Гэр хорооллын айл, өрхийг цэвэр, бохир усны шугамд холбох ажлыг хийж байна

0
77

Гэр хорооллын иргэдийн амьдрах ая тухтай орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор “Хашаандаа хаус” дэд хөтөлбөр Орхон аймагт хэрэгжиж байна.  Хөтөлбөрийн хүрээнд гэр хороололд инженерийн шугам сүлжээ татаж өрх айлыг төвийн дулаан болон цэвэр, бохир усны шугамд холбох ажлыг  эхэлсэн. Тухайлбал,  2017 онд  “МОН-2301” төслөөр барьсан цэвэр усны шугамын II эх үүсвэрийг барьж дуусган, 1600 метр шугам татсан байна.

Харин энэ онд  дулаан, цэвэр усны 972 метр шугам татаж, гэр хорооллын  Булаг, Даваат, Рашаант багт дулааны 79 метр, цэвэр усны 250 метр, бохир усны 200 метр шугам угсралтын ажлыг хийжээ. Гэхдээ иргэд дээрх шугамыг хашаандаа татаж оруулах зардлаа өөрсдөө гаргана.

Энэ нь дунджаар нэг айлаас гурваас дээш сая төгрөгийн зардал гарч байгаа тул “Азийн хөгжлийн банк”-аас олгож буй зээлд хамрагдах боломжтой юм. Нэг өрхөд 10 хүртэлх сая төгрөгийн зээл олгодог аж. Мөн тухайн айл өрх байшин, хаустаа бохир, цэвэр ус гаргах хоолой, халаалт, дулааны асуудлаа шийдсэн байх ёстой аж.

Гэвч гэр хорооллын иргэдийн дийлэнх нь байшин, гэртээ инженерийн шугам сүлжээнийхээ асуудлыг шийдвэрлээгүй тул төрөөс татаж байгаа шугамыг бүрэн ашиглаж чадахгүй байгаа. Иймд “Хашаандаа хаус” дэд хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын айл өрхөд инженерийн шугам сүлжээ, цэвэр, бохир усны хоолойгоо хэрхэн байгуулах, хашаандаа ая тухтай амьдрахын тулд инженерийн онцлог шийдлүүдийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгчээ.

Ирэх жил уг ажлыг улам эрчимжүүлж, төвийн дулаанд холбогдсон болон цэвэр, бохир усны асуудлаа шийдвэрлэсэн айл өрх төлбөр тооцоогоо хэрхэн хийх талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!