Нэг долларыг ч үлдээлгүй халаасалдаг С.Сүхболд ГХЯ-нд газрын захирал болох гавьяатай юу

Эх орноо төлөөлөн гадаадын улсуудад суугаа манай Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд “Гадаадад зорчиж буй манай иргэд тухайн улсынхаа хууль дүрмийг биелүүлдэггүйгээс элдэв асуудалд холбогдож, эх орон, нутаг нэгтнүүдийнхээ нэр хүндийг унагаж, бидний чихийг байнга халууцуулдаг” хэмээн ярьдаг. Ийм асуудал байдаг л байх.

Ялангуяа монголчууд олноороо ажиллаж амьдардаг Солонгос, Хятад, Европын орнуудад суугаа манай дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд энэ тал дээр ихээхэн ачаалалтай ажилладаг юм билээ. Тэгвэл иргэдээсээ хууль ёс шаарддаг Элчин сайд, дипломат ажилтнууд маань өөрсдөө амны болон хар тамхи, мансууруулах бодисын наймаанаас эхлээд хууль бус олон хэрэгт нэр холбогдож ирсэн байх юм. Тэр ч бүү хэл улсад, ГХЯ-нд, тухайн Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын санхүүд орж байх ёстой мөнгийг хувьдаа завших нь жаахан дэгс хэлбэл ердийн зүйл болжээ. Хөрөнгө мөнгөнд гараа дүрсэн тэдгээр Элчин сайд нарыг ажил, албанаас чөлөөлж, хариуцлага тооцохын оронд удирдлагууд нь иргэд, төдийгүй яамныхаа ажилтнуудаас ч хэрэг төвгийг нь хаацайлаад өнгөрсөн байх юм.

Тиймээс бид ГХЯ идээ бээртээ бариулаад байгааг өмнөх нийтлэлдээ хөндсөн билээ. Тус яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирлаар С.Батболд хэмээх залууг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр томилсон байдаг. Намтараас нь харвал ОХУ-ын Москва хотод Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн, мэргэжлийн дипломатч аж. Гадаадын хэд хэдэн оронд дипломат алба хашиж байсан, багагүй туршлагатай нэгэн юм байна. Тэрбээр 2015-2020 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллажээ. Дипломат албанд 20 гаруй жил, гадаадад олон удаа томилогдон ажилласан тэрбээр шуналаа барьж дийлдэггүй нэгэн гэдэг нь доорх баримтаас харагдана.

Хотын мээр Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байхдаа АНУ-д айлчилж, хөрөнгө оруулагчдад зориулан томоохон хүлээн авалт хийсэн байдаг. Эл хүлэн авалтын зардал 50 гаруй мянган ам.доллар болж, яамныхаа төсвөөс гаргажээ. Гэтэл хүлээн авалтын зардлыг НҮБ-д сууж асан Элчин сайд С.Сүхболд байгууллагаасаа төлсөн мэтээр баримт бүрдүүлэн ГХЯ-наас нэхэмжилсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Түүгээр зогсохгүй дипломат төлөөлөгчийн газрынхаа санхүүд орох учиртай багагүй хэмжээний валютыг тэрбээр эрх мэдлээ ашиглан халаасалсан байх юм. НҮБ-ын дэргэд суугаа манай Байнгын төлөөлөгчийн газар зочид буулгах хэдэн өрөөтэй юм байна. Уг нь энэ өрөөнд курьер буюу дипломат шуудан зөөгчид ирж очихдоо амардаг байж. Тэдний ажил багассан тул тэдгээр өрөөг зочид буудлын журмаар ашиглаж, нааш, цааш яваа монголчууд, албаны хүмүүсийг буулган төлбөр авч, олсон орлогоо төлөөлөгчийн газрынхаа үйл ажиллагаанд нэмэр болгож иржээ. Буудлын нэг өрөө нь хоногийн 50 ам.долларын төлбөртэй гэхээр боломжийн орлого олж, төлөөлөгчийн газрынхаа ядмагхан төсөвт нэмэр болдог байсан юм билээ. Гэтэл тэр мөнгийг нь Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд буудлын эрхлэгч, кассын няраваасаа бэлнээр авч иржээ.

