“Петролиум продакшн” нь Хотын даргынх бол тэр Трафигураг өмгөөлдөгт гайхах зүйлгүй

Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар саяхан бензины нийлүүлэлт тасрах үеэр шатахууны бизнесийн талаар ямар ч ойлголтгүй Монголын сэтгүүлчдийн маанаг, тэнэгийг гайхан байж, бидний хэлээр бол “хадаас” мэдээлэл бүхий “хичээл”-ийг өөрийн биеэр заав.

Даргын хичээлийн гол утга нь УУХҮ-ийн сайд байхдаа байгуулсан “Эрчис-Ойл” гэх цаасан дээрх компаниа дэлхийн худалдааны “мангас” гэгдсэн “Трафигура”-тай адилтган, Монголын хэмжээнд “Эрчис-Ойл” ТӨХК нь “Трафигура” компанийн адил үүрэг гүйцэтгэх ёстой, тийм ч байх болно гэдгийг мэдэгдэхэд оршив бололтой.

“Та нар “Трафигура”-г мэдэхгүй байна. Роснефть өөрөө шатахуунаа худалдаалдаггүй, “Трафигура”-гаар дамжуулж худалдаалдаг юм” гэдгийг тэрбээр онцлоод, Дэлхийн бүх орны Засгийн газар дэргэдээ “Эрчис-Ойл”–той адилхан компани байгуулсан байдаг. Тиймээс “Трафигура”-гаас ганцхан “Эрчис-Ойл” ТӨХК Монголын хэрэгцээт шатахууныг цаашид авч, үнийн бодлогын зохицуулалтыг хийх учиртай юм гэсэн мессэжийг хотын мээр өгөв.

Ойрын ирээдүйн бизнесийнхээ талаар эрхэм даргыг мундаг пиар хийсэн гэж бид хардлаа.

За, тэгээд Д.Сумьяабазар даргын эрхэмлээд, ишлээд, адилтгаад байгаа “Трафигура” компанийн талаарх олж мэдсэн мэдээллээ даяар олонтойгоо даруй хуваалцах нь зөв байх.

“Трафигура” компани хүнээр бол эрүүгийн рецидив этгээд

  • …Кот д Ивуар буюу Зааны ясан эрэг улсын Абиджан хотын иргэд 2006 оны наймдугаар сарын 20-ны өглөө сэрэхэд хотын агаар тэр аяараа эвгүй үнэртэй болсон байв. Гэрчүүдийн дүрсэлж байгаагаар их өтгөн, амьсгал боогдсон, муудсан өндөг, сармис, газ болон бензин холилдсон гэмээр сонин үнэр байсан байна. Үүнээс хойш мянга мянган хүний дотор муухайрч, толгой өвдөх, бөөлжих, гэдэс өвдөх, арьс, нүд хорсож загатнах зэрэг зовиур илэрч эхлэв. Нэг сарын дотор 100 мянга хол давсан хүн эмнэлэгт хүргэгдэн 20 гаруй хүн нас барсан байна. Эрх баригчид нас барсан хүний тоог нуусан гэдэг.

Шалтгааныг хайсны эцэст Абиджан хотын эргэн тойрны 18 цэгт шөнийн цагаар ил, далд асгасан хог хаягдлаас ялгарч буй үнэрт хүмүүс хордож байгааг олж мэдсэн байна. Уг хог хаягдлыг “Трафигура” гэх газрын тос борлуулдаг компани тус хотын эрх баригчидтай хуйвалдан ихээхэн хэмжээний мөнгөөр хахуульдаж хаясан болохыг Их Британийн шүүхийн оролцоотойгоор 3 жил мөрдөж байж олж тогтоожээ. Анхандаа “Трафигура” эл үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байсан ч, компанийн дотоод цахим шууданг шалгасны эцэст булзах аргагүй болж.

