“ХҮҮХЭД СУДЛАЛ-ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗАРЛАГДЛАА

0
56

Манай Улсын нийт хүүхдийн 64.9% нь 4-18 насныхан бөгөөд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ, ерөнхий боловсролын үйлчилгээ, хүүхэд харах үйлчилгээ,  хүүхдийн хөгжлийн ордон, төв, зуслангийн үйл ажиллагаанд хамрагдаж, хөгжлийн болон боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Хүүхэд хөгжих эрхээ амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах зэрэг хэлбэрээр эдэлнэ.” гэж заасан хэдий ч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зуслан, ордон, хөгжлийн төвүүд үндэсний хэмжээнд хүрэлцээ бага, хөгжлийн үйлчилгээний нэр төрөл цөөн, арга зүй чадавхи хангалтгүй байна.

Хүний, тэр дундаа хүүхдийг хөгжүүлэх арга зүй шинжлэх ухааны үндэс, онолд суурилах ёстой. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн зорилттой уялдуулан хүүхдийн олон талт чадварыг нээн хөгжүүлэхэд чиглэсэн хөгжлийн хөтөлбөр боловсруулж, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрлийг тодорхойлох, хөгжлийн үйлчилгээнд хамрагдах нэг хүүхдэд оногдох хувьсах зардлын дундаж нормативыг бүс нутгийн түвшнээр, үйлчилгээний төрлөөр ялгаатай гаргаж хэрэгжүүлэх нэн шаардлагатай байна.

Нэг.Зорилго.

Хүүхдийн хөгжил ба хүүхдийн хүмүүжил төлөвшил, хөгжлийг дэмжих шинэ санал санаачилгыг дэвшүүлж,  шийдвэрлэх арга зам, боломжийг тодорхойлоход оршино.

Хоёр.Шинэлэг тал:

Хүүхдийн хөгжлийн шинжлэх ухааны үндэслэл, олон улсын нийтлэг жишиг, үндэсний өв уламжлал, онцлогийг хослуулж, бодит хэрэгцээ, туршлага, судалгаанд суурилсан хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл,  арга зүй, хэрэгжүүлэх боломж, жишиг зардлын тооцооллыг гарц,  шийдлийн хамт боловсруулах хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.

 Гурав.Хамрах хүрээ:

 Хүн амын бүлгүүд,  хүүхдийн  хөгжлийн чиглэлээр судалгаа , шинжилгээний ажил хийдэг их дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачид болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд оролцоно.

 Дөрөв. Зохион байгуулагч:

-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Тав. Сэдвийн хамрах хүрээ:

Эрдэм шинжилгээний бага хурлаар дараах сэдвийн хүрээнд судлагдсан илтгэлүүдийг хэлэлцэнэ. Үүнд:

  • Хүүхдийн хөгжил, төлөвшлийн орчны чанар, хүртээмж, бүтээлч нөхөрлөл, цагаа зөв зөв боловсон өнгөрүүлэх боломж зэрэг асуудлын холбоо хамаарал, шийдвэрлэх арга зам, гарц, шийдэл,
  • Хүүхдийн хөгжлийн онцлог ба орчин үеийн хүүхэд хөгжүүлэх арга зүй, оношилгоо хэмжүүр,
  • Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшилд хамт олон, гэр бүлийн гүйцэтгэх үүрэг,
  • Хүүхдийн оролцоог дэмжих хөтөлбөр, үйлчилгээ,
  • Хүүхдийн авъяасыг дэмжих хөтөлбөр, үйлчилгээ,
  • Хүүхдийн хүмүүжил, төлөвшил олгох хөтөлбөр, үйлчилгээ,
  • Бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох хөтөлбөр, үйлчилгээ,
  • Зан үйлийг засах, хувь хүний зан төлөв, харилцааны ур чадвар олгох хөтөлбөр, үйлчилгээ,
  • Хорт зуршлаас сэргийлэх соён гэгээрүүлэх хөтөлбөр, үйлчилгээ,
  • Хүүхдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн нийгмийн сайн дурын хөтөлбөр, үйлчилгээ,
  • Амьдрах ухааны боловсрол олгох хөтөлбөр, үйлчилгээ,
  • Хөдөлмөр зуслангийн үйл ажиллагаагаар дамжуулан амьдралд бэлтгэх,
  • Асрамж, халамжийн төвийн хүүхдүүдийг бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр, үйлчилгээ

