмэгдэж?

Манай компани ажиллагсдаа долоодугаар сарын 8-наас 25-ныг хүртэл амраадаг. Зуны дэлгэр цагт хүмүүсийг амраахад бүтэн жилийнхээ эрч хүчийг авдаг. Харин бусад үед ажлын хэлбэлзэл гэж байхгүй. Захиалгын дагуу л ажиллана. Спортын хувцаст улирал гэж байхгүй. Өвөл ч зун ч өмсдөг. Уулын спорт, цанын хувцас гээд бүгдийг манайх оёдог.

Миний ойлгосноор спорт өмсгөл хийхээс гадна бусад төрлийн хувцас ч оёдог юм шиг харагдлаа. Үүдэнд үндэсний дээл тавьсан байна?

Цагаан сараар үндэсний дээл хийнэ. Төгсөлтийн баяр болохоор гоёлын даашинз оёно. Европ хувцас ч хийнэ.

Тэгэхээр оёдолчдын ур чадвар өндөр байж таарах нь?

Тэгэлгүй яахав. Манай оёдолчдын ур чадвар өндөр. Яагаад гэвэл ажилчид маань жинхэнэ бэлтгэгдсэн соц нийгмийн үеийн нарийн мэргэжлийн хүмүүс байдаг. Тэд бүх юманд сэтгэлээсээ стандартын дагуу ханддаг. Манай үйлдвэрт Ардын их хурлын депутат байсан хүн ч ажилладаг.

Танайхаас өөр спорт хувцас оёдог газар байдаг байх. Ер нь харилцаа тогтоож хамтарч ажилладаг уу?

Бид ажилчдынхаа хийж чадах ачааллын дагуу ажлаа авдаг. Хэт их ажлаар дарах нь хүмүүсээ ядраадаг. Мөн гологдол бүтээгдэхүүн гарах магадлал өндөр. Иймээс мөнгө бодож их ажил авдаггүй. Бидэнд их мөнгө хэрэггүй. Бага ч гэсэн байнгын тогтмол орлого ажлаасаа кайф авч байх нь чухал. Бид үйлчлүүлэгч нартаа ижил төрлийн үйлдвэрлэл явуулдаг компаниудыг санал болгодог. Дорж, Дондог байна уу юуны ялгаа байх вэ. Бид өрсөлдөгчид биш хамтрагчид. Уул нь бараагаа хамтраад бөөнөөр нь татвал үнэ буух магадлал өндөр. Би үргэлж бусаддаа хамтарч ажиллах санал харилцан туршлага солилцох, үндэсний үйлдвэрлэл эрхэлж байгаад баярлаж талархсанаа цахим хаягаар явуулдаг. Одоогоор “Монповэр”, “Эрчис” компаниас санал ирсэн. Манайхаас өөр “Төмөр трейд” гэж мундаг компани бий. XIX хороолол Эрэлийн байрны тэнд сагсны хувцас сайн хийдэг үйлдвэр байдаг. Та бүгддээ Монголынхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье.

Та цахим хуудсандаа 45-55 насны хүнийг ажлын байрандаа урьсан зар тавьсан байсан. Ажиллах хүчний дийлэнх нь энэ насныхан гэж ойлгож болох уу?

Тийм ээ. Маш олон хүн утасддаг. Гэхдээ ихэнх нь үл итгэсэн өнгөөр нас маань төд шүү дээ гэж онцолж хэлдэг. Эндээс харахад бид ахмад үедээ арай л хатуурхсан мэт социлизмын үед бэлтгэсэн олон боловсон хүчин манаач, цэвэрлэгч хийж байна. Ийм хайран нарийн мэргэжлийн хүмүүсээ насаар нь ялгаварласан нь ирээдүйд тэтгэвэргүй хоцордог. Бид л энэ сайхан хүмүүсээ хөдөлмөрийн зах зээлд оруулж ажиллуулаад зогсохгүй ирээдүйд тэтгэврийг нь тогтоолговол хичнээн сайхан байх вэ. Би 20 гаруй хүн авч ажиллуулж чадсан. Энэ утгаараа 45-55 насны хүнийг ажилд сонгон шалгаруулж авдаг.

Шинэ залуу боловсон хүчин танайд ажилд орох хүсэлт гаргавал яаж хүлээж авах вэ?

