Л.Оюун-Эрдэнийн удирдсан анхны сонгууль МАН-аас Х.Баттулгыг салгах, эсэх шалтаг болно

Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль маргааш болно. 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө зарлагдан зохион байгуулж буй эл сонгуульд 14 хүн нэр дэвшиж байгаа. Сонгуулийн санал хураалт парламент дахь МАН, АН-ын суудлын квотоос илүүтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улстөрд туулах замын урт богинын хэмжээг тодорхойлно.

Түүний тоолол эхэлснээс хойших анхны сонгууль. Тиймээс МАН ялагдал хүлээвэл намын даргаараа үлдэх үү, хөөгдөх үү дээ тулж мэдэх юм. Ямартай ч түүнд хамаарах бүх асуудлын шалтаг болох нь тодорхой.

МАН-аас нэр дэвшиж байгаа Э.Батшугарын тухайд хоёр намын тохиролцооны бараа буюу ширхгийн тамхи төдийхөн нөхөр. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн байгуулсан хэлэлцээрийн үр дүнгийн төлөөс тул генсэкт эл залуугийн ялах эсэх түй ч хамаагүй хэрэг билээ.

Л.Оюун-Эрдэнийн зүгээс Э.Батшугарыг нэр дэвшүүлэх сонирхолгүй байсныг бүгд мэднэ. Тиймээс Э.Батшугарын сонгуульт ажилд Н.Энхбаярын багаас өөр хөдлөх нэгэн үгүй байгаа ч заавал ЯЛ гэсэн үр дүнг галч залуу өгчихөөд байгаа. Учир нь дээр дурьдсанчлан нэр дэвшигч хэн байхаас үл хамаарч Л.Оюун-Эрдэнийн улс төрийн цааших амьдрал цацрах уу, царцаагдах уу гэдэгтээ тулна.

Тэр их ууртай байгаа.

Засгийн газрыг огцруулахаар АН-тай сүлбэлдэн хүзүү сээрээр хэлхэлдэж байсан хэдэн нөхдөд бухимдахдаа “Сонгуулийн луйврыг чинь дэлгэнэ шүү” хэмээн Д.Амарбаясгалан руу хашгичиж уураа гаргасан гэдэг. Тэгэхээр Гүйцэтгэх засаглалын тэргүүн хар машиныг хакердаж, төрийн эрхийг луйвардан халааслаж болдгийг гэрчлэх хамгийн чухал гэрч болж мэдэх юм.

Н.Ган-Очир гэх залуу МАН хар машиныг хакердуулахын тулд 175 тэрбум төгрөг санал болгосон хэмээн мэдэгдсэн. Үүнийгээ баталж “Намайг 2020 оны УИХ-ын сонгуульд ажиллаж байх үед МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, МАН-ын гишүүн Сэмжидмаа, Гангамөрөн болон бусад хүмүүс оролцож, СЕХ-ны санал тоолох хар машиныг IT инженер н.Мөнхбат гэх хүнд 175 тэрбум төгрөгийн хахууль өгч УИХ болон орон нутгийн сонгуулийг луйвардах ажлыг зохион байгуулсан. Энэхүү үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Д.Пүрэвдаваа, Нүрзэд гэх хүмүүс оролцож, 2020 оны орон нутгийн сонгуулийн үеэр IT инженер н.Мөнхбаттай уулзаж байсан” хэмээн нэр устай, тодорхой мэдээллийг өгсөөр байтал нэг нам дангаар эрх барьж байгаагийн хүчийг харуулж, өнөөг хүртэл хэнийг ч хаана ч дуудан шалгаагүй байна. Азаар энэ хэргийн захиалагч болоод бусад холбогдох баримт МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн гарт бий бололтой. Тэр нь МАН-ын өмнөх удирдлагууд болоод нам доторх фракциудыг чөдөрлөх сүрхий хөзөр байж таарна.

Тэрбээр Н.Ган-Очирын яриад байсан хакердалтаа энэ хоёр тойргийн нөхөн сонгуульд ашигла гэсэн ч хар машины будилааныг нэг хоёрхон тойрогт бус нийтийн томоохон сонгуульд л хийх боломжтой гэх яриа генсэкийн өрөөнд өрнөсөн бололтой. Ийм хэд хэдэн асуудлаас шалтаглан Л.Оюун-Эрдэнийн царай сүүлийн хэдэн өдөрт хүрэнтэн лүглийж яваа юм байх.

