“ХАВДАР СУДЛАЛЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ-2018” чуулга уулзалт боллоо

0
48

ХСҮТ-ийн 2006 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй “Хавдар судлалын тулгамдсан асуудал” чуулга уулзалт 13 дах удаагаа “Хөх, умайн хүзүүний хорт  хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх замаар хавдрыг хяналтад авна” уриан дор 2018 оны 11 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн “Хавдар судлалын тулгамдсан асуудал-2018” чуулга уулзалт нь үндсэн хуралдаанаас гадна “Хими эмчилгээний орчин үеийн чиг хандлага”, “Хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгийг сайжруулах арга зам” гэсэн 2 салбар хуралдаантай явагдснаараа онцлог байлаа.
3 өдрийн чуулга уулзалтад ЭМЯ, ДЭМБ, НҮБ-ын Глобал Хамтын Хөтөлбөр, олон улсын хавдрын судалгааны агентлаг, БНХАУ-ын Манжуур хотын Ардын эмнэлэгийн удирдлага, Тайланд улсын эмч, мэргэжилтнүүд, ХСҮТ, ХӨСҮТ, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо эмчилгээний төв, хувийн хэвшлийнэрүүл мэндийн байгууллага, ТББ-ын төлөөлөл зэрэг байгууллагуудын 200 гаруй төлөөлөгчид оролцсон байна.

Энэ жилийн эрдэм шинжилгээний хуралд эрдэм шинжилгээ судалгааны бүтээл, эмнэлзүйн ховор тохиолдлын таницлуулга, шинэ технологийн танилцуулга, хэвлэлийн тойм зэрэг төрлөөр 50 орчим материал ирсэн. Хурлын үеэр 10 орчим илтгэлийг амаар хэлэлцүүлж, 20 орчим ханын илтгэл тавигдсан. Шилдэг бүтээлийг шалгаруулж, аман илтгэлийн төрөлд эмнэл зүйн судалгааны шилдэг илтгэлээр Б.Батцэнгэл нарын “Толгой хүзүүний байрлалтай хорт хавдрын мэс засал эмчилгээний дараах согогыг бичил судас залган чөлөөт далбангаар нөхөн сэргээх мэс заслын үр дүн”, суурь судалгааны аргыг эмнэл зүйн практикт ашигласан шилдэг илтгэлээр Б.Анархүү нарын  “Ходоодны хорт хавдрын оношилгооны өнөөгийн байдал болон бай эмчилгээний хэрэгцээ”, онолын судалгааны шилдэг илтгэлээр А.Баярбаатарын “Хавдар үүсгэгч генийн сүлжээний гол тоглогчийг илрүүлэх математик загварчлалын арга” харин ханын шилдэг илтгэлээр Т.Лхагва-Очирын “ХБЗ-ын хорт хавдрын үеийн генийн экспрессээс хамаарч хувь хүнд тохирсон хими эмчилгээг хэрэглэсэн тохиолдлууд”, Э.Сайханцэцэгийн “Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын хожуу үед бай  эмчилгээ хэрэглэсэн үр дүн” илтгэлүүд тус тус шалгарлаа.

Чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан сургалт, хэлэлцүүлэгийн үр дүнд хавдраас сэргийлэх хянах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр нилээд олон үр дүнтэй шийдэлд хүрч чадлаа.  Тухайлбал умайн хүзүүний хорт хавдрын шинэ тохиолдлыг 2030 онд гэхэд 100000 эмэгтэйд 4 хүртэл бууруулах үүний тулд олон салбарыг хамарсан цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хавдрын тусламж үйлчилгээний ялангуяа хими эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, мөн эрдэм шинжилгээний ажлын үр дүнг практикт нэвтрүүлэх гэх мэт.
Ирэх жилийн “Хавдар судлалын тулгамдсан асуудал-2019” чуулга уулзалт “Архаг өвдөлтийн менежмент: Хавдрын хөнгөвчлөх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулъя” уриан дор зохион байгуулагдахаар зарлагдлаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!