Авалгүй яах вэ. Ахмад үеийнхний тэтгэврийн нас болдог ч юм уу хэзээ нэг цагт ажлаасаа гарахад дараагийн халаа болгож залуусыг бэлддэг. Ирээдүйд гаднаас өндөр цалин амалж мэргэжилтэн авч ирэхгүйн тулд хойч үеэ бэлдэхгүй бол болохгүй. Одоогоор нэг хүнийг дагаад нэг залуу дагалдах маягаар бэлтгэж байна.

Гадны орны тэмцээнд оролцдог та­мирч­дын хувцсыг танайх л бэлдэж байна уу?

Манай компани нийт үйлчлүүлэгчдийнхээ орсон орлогоос 10 хувийг гадаад дотоодод оролцож байгаа баг тамирчин болон ирээдүйн тамирчин хүүхдүүдийг ивээн тэтгэж хувцас хэрэглэлээр нь хангадаг. Энэ хэдэн тамирчдынхаа амжилтаар л монгол хүн болж төрсөн бахархлаа олж авдаг. Тамирчид маань бэлтгэл сургууль хийгээд өөр ажил бизнес хийж амжих биш. Яг явах болоход ивээн тэтгэгч хайгаад гүйдгийг бид мэднэ. Тиймээс чадлынхаа хэрээр туслахыг зорьж хувцас хэрэглэлээр хангадаг. Мөн бидэнтэй хамтарч ажилладаг тусалж дэмждэг хүмүүст баярлалаа.

Амжилт гаргасан тамирчид төрийн далбаагаа намируулаад зогсч байхыг хараад “Энэ бидний оёсон хувцас шүү дээ” гэж бахархах үе бий биз?

Хийсэн юмаараа баярлах, бахархах, омог­ших гоё шүү дээ. Магтаалд дургүй хүн гэж юу байх вэ. Ах, дүү, найз нөхөд “Танай хийсэн хувц­сыг өмссөн байна” гээд хэлэхээр нэг л сайхан. Түрүүлсэн тамирчинтай адилхан баярладаг.

Одоогоор томоохон тэмцээний ямар хувцас бэлтгэж байна. Энгийн хүмүүсийг бодвол тамирчдын бие өөр үү?

Хүндийн өргөлтийн тэмцээний хувцсыг бэлдэж байна. Саяхан Онцгой байдлын галын тэмцээнд явах хүмүүсийн хувцсыг хийж өгсөн. Татвар, банкныхны хувцсыг хийж байна. Энэ мэтчлэн захиалга тасардаггүй. Спортынхны бие хаа өөр. Тэдэнд хувцас хийхэд амар байдаг. Харин энгийн байгууллагад ажилладаг хүмүүсийн биед тааруулж хувцас хийхэд заавал хэмжээг нь нарийн авах шаардлагатай. Тухайн хүний биед тааруулж, өө сэвийг нь нуух. Гүзээтэй хүний урд хэсгийг урт хийх хэрэгтэй. Тэнцүү хийхээр оодойно. Харвинтай хүний хажуугаар хар бараан өнгийн оруулга хийж өгвөл зохимжтой гэхчлэнгээр загвар гаргадаг. Яавал энэ хүний биед сууж өгөх үү, өө сэвийг нь яаж дарах вэ гээд сэтгэл их гаргана шүү.

Тэгэхээр үйлчлүүлж буй хүмүүсийн сэтгэл ханамж 100 хувь үлдэх байх?

Тэгэлгүй яах вэ. Хувцасны материал, чанар, сэтгэл ханамж 100 хувь үлддэг. Гэхдээ үргэлж дардан сайхан байна гэж юу байхав. Хааяа алдаа гарна. Номер наадаг наалт хуурах өнгөө зөрүүлж эсгэх зэргээр алдаа гардаг. Ажил хийж байгаа үед алдаа гарна. Алдаагаа давтахгүй байхыг хичээдэг. Бид алдаагаа тэр дор нь засч дараа, дараагийн захиалга дээр анхаардаг нь манай компанийн онцлого.

Хувцас хэрэглэлээс гадна цүнх хийсэн харагдаж байна?