Буудлын үйлчилгээнээс олсон орлогыг юунд, ямар зүйлд зарцуулсан нь тодорхойгүйг хууль хяналтын байгууллагаас хийсэн нэг бус шалгалтаар тогтоосон байна. Бидэнд олдсон баримтаар 2016-2018 онд курьерын өрөөнд зочид буулгаж, олсон орлогоос 9500 шахам ам.доллар дутжээ. Тус төлөөлөгчийн газрын нэг ажилтан хууль хяналтын байгууллагынханд мэдүүлэхдээ дээрх мөнгийг Элчин сайд С.Сүхболд бэлнээр авсан талаар дурдсан байна. Тэрбээр мэдүүлэхдээ “Миний өмнө ажиллаж байсан нягтлангийн үед Байнгын төлөөлөгчийн газарт фонд буюу хуримтлалын сан гэж байсан. Фондын бүхий л орлого, зарлагыг нягтлан бодогч хариуцдаг.

Гэтэл 2017 оны наймдугаар сарын сүүлчээс эхлэн буудлын орлогыг байнгын төлөөлөгч, Элчин сайд өөртөө авдаг болсон. Хэнийг төлбөртэй, хэнийг үнэгүй буулгахыг ч Элчин сайд мэдэж, бидэнд хэлдэг байсан. Буудлын орлогыг юунд зарцуулдаг байсныг нь мэдэхгүй. Надад мэдэх үүрэг, шаардлага ч байхгүй” гэжээ. Дээрх Байнгын төлөөлөгчийн газарт хууль хяналтын байгууллагын хийсэн шалгалтын баримтаас үзвэл тус газрын курьерийн өрөө буюу буудалд 2018 оны нэгдүгээр сарын 12-ноос гуравдугаар сарын 12-ны хооронд нэр бүхий таван иргэн 2-22 хоног буусан байх юм. Эдний төлбөр болох 1520 ам.долларыг Элчин сайд бэлнээр авчээ. Тэгсэн хэрнээ тэр мөнгийг хэрхэн зарцуулсан талаарх баримт үгүй байж. Байнгын төлөөлөгчийн газраасаа хумсалсан Элчин сайд С.Сүхболдын хулгай буудлын өрөөний төлбөрөөр тогтохгүй. Автомашины түрээс, тийзийн төлбөр, архи, дарс худалдан авсан гээд 30 шахам мянган ам.долларын зөрчил гаргажээ.

Мөн төлөөлөгчийн газартаа шинээр томилогдон ирсэн ажилтнуудын амьдрах байрыг засна хэмээн бэлэн мөнгө авсан ч түүнийгээ зориулалтаар нь зарцуулаагүй байна. Түүнчлэн дипломат ажилтнуудын хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулсны төлбөр хэмээн сар бүр 2400 ам.долларыг арван сарын турш ГХЯ-наас авч байсан гэх мэдээлэл ч бий. Энэ мэтээр ГХЯ, төлөөлөгчийн газартаа орж байх учиртай олон мянган ам. долларыг Элчин сайд С.Сүхболд ямар ч хяналтгүйгээр бэлнээр авч, зарцуулж байжээ. Хамгийн хачирхалтай нь, түүний хууль бус үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаас тогтоосоор байтал шалгалтын мөрөөр С.Сүхболдод ямар нэг арга хэмжээ авсангүй. Харин ч эсрэгээрээ Нью-Йоркоос ирснийх нь дараа түүнийг ГХЯ-ны гол нэгжийн нэг Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирлаар томилон ажиллуулж байгааг юу гэх вэ. Улсад, ГХЯ-ндаа, Байнгын төлөөлөгчийн газартаа орох ёстой мөнгөнөөс нэг доллар ч үлдээлгүй халаасалчихдаг С.Сүхболдын байх газар уг нь тодорхой мэт санагдана. Гэтэл ямар гавьяа байгуулсан гэж түүнийг ГХЯ-ны газрын захирлаар томилов, Б. Батцэцэг сайд аа.

Элчин сайд асан С.Сүхболдын асуудал ГХЯ-ны дипломат ажилтнуудын хууль бус үйлдлийн дөнгөж зах нь. Болохгүй байгаа, хууль зөрчсөн үйлдлүүдийг шударга ажилтнууд нь хэлдэг, шүүмжилдэг, хууль хяналтын байгууллагаас илрүүлдэг ч тус яамын Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр элдэв хэл ам хийгээд байгаа нөхдүүдэд бэлэг сэлт өгөх, албан тушаал дэвшүүлэх зэргээр тэдний амыг барьж дөнгөдөг гэж яамных нь ажилтнууд ярьж байна.

ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛЗҮЙН “НАЖ МОГОЙ” ҮНДЭСНИЙ ХОЛБОО

Орчуулах »