 Зургаа. Эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах шаардлага:

Эрдэм шинжилгээний бага хурлын зорилготой уялдсан байх, шинжлэх ухааны онол арга зүй, бодит баримт, судалгаанд үндэслэсэн байх, бодит байдалд хэрэгжиж болохуйц, шинэлэг санаа дэвшүүлсэн, Монголын нөхцөлд хэрэгжих боломжтой, гарц шийдлийг тодорхойлсон байх.

 Илтгэлийн бичвэрт тавигдах шаардлага:

 Үсгийн фонд Arial, хэмжээ 11, 12, мөр хоорондын зай 1.5, A4 бичгийн цаас, 10-12 хуудас байна. Илтгэлийн бүтэц оршил, онолын хэсэг, судалгааны үр дүнгийн хэсэг, дүгнэлт, санал, зөвлөмж, ном зүй хэсгүүдээс бүрдэнэ. Илтгэл нь ишлэл зүүлт бичих шаардлагыг хангасан байна. Хамтарсан болон ганцаарчилсан илтгэл байж болно. Илтгэлийн хураангуйг боловсруулсан байна.

Долоо. Шалгаруулах болзол:

Илтгэлийг 3 үе шатттай шалгаруулна. Үүнд:

  1. Нэгдүгээр үе шат: Эрдэм шинжилгээний бага хурлын удирдамжийг 2018 оны 10-р сарын 10-ны өдрөөс 10-р сарын 17-ны өдөр хүртэл холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэвлэл мэдээллээр сурталчилан, байгууллагын цахим хуудсанд байршуулна.
  2. Илтгэлийг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14:00 цагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 307  тоотод цаасан хэлбэрээр 3 хувийг болонjd@gmail.comхаягаар цахимаар ирүүлнэ.
  3. Хоёрдугаар үе шат : Шалгаруулах комисс буюу ажлын хэсгийхэн 9 илтгэлийг сонгон шалгаруулж эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх эрхийг олгоно.
  4. Шаардлага хангасан эрдэм шинжилгээний илтгэлийг 2018 оны 11-р сарын 25-ны өдрийн дотор эмхэтгэл болгон хэвлүүлж эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод тараана.
  5. Гуравдугаар шат: 2-р шатанд шалгарсан илтгэгчид өөрийн бүтээлийг /power point, prezi болон бусад/ хэлбэрээр 5-8 минутанд багтаан танилцуулахаар бэлтгэж, 2018 оны 11 сарын 28-ний өдөр зохион байгуулах Эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлнэ. (Рower point-оор бэлдсэн илтгэлийг урьдчиланjd@gmail.comхаягаар 2018 оны 11 сарын 26-ний өдөр цахимаар ирүүлсэн байна.)

Илтгэлийг дараах байруудад шалгаруулна. Үүнд:

  1.        Тэргүүн  байр – 1          /Өргөмжлөл, 2,000,000 төгрөг;/
  2.        Дэд байр – 1                 /Өргөмжлөл, 1,500,000 төгрөг;/

3.       Гуравдугаар байр  – 1  /Өргөмжлөл, 1,000,000 төгрөг;/

 

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг  хэрэгжүүлэх зорилтыг хангах үйл ажиллагааг тодорхойлоход эрдэмтэн судлаачдын дэвшүүлсэн санал, санаачилга, эрдэм шинжилгээний шилдэг бүтээлүүдийг  мэдээлэл болгон ашиглаж, эрдэмтэн судлаачидтай хамтын ажиллагаа тогтооно.

Шилдэг илтгэлийг 2019 онд төсөл хэлбэрээр туршин хэрэгжүүлж, олон нийтийн хүртээл болгоно.  Шалгаруулалтыг  нийгмийн ажил, социологийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй шүүгчид шүүн явуулна.

Хуралд ирүүлсэн илтгэлийг оролцогчдод буцаан олгохгүйг анхаарна уу.

Холбогдох утас: (51) 262914,  91913948 (мэргэжилтэн П.Амар)

 

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!