Нэгэнт л биеийн тамирын хувцас хийж байгаа юм чинь яагаад цүнх хийж болохгүй гэж. Хятадууд хийж болоод байхад монгол хүн юугаараа дутах вэ. Яг адилхан хүн. Гар, хөл, машин техник нь байна. Тиймээс өнгөрсөн жилээс цүнх хийж эхэлсэн. Одоогоор 3-4 загварын цүнх хийж байна. Болж өгвөл иж бүрэн хувцас хийлгэсэн хүмүүст цүнх бэлэглэдэг.

Спортын хувцас иж бүрнээр нь хийж байна. Цаашид пүүз хийх бодол бий юу. Мэдээж компани өргөжиж үйл ажиллагаа нь улам дэлгэрэх болов уу?

Спортын хувцас хийж байгаа болохоор пүүз хийж үзье гэж бодсон. Пүүзний хамгийн жижиг үйлдвэр гэхэд цагт 500 ширхэг үйлдвэрлэдэг төхөөрөмж байх юм. Гэтэл цагт 500, ажлын нэг өдөр 4000 мянган хос гутал гарна гэсэн үг. Нэг өдөр ажиллах уу, эсвэл долоо хоног ажиллаад зогсох уу гэдэг асуудал. Харин хэтийн төлөвт гадны улс руу экспортлох зорилгоор үйлдвэртэй болох судалгаа бий.

Гадаадад экспортлох тухай ярилаа. Та­най бүтээгдэхүүн гадагшаа борлуулагддаг уу?

Гаднаас захиалга ирсэн. Эрхүү Украйн, Швейд, Буриадаас захиалга ирдэг. Норвегаас “Регби”-гийн баг сонирхож багийнхаа хувцсыг хийлгэсэн. Тэрчлэн гадаадад сурдаг монгол оюутнууд үйлчлүүлдэг.

Өөрийн биеэр ирж чадахгүй хүмүүс захиалгаа яаж өгөх боломжтой вэ?

Жилийн өмнөөс www.monline.mn сайтаар захиалга авдаг болсон. Найман настай хүүхдээс 80 настай буурал ч захиалга өгөх ойлгомжтой хийсэн. Өөрсдөө загвараа хэлэх боломжтой. Эсвэл манай гаргасан загвараас харж хийлгэж болно.

Үйлдвэрийн хүчин чадлын хувьд ямар вэ?

Нэг өдөрт 40 гаруй бэлтгэлийн хувцас, таваас зургаан багийн дотуур хувцас үйлдвэрлэх хүчин чадалтай. Заримдаа нэг багийн хувцсыг гаргах тохиолдол ч бий. Энэ нь загвараасаа шалтгаалдаг. Их чамин оруулгатай, ажиллагаа ихтэй захиалга байдаг.

Биеийн тамирын хослолын материал бусад даавууг бодвол өөр. Оёдол голох тохиолдол гардаг уу?

Тамирчид байнга хөдөлгөөнтэй байдаг болохоор их хөлөрнө. Тэгэхээр даавуун материал хөлсийг өөртөө шингээж нормогцоо буцаагаад халаасан биеийг нь хөргөдөг. Хөрсөн бие гэмтэж бэртэхэд амархан байдаг. Тэгвэл тамирын хувцасны материал өөртөө шингэнийг барьдаггүй 70 хувийг гадагш хаядаг, нордоггүй дөрвөн тийшээ сунадаг байх ёстой. Хөдөлгөөнд саад учруулахгүй.

Спорт өмсгөлд ч гэсэн загвар байдаг. Сүүлийн үед ямар загвар сонирхож байна вэ?

Биеийн тамирын хувцас бариу болсон. Хуучин сул чөлөөт загвартай байсан. Материал нь сунадаггүй байсан болохоор тэр байх. Харин одоо бариу загвартай болсон. Сунадаг материалаар зөв л оёхгүй бол хэцүү. Гэхдээ биеийн тамирын хувцасны эсгүүр, оёдол хамгийн амарханд тооцогддог.

Материалын олдоц ямар байна. Дотоод­доо сунадаг материал үйлдвэрлэдэг бол заавал гаднаас импортлохгүй байж болох уу?