Тус компанийн захиалгаар “Проба Коала” гэх ачааны аварга хөлөг онгоцоор олон улсын “Базелийн Конвенц”-ийн дагуу хориглосон, онц аюултай хориотой хог хаягдлыг тээвэрлэн Абиджан хотод хүргэсэн нь тэр байв. “Трафигура”-гийн зүгээс хариуцлага хүлээхгүй гэж мэдэгдэн заргалдаж байсан ч, Голландын шүүхээс хууль бус хаягдлыг мэдсээр байж, тээвэрлэсэнг нь нотлон тус группийн дээд удирдлага болох Клауд Дауфин, Жан-Пьер Валентини нарыг баривчилж, олон зүйл ангиар хэрэгт татсан байдаг. Гэвч тэд Зааны ясан эрэг улсын эрх баригчидтай зөвшилцөн Абиджан хотын иргэдэд 200 сая ам.долларын нөхөн төлбөр өгсний эцэст батлан даалтаар суллагдаж, улмаар хэргээ хаалгажээ. Харин Голландын шүүхээс тус компанийг 1 сая еврогоор торгож, хэргийг дахин мөрдөхгүй байх шийдвэр гаргасан байдаг. Ингэсэн хэдий ч тэдний хаясан 523 метр.куб хортой хог хаягдлын улмаас өнөөг хүртэл Абиджан хот төдийгүй, Кот д Ивуарын хэмжээнд ард иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой гамшиг нүүрлэсэн хэвээр…

  • …”Трафигура” компани 2007 онд Ямайкийн улстөрчдөд авлига өгч, газрын тосны гэрээгээ сунгахын тулд хүн тус бүрт 466 мянгаас 1сая хүртэл ам.доллар, түүнээс их мөнгө төлсөн гэсэн хэрэг он дамнан шалгагдаж дууслаа. Шүүх хурал нь 2022 оны гуравдугаар сард товлогдоод байгаа билээ.
  • …Түүнчлэн 2012 оны нэгдүгээр сард “Трафигура”-гийн эсрэг нефть импортлогч Бүгд Найрамдах Судан Улс залилуулсан гэх гомдол гаргажээ.
  • Мөн 2008-2020 оны хооронд Африкийн орнуудад чанарын шаардлага хангахгүй шатахуун нийлүүлсэн гэх хэрэгт холбогдоод буй.

“Трафигура”-гийн Африкийн орнуудад нийлүүлж буй шатахуун нь Европын орнуудад нийлүүлж буй шатахуунаас хэд дахин чанар муутайгаас гадна хүхрийн агууламж нь Европын орнуудад нийлүүлдгээс 150 дахин өндөр байсан нь тогтоогдоод байгаа. Хүхрийн агууламж өндөртэй шатахууныг шатаахад агаарт их хэмжээний давхар исэл хаягдаж, бронхит, астма зэрэг амьсгалын замын өвчний дэгдэлт нэмэгддэг байна.

  • …2016 он. Африкийн хэд хэдэн улс, түүний дотор Зааны ясан эрэгтэй хил залгаа Гана, мөн Тунис улсын орчмын далайд “Трафигура ”компани нефть боловсруулах үйл ажиллагааг хөлөг онгоцон дээр явуулж, хог шаарыг нь хаяж, маш ноцтой хохирол гамшиг дахин тарьсан байж болох хэрэгт сэжиглэгдэн Их Британийн зүгээс хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
  • …2018 оны арваннэгдүгээр сар. Латин Америкийн зарим улс орны эрэг орчимд хортой шингэн хаягдал хаяж, орчмыг хордуулсан хэрэгт нефть худалдаалагч 3 компанийг сэжиглэн шалгаж байгаагийн нэгэнд мөн л “Трафигура” байгааг Европын Холбооноос зарлан, мөрдөн шалгаж эхлээд байна.
  • …2020 оны дөрөвдүгээр сар. АНУ-ын хуулийн байгууллагаас “Трафигура” компанийг хөгжил буурай орнуудын эсрэг худалдааны манипуляц хийж, залилан, авлига, хахуулийн хэрэг удаа дараа өдүүлж байгаа хэмээн хэрэг үүсгэн шалгаад хоёр дахь жилийн нүүрийг үзэж байгаа билээ.

Тэгэхээр Д.Сумьябазар даргын эрхэмлэн шүтээд буй “Трафигура” компани бол дэлхийд зартай том худалдааны компани төдийгүй цуутай рецидив “гэмт этгээд” гэдгээрээ толгой цохьдог болж таарч байгаа биз.

“Трафигура” ганцхан Монголд “хайртай” гэдэгт итгэх хэрэг үү!

