Эмийн монополь “Энто”-гийнхан Кагоцел нэрт хямд эм нийлүүлэхээр хөөцөлдөж явна

0
126

Сүүлийн үед ОХУ-аас орж ирдэг “Виферон” лааг хүүхдэд вирусын халдварын үед хэрэглэхэд эмчилгээний үр дүнгүй гэдгийг хэлсэн ЭМЯ-ны мэргэжилтнүүд болон эмч нарын мэдээллийн араас тухайн лааг оруулж ирдэг ганц монопол болсон компани “Энто”-гийнхон бөөн хэрүүл зарга үүсгэж, асуудал дэгдээж байна.

Борлуулдаг бүтээгдэхүүний нь ашиг орлогод сөргөөр нөлөөлнө гэж үзсэн дэндүү амин хувийн ашиг хонжоо харсан тэд яаран сандран хэрүүл тэмцэл хийхийн оронд бяцхан иргэддээ нийлүүлдэг энэхүү лааны үйлчлэл үнэхээр юу билээ хэмээн сэтгэл зовниж яагаад болдоггүй юм. Энто компанийн оруулж ирдэг энэхүү биферон нь эм, шулуун гэдсээр хийдэг лаа, тариа хэлбэрээр манай улсын эмийн бүртгэлд 2010 оны наймдугаар сарын 25-нд бүртгэгдэж, орж ирсэн байдаг. Эмийн бүртгэл нь 2015 оны наймдугаар сарын 25-нд сунгагдсан бөгөөд 2016 оны гуравдугаар сарын 25-наас эхлэн Хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтад багтаж 80 хүртэлх хувийг хөнгөлөлттэй болжээ. 2016 онд тус эмийн хөнгөлөлтөд зориулж Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.9 тэрбум төгрөг зарцуулсан байгаа юм. Харин 2018 оны долдугаар сарын 18-наас эхэлж тус эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас хасах шийдвэр гарах хүртэл Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.9 тэрбум төгрөг зарцуулагдаж, нийт 91 мянган хүн хэрэглэсэн гэсэн тооцоо гарч. Уг нь Улсын эмнэлгийн эмийн хангамж хүртээмжийг нэмэх судалгааны үеэр Азийн хөгжлийн банкны багаас хийсэн судалгаагаар Вифероныг Томуу, томуу төст өвчний үед хэрэглэх нь үр дүнгүй хэмээн ЭМЯ-нд өнгөрсөн гуравдугаар сард ирүүлсэн тайландаа зөвлөсөн байдаг. Үүнээс улбаалан эмч, мэргэжилтнүүд судалгаа хийн, ДЭМБ-аас томуу, томуу төст өвчний үед тус бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөөгүй болохыг судалж мэджээ. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Эрүүл мэндийн сангийн 3.9 тэрбум төгрөгийг ч үр ашиггүй зарцуулсан гэдгийг ЭМЯ-ны холбогдох албан тушаалтнууд хүлээн зөвшөөрч байна. Сүүлийн жилүүдэд манай улсын эмийн хэрэглээ маш их нэмэгдсэн. 2017 оны байдлаар эмийн зах зээлд 441 тэрбум төгрөгийн эргэлт хийгдсэн бол энэ нь 2016 оныхоос даруй 200 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. Тэрбайтугай 3-хан сая хүнд 384 эм ханган нийлүүлэх байгууллага эмийн хэрэгцээг хангаж байгаа нь арай хэтийдсэн үзүүлэлт юм. Дээрх “Энто” компанийг гэхэд л эмч нар нийлж байгуулсан гэдэг. Анх хугацаа нь дуусах дөхсөн асар их хэмжээний тарилгын шингэнг ОХУ-аас оруулж ирэн хөл дээрээ боссон гэдгийг эх сурвалж хэлж байна. Түүнээс нь улбаалан Эмийн холбооны гишүүд хөөцөлдөж гүйж яваад эм, бэлдмэлийн хүчинтэй хугацааг урт байлгах заалтыг хуулинд оруулсан байдаг. Мөнгө цагаан, нүд улаан гэгчээр “Энто” компанийнхан нийт массаараа хэрэглэх хямд эм бэлдмэлийг олж, оруулж ирэн гаршсан бололтой. Биферон лааг монополдсон шигээ “Кагоцел” гэдэг бас нэг төрлийн дархлаа дэмждэг гэх эмийг оруулж ирэхээр хөөцөлдөж, өрхийн эмч, анагаахын багш нарын тархийг угааж, төрийн албаныханд тал засч яваа гэнэ. Вирусын эсрэг гэгдсэн эл “Кагоцел” нь мөн ядууст зориулсан, эмчилгээний үр дүн нь нотлогдоогүй эм аж. Энэ мэтчилэн тангараг өргөсөн эмч мэргэжлийнхээ нэр хүндийг шавар шалбаагтай хутгаж, хүн ардаа биш зөвхөн бизнесийн ашигаа бодон улайрч буй “Энто” компанид төр төмөр нүүрээ харуулах цаг болжээ. Нөгөөтэйгүүр 3 сая хүнд ахадсан 384 эм ханган нийлүүлэх компаниудыг шалгаж, цэгцлэх шаардлагатай бололтой.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!