Гаднаас хувцас авч байхаар ядаж материалыг нь авч дотооддоо оёвол ажиллах хүч болон ашиг монголд үлдэнэ. Манай улсад даавууны үйлдвэр байхгүй. Тэгэхээр гаднаас авахаас өөр аргагүй. Гуанжугаас материалаа татдаг.

Миний олж дуулснаар та загвар зохион бүтээгч, оёдолчин мэргэжилтэй биш юм билээ. Чухам яагаад энэ салбар руу “урвах” болов?

Багаасаа бизнес хийсэн. Олон салбарт орж үзлээ.Болдог л юм байна. Хамгийн гол нь хийж байгаа ажлаа хобби болговол өөрт амар. Бас сонирхолтой, хурдан сурдаг юм байна. Дээр нь үр ашгаа өгнө. Гадаад, дотоод гэлтгүй ажилласан. Дотооддоо 10 гаруй компани байгуулсан. Залуу үеийг бэлтгэж байгаад компаниа 100 хувь өвлүүлдэг.Салбар, салбарт ороод ажиллах надад гоё санагддаг. Юу ч байгаагүй хоосон газар компани байгуулж эхний даваануудыг нь туулаад дараагийн үедээ ажлаа шилжүүлээд явах сайхан. Оёдлын үйлдвэр маань байгуулагдаад гурван жил болж байна. Хоёр хүн бэлтгэсэн.Тэдэнд шилжүүлэх бодолтой. Дараагийн үйлдвэр маань түүхий эдээ эх орноосоо авдаг гадны ямар ч улсад хийгээд оруулж ирэх боломжгүй ажил хийхээр төлөвлөсөн.

Олон компани байгуулсан гэлээ. Нууц биш бол ямар, ямар төрлийн үйл ажиллагаа явуулдаг компани байв?

Төмрийн үйлдвэр, өлөн гэдэсний цех, мужааны цех. Барилга, бетоны үйлдвэр, аялал жуулчлалын компани, мэдээлэл технологийн салбар, банк бус санхүүгийн байгууллага гээд ресторан, лонж, уушийн газар. Гадаад дотоодод ч худалдаа хийдэг компаниуд бий. Одоо ч хэвийн үйл ажиллагаа нь сайн явж байна. Цаашид авч явах хүнээ сайн бэлддэг. Гэвч саар зүйл бас байна аа, байна. Хоёр ч компани эрсдлээ нарийн тооцохгүй дэгэн, догон явж байна. Мөн салбарт нь хямрал нөлөөлж байна л даа бас .

Манай улсад жижиг дунд бизнес эрхлэхэд хүндрэлтэй зүйл их. Зээл олдохгүй, эдийн засгийн хувьд таагүй гэх мэтээр түмэн зовлон бий. Бизнес эрхлэгчид ч ингэж хэлдэг. Таны хувьд энэ бүхнийг юу гэж хардаг вэ?

