Төв талбайн шинэ жилийн шоуны найруулагчийг сонгон шалгаруулна

0
59

Нийслэлийн Соёл, урлагийн газраас “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах хөтөлбөр, найруулгын төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа.

Сонгон шалгаруулалтын зорилго нь нийслэлийн иргэдэд зориулсан төв талбайн “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын шоу тоглолтыг ёслол, төгөлдөр, мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахад оршиж байна.

Тус сонгон шалгаруулалтад Монгол Улсын иргэн, мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, хамтарсан мэргэжлийн багууд төсөл боловсруулан оролцох боломжтой бөгөөд оролцох хүсэлтэй хэн боловч төслөө битүүмжлэн ирэх сарын 03-ны дотор Нийслэлийн Соёл, урлагийн газарт ирүүлнэ.

Төсөлд тавигдах ерөнхий шаардлага:

-Нийтийг хамарсан томоохон урлагийн тоглолт, шоу цэнгүүн зохион байгуулж байсан туршлагатай, мэргэжлийн хамт олон болон чөлөөт уран бүтээлчид байх;
-Найруулагчийн зохиол нь орчин үеийн хэв шинжтэй шинэлэг байхын зэрэгцээ үндэсний өв соёл, түүхэн уламжлал, монгол бахархлыг хослуулсан агуулгатай байх;
-Тайзны засал чимэглэл, хөгжмийн дуугаралт, гэрэл болон дүрсний эффект зэрэг нь олон улсын шоу тоглолтын жишигт нийцсэн байх;
-Тайз, талбайн зохион байгуулалтыг иргэд, жуулчид, сэтгүүлчдийн болон хүндэт зочдын аюулгүй байдал, тав тухыг хангасан байхаар төлөвлөх;
-Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа 120-150 минут байхаар төлөвлөсөн байх;
-Зохион байгуулалтын төсвийг үнэн зөв бодитоор буюу дунджаар 3 байгууллагын харьцуулсан үнийн судалгааг үндэслэн тооцоолж гаргасан байх;
– Өмнөх жилүүдийн шоу тоглолтуудын хөтөлбөр, найруулгатай давхцуулахгүй байх;

Төслийн шалгаруулалтын хувьд ажлын хэсгийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулалтад оролцогчдын ирүүлсэн төслийг ил тод, шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлан дээрх үндсэн шалгуур үзүүлэлтийн дагуу сонгон шалгаруулж, шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэгт танилцуулж батлуулах юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!