Нефтийн бүтээгдэхүүний худалдаагаар дэлхийд “ВИТОЛ”-ын дараа хоёрдугаарт, металлын худалдаагаар нэгдүгээрт ордог үндэстэн дамнасан энэ аварга группийг Клауд Дауфин “Марк Рич” компанийнхаа суурин дээр 1993 онд Швейцарьт байгуулж “Трафигура” гэх болсон юм.

Эдүгээ дэлхийн 36 оронд 65 салбартай. 2015 оноос Роснефтийн бүтээгдэхүүнийг борлуулах эрхийг авч, Азийн улс орнуудад гол экспортлогч нь болсон билээ. Хөгжилтэй улс орнуудад цагт хэдэн тэрбум тонноор гарч буй үйлдвэрлэлийн хог хаягдлаа хэрхэх бэ гэдэг хамгийн тулгамдсан асуудал байдаг. Тэр тусмаа цөмийн болон химийн бүтээгдэхүүний хориотой, хортой хог хаягдал!!!

Шийдэж буй хууль бус аргуудын нэг нь буурай болон хөгжиж буй орнуудад аюултай хог хаягдлаа экспортлох явдал юм. Ингэхийн тулд тухайн улс орнуудын эрх баригчдыг авлигдаж, хахуульдах арга замаар хэрэгжүүлдэг нь нийтэд нэгэнт илрээд байгаа. Гагцхүү үүнээс сэрэмжлэхийн тулд тухайн улс орон аюултай хог хаягдлыг хил дамнуулан тээвэрлэх, экспортлохыг хориглох Базелийн конвенцид нэгдсэн байх ёстой байдаг. Монгол Улс энэ конвенцид 1993 онд нэгдсэн юм билээ. Тиймээс Монгол ийм төрлийн үйл ажиллагааг хэзээ ч үл зөвшөөрөхөөс гадна хуулиар хориглодог гэсэн үг.

Тэгвэл Базелийн конвенциор аюултай бодис хэмээн хориглосон coker naphtha буюу хүхрийн хийг байж болох хэмжээнээс ихээр агуулсан түүхий газрын тосыг “Трафигура” 2005 оноос эхлэн худалдаалж, бизнесийнхээ гол ашиг олдог үйлчилгээгээ болгосон байдаг. Тэд уг бүтээгдэхүүнийг хямд өртөгтэй болохоор нь шатахуунтай холих зорилгоор “Роснефть”-ээс худалдаж аваад өртгөөс нь хэд дахин нугарсан үнээр экспортлож ашиг олдог аж. 2009 онд Их Британийн шүүхийн оролцоотойгоор “Трафигура” компанийн дотоод цахим шууданг шалгахад компанийн “босс” Клауд Дауфин энэхүү худалдан авалтаас асар их ашиг олно гэдгээ урьдчилан тооцоолж, төлөвлөсөн байсан нь илэрсэн. “Трафигура” монголчуудад 2015 оноос эхлэн танигдсан гэгддэг ч тэрнээс өмнө 2007 оны үед орж ирээд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг.

Улаанбаатарын агаарын бохирдол эрс ихэссэнтэй холбоотойгоор, нэн ялангуяа агаар дахь хүхрийн ислийн хэмжээ хүнд хортойгоор нөлөөлөхүйц гарч эхэлсэн, тэрчлэн иргэдийн машин амархан эвдэрч байгааг хуурамч шатахуунаас болж байна гэх асуудал боссоноор “Трафигура” монголчуудад танигдаж, мэдэгдэж эхэлсэн юм. Гэвч ийм асуудал босох, сөхөгдөх бүрийд хуулийн байгууллагаас шалгаж байсан үйл ажиллагаа зогсчихдог нь сэжигтэй байдаг.

Яагаад тэр билээ.

Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байх үед буюу 2015 онд Засгийн газрын тогтоолоор бензин шатахууны онцгой албан татварын хувь хэмжээг 400 мянган төгрөгөөр, дизель түлшинд 520 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлснээр хортой, хориотой нафта хольж шингэрүүлсэн хуурамч бензин шатахууны бизнес Монголын зах зээлд анх гарч ирсэн билээ.