За энэ ч юу л бол. Заримд нь тийм зовлон байдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ бараг 80 хувь нь гайгүй. Бусдаас буруугаа хайгаад сурсан ч юм уу хэн нэг нь төр засаг туслах ёстой гээд бодсон байдаг ч юм уу хэцүү байна гэж ярьдаг. Яг үнэндээ бид азтай хүмүүс. Эрх чөлөөт тусгаар тогтносон улсад амьдарч байна. Сайн, муу ч төр засагтай. Ийм том газар нутагтай, байгалийн асар их баялагтай бүгд бичиг үсэг тайлагдсан өндөр чадамжтай ард түмэнтэй. Бидний тоочоод байгаа шалтаг шалтгаан бүхэн аль ч улсад байдаг зүйл. Монголд харин ч таатай орчинтой гэж боддог. Юм хийдэггүй, хүсдэггүй, зорьдоггүй хүмүүс гаргасан алдаагаа бусдад дохдог шалтаг байх. Заавал жижиг дунд үйлдвэрлэл хийх гэж байгаа юм бол гурван оёдлын машин ав. Хоёр сая төгрөг л болно. Тэгээд хий. Дараа нь тав, зургаа гээд оёдлын машинаа нэмээд ав. Дараа нь түүн дээр үндэслээд зээлээ хөөцөлдвөл болдоггүй юм болов уу. Тэгэхгүй юу ч эхлүүлээгүй мэргэжлийн бус хүн хий хоосон тооцоо судалгаа цаасан дээр буулгаад төсөл бичээд 50 оёдлын машин, эсвэл үйлдвэр байгуулна гээд зээл хөөцөлддөг. Юунд нь итгэж зээл өгөх юм. Зээл авлаа гэж бодоход тэр хөнгөлттэй зээл нь шал өөр юманд мөнгө хүүлэгчид болж хувирч байна. Зээлээрээ сайн сайхан үйл ажиллагаа явуулж үйлдвэрээ томсгоод ажлын байр бий болгосон хүмүүс байна. Татвар өндөр намдаа ч биш байгаа юм. Татварын орчинд ганц л юм бий. Хилээр орж ирэхээс авахуулаад бүх шатанд танил тал гэлтгүй хойгуур, урдуур биш бүгдэд ижилхэн татвар ногдуулаасай. Хууль хяналт, бүх шатны төрийн бодлого ижилхэн шударга тусч байвал бүх зүйл эвэндээ орно. Дэндүү алаг цоогтой байна. Бид юунд итгэж, юуг эрхэмлэж явах билээ. Төрийн алдаатай бодлого байгаа бол бас өршөөхгүйгээр хамаг юмаа алдаж цааш нь явуулснаас өршөөснөөрөө эргээд улс оронд эдийн засагт эерэг байвал Өршөөлийн хууль байлгүй яахав. Маш болгоомжтой бодолтой хавтгайруулахгүй гаргахгүй бол ирээдүй болон өнөө үед ч өршөөдөг гэсэн буруу ойлголт суух вий. Энэ бол миний бодол. Бодлогоор хүн юм хийхэд боломжийг нь харамгүй бий болгоод хөрсийг нь бэлдээд өгвөл хийе гэсэн залуус их байна. Ямар нэг улс гараа хөдөлгөж байж л хөгжинө. Тэрнээс биш олон хоног амарч, яасан ч их баяр болдог юм. Долоо хоногийн хоёр өдөр амрах юм. Үнэн хэрэгтээ монголчууд 3-4 өдөр л ажиллаж байна. Хөгжихийн тулд гараа л хөдөлгөх хэрэгтэй.

Шинээр бизнес эрхлэх гэж байгаа болон залуу хойч үед хандаж юу хэлэх вэ?

Монголд юу ч хийсэн хөрс нь цагаан байна. Тэгэхээр бэрхшээл бүү хай. Зах зээлээ сайн судалж том юм хийх гэж битгий яар. Хэзээ, хаана, хэнд, юугаар гэдэг эхний дүрэм хүнд бүү найд. Чиний мөнгө түүнд эрсдэл биш. Хүн бүр тэрбумтан болох албагүй. Харин хүн бүр аз жаргалтай, гэр бүл болж амьдрах үүрэгтэй. Аз жаргал албан тушаал, эд хөрөнгө,мөнгөөр бүтдэггүй ирдэг ч үгүй. Харин хажууд чинь байнга байж байдаг. Чи л түүнийгээ ашигла их амархан. (БИ БАЯН БИШ БИД БАЯН ) үзэлтэй байж бие биедээ тусалж дэмжиж байгаарай. Үргэлж ашиг бүү бод. Хэн нэгнийг бүү хүлээ. Багаар ч гэсэн хурдан бизнесээ эхлүүлээрэй. Эхэндээ ашиггүй мэт харагдавч чи их юм сурч дадлага сууж туршлага хуримтлуулсан байдаг. Заавал цаасан дээр биш юмаа гэхэд дотроо зорилго тавиад шат шатаар ахих төлөвлөгөө бод. Хийж байгаа ажил бизнесээ өөрийн хобби болгож үнэн сэтгэлээсээ хандаад нэг зүйлийг барьсан дээр. Нэг амьдрахад нээх их мөнгөний хэрэггүй. Шуналаас ангид байж үр хүүхэддээ эд хөрөнгө үлдээх гэснээс ихэнхийг толгойд, мөн хүмүүжил, боловсролд нь зарцуулаарай. Тэд өөрсдөө эд хөрөнгө, байр сууриа босгож түүнээсээ кайф авч амьдраг. Харин эрүүл энх, спортлог, инээж баясч, өөдрөг байхийг үзүүлээд өг.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!