Нөхөн сонгуульд ялагдал хүлээвэл түүнийг боргоон баарлах бүлэг фракциуд Сү.Батболд, Ч.Хүрэлбаатар тэргүүтнээс эхлэн мундахгүй. Тэдэнд нөхөн сонгуулийн ялагдал юу юунаас илүү чухал байгаа нь үнэн. Ялагдсан гэх мэдээгээр шалтаг хийн хэн хэндээ хохирол багатайхнаар Женкогийн гарт орсон намын тамгаа салгаж авах аятайхан боломж хойно.

МАН бүхэлдээ Ерөнхийлөгч асан Х.Баттулгын аманд багтаж, атганд шахагдаж явааг улстөрчид янз бүрээр тайлбарлаж байна.

Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхад тухайн үеийн Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл тагнаж чагнасан дуулиан дэгдсэн. Л.Оюун-Эрдэнэ “Тагнуулж чагнуулж байна гэдгээ жил орчмын өмнөөс мэдсэн. Гэхдээ улс төрийн нөхцөл байдал тохиромжгүй байсан учраас ил гаргаагүй. Харин одоо улс төрийн өнцгөөс харагдахгүй учраас бүх баримтаа нэгтгэж өргөдөл өглөө” гэж байсныг уншигчид санаж байгаа байх.

Түүнийхээр 1 жил, магадгүй түүнээс урт хугацаанд Л.Оюун-Эрдэнэ дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэсэн үг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хүн худлаа яриагүй нь тодорхой. Тэгээд ч Д.Гэрэл тэргүүтэй 8 хүн гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь үнэн болж, хуулийн байгууллага хэргийг шалгаж байв.

ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл бол “женко”-гийн хүн. Тухайн үед УИХ-ын дарга Г.Занданшатарыг Д.Гэрэлийн цаадах хүнээр нэрлэж байсан нь хол зөрсөн мэдээлэл биш байв. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргыг тагнаж, чагнах амар биш. Түүнээс өндөр албан тушаалтай хүний эрх мэдлээр явагдах ажил гэдгийг хуульчид хэлж байв. Энэ талаар Баабар “Д.Гэрэл нь Зандкаагийн хувийн мөрдөгч, гүйцэтгэгч. Хүкийг Еөкөд дэвшүүлээд Зандкааг Ерөнхий сайд болох хувилбар яригдаж. Үүнийг сонсоод Оюук уурлаж. Тэгэнгүүт Гэрэл тагнах чагнах асуудалд орж. Ийм л хөгийн юм болж дээ” хэмээн жиргэж байсныг наргиа гэж үзвэл хэтэрхий гэнэн ойлголт болох юм.

Х.Баттулга, Г.Занданшатар нар хонгор нутгийнхан хэмээн ойр дотно нөхөрлөдөг. Энэ нутгийнхан эрх ашгийнхаа төлөө үнэт зүйлээ өчүүхэн ч хайрлалгүй гээж чаддаг гэдгийг М.Энхболдын Хэвлэлийн албаны даргаар ажиллаж байсан нөхрийн үйлдэл хангалттай харуулсан. Тэрбээр М.Энхболдоо чонотой нөхөрлөсөн нохдод хаяж өгчихөөд Г.Занданшатар руу ирж байв. ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл ч ажил мэргэжлийн үнэт зүйлээ шаварт хутгаж шидчихээд Х.Баттулга, Г.Занданшатар хоёрт зүтгэсэн гэдэг. Ядахад нутаг нугаас гадна ураг садны хэлхээстэй гэгддэг билээ.

Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа У.Хүрэлсүх Д.Гэрэлийг алтны уурхайтай, уурхай нь байгаль орчин сүйтгэдэг, нөхөн сэргээлт хийдэггүй хэмээн булхайг нь дэлгэн донгодоод ажлаа өгөхийг шаардаж байв. Тэр үед У.Хүрэлсүхийн амыг ар дээр гартал алгадаад, албанд нь авч үлдсэн хүн Х.Баттулга байсан.

Сүүлд Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын харилцаа муудсаны дараахан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Д.Гэрэлтэй холбоотой нууц бичлэгийг дэлгэнэ” хэмээн мэдэгдсэн нь гэнэтийн зүйл биш. Энэ бүх бужигнааны хойно херо Б.Баатар, Л.Оюун-Эрдэнэ нар Х.Баттулгын харцаар хөдөлж, Л.Оюун-Эрдэнэ нь намын олон мянган гишүүдийнхээ өмнө ичгүүр сонжуураа гээн байж “женко”-г зөвлөхөөрөө авсныг мөнөөх гүйцэтгэх ажиллагааны үр дүн гэж улстөрчид дүгнэж байна.

Тэрбайтугай Д.Гэрэл гүйцэтгэх ажиллагаа явуулж байхдаа Л.Оюун-Эрдэнээс гадна МАН доторх олон баримтыг гартаа оруулсан гэх бөгөөд түүний ачаар өдгөө намын даргынх нь өрөөнд таахалзан, тамгыг нь тэвэрчихсэн суугаа Х.Баттулгын өөдөөс гар далайн шүлсээ үсчүүлэх зоригтон эрх баригчдын дотоодод үгүй болсон гэж байгаа.

Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хүртэл Тусгаар тогтнолын ордноор ирэхээ байж, ихэнх цагаа зуслангийн байшиндаа өнгөрүүлэх болсон нь тохиолдлын хэрэг биш байх. УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан тэнгэрт тултал магтагдаж байсан Д.Амарбаясгалан гэнэт ЖДҮ-чин, тендэрчнээр дуудуулан хэвлэлээр гөвүүлж, болсон болоогүй баахан пиарчдыг намын байраар дүүргэсэн нь мөн л Женкогийн өрөг гэгдэж байна.

Түүгээр үл барам зуд болоход нохой зоолж зовлон учрахад лам баяжидгийн үлгэрээр цар тахлын хүнд бэрх өдрүүдээр түм буман аж ахуйн нэгжүүдийн дампуурлыг сөрөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, С.Бямбацогт нарын бизнес өргөжин халаас нь түнтийж байгааг ч Х.Баттулгатай холбон тайлбарлаж байгаа.  

Хоёр жилийн дараалсан хөл хорио, хил гаалийн хорио цээрээс улбаалан барилгын компаниудын үйл ажиллагаа тасалдаж, бараа, материалын үнийн хөөрөгдлөөс үүдэлтэй олон газар дампуурлаа зарласан. Харин энэ шуурганд өртөлгүй гялтайтал босч буй нь “Нью прогресс” групп.

Тэд Нүхт, Арцатын задгайд 19 га эдэлбэр газарт “Хан төгөл” хаус хорооллыг сүндэрлүүлж байна. Тансаг зэрэглэлийн энэ хорооллын хамгийн хямд гэх хаусын үнэ 1.6 тэрбум төгрөг. Энэхүү хотхонд хууль, шүүхийн байгууллагын хэд хэдэн албан тушаалтан нүүж орсон байгааг судалж, сурвалжлахад гэмгүй л мэдээлэл.

Ирэх оны төсвийн ихэнх нь дэд бүтцийн салбарт зарцуулагдахыг Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн. Энэ нь С.Бямбацогт, Ж.Мөнхбат нарын Л.Оюун-Эрдэнийн суганд хавчуулагдан долигонож гүйсний нь шан харамж гэх бөгөөд үнэхээр ч Засгийн газраас зөвхөн эрчим хүчний салбарт 733.7 тэрбум төгрөг төсөвлөж байсан удаагүй.

Хонь, чоно мэт явсан У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсны дараа Ж.Мөнхбат “Эвий, Ерөнхий сайд минь эх оронч сэтгэлгээгээр эрчим хүчээ гамнана гээд арын өрөөндөө жиндэх маягтай сууж байна” хэмээн улалзтал долоосныг бид мэднэ. Өдгөө тэрбээр Л.Оюун-Эрдэнийг тойрч тойглон, С.Бямбацогтын “Хан төгөл” хаус хорооллын ашиг орлогоос хамтран идэж, ханатал зүлгэж яваа юм байх…

Тэр утгаараа нөхөн сонгуулийг амжилттай болгох нь МАН-д зөвхөн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Мөнхбат, С.Бямбацогт гурвын л хүсэл төдийхөн байна.

Орчуулах »