Яг энэ үед “Трафигура Монгол” компани Монголд байгуулагдсан байдаг нь тохиолдлын хэрэг мөн үү! Хуурамч буюу чанар муутай шатахууны гол түүхий эд болох нафта, болон бусад дагалдах түүхий нефтийн зарим бүтээгдэхүүнийг оруулж ирэхэд онцгой албан татвараас чөлөөлсөн байсан нь ч сонирхолтой санагддаг.

2015 он хүртэл жилд нафтагийн төрлийн бүтээгдэхүүн 30 мянган тонн орж ирдэг байсан бол 2015 оноос эхлэн шууд 100 мянган тонн болон нэмэгдэж, улмаар энэ хориотой бодисыг жилд 200 мянган тонноор нь оруулж ирдэг болжээ. Монголд ийм хэмжээний нафтагийн төрлийн бүтээгдэхүүний хэрэгцээ байдаггүйг мэргэжилтнүүд нотлодог. Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” болон “Ачит Ихт” зэрэг уул уурхайн үйл ажиллагаа эрхлэдэг компаниудын хэрэгцээнд 100 мянган тонн элбэгддэг гэдэг.

Тэгвэл илүүдэл болсон 100 мянган тонн нафтаг хаана шингээдэг байж таарах уу? Монголын улстөрчдөөс энэ талаар асуухад хэн нь ч хариулт хэлж чаддаггүй юм.

Ихэнх нь мэддэггүй байх л даа. Мэддэг, холбогддог хүмүүс нь харин эрс үгүйсгэдэг юм. Шуудхан хэлэхэд хуурамч шатахуун үйлдвэрлэл Монголд байхгүй гэцгээдэг.

Тэд “Трафигура”-г ийнхүү ил тодоор хайцаалж, хамгаалдаг нь тун сонин санагддаг. “Трафигура Монгол “ компанийн захирал Э.Жононбаяр гэж залуу бий. Түүнтэй холбоотой хуурамч шатахууны асуудлаас гадна, оффшор дансаар гүйлгээ хийдэг гэх асуудал байнга сөхөгддөг. Э.Жононбаярын бизнесийн ард нэр нөлөө бүхий улстөрчид болон дипломат албан хаагчид байдаг тухайд ч баримтууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг биш удаа дэлгэгдсэн. Энэ бүхнээс бодолцоод үзэхэд дэлхийд хууль бус үйл ажиллагаагаараа цууд гарсан “Трафигура” манай Монголд л цэвэр шударга үйл ажиллагаа эрхэлдэг болж таарч байна.

Бид үүнд итгэх ёстой юу?

“Голомт” банкны таван хувийг 21.2 тэрбум төгрөгөөр өдгөөгөөс зургаан жилийн өмнө худалдан авч байсан “Трафигура” компани Монголын коксжих нүүрс, зэс, алт, төмрийн хүдрээс олсон орлогоо охин компаниуддаа хуваан байршуулдаг гэлцдэг. Мөн сүүлийн хоёр жилийн хооронд ХХБанкны тодорхой хувийг эзэмшдэг болсон гэж дуулдах боллоо. Монголын улстөрчид, банк, санхүүгийнхэн, бас хууль хяналтынхан яагаад “Трафигура”-д ийм “янаг хайртай” болсныг бүү мэд. Машид гайхалтай хэрэг биш гэж үү!

Эцэст нь өгүүлэхэд Нийслэл хотын Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг хуурамч шатахууны гол орц болох Керосин, Нафта нийлүүлдэг компаниудыг тэргүүлэн толгой цохьдог “Петролиум продакшн”-ын цаад эзэн гэх мэдээлэл сүүлийн үед сошиал орчинд эрчтэй тархаж байна. Хэрэв эл мэдээлэл үнэн бол хотын захирагч “Трафигура”-г тэгтлээ магтан дуулах нь аргагүй болж таарна.

Энэ компани Монголд импортолсон керосин, нафтагийн 85 хувийг дангаараа оруулж ирдэг гэдэг. Тэд зэс угаах үйлдвэрт керосин нийлүүлдэг гэх тайлбараар эл дүнгээ хаацайлахыг оролддог ч үнэн хэрэгтээ хэрэглээнээсээ хэт давсан хэмжээний химийн бүтээгдэхүүн оруулж ирдэг нь олны анхааралд өртөж байна. Тийм ч учраас хуурамч шатахууны сүлжээ “Петролиум продакшн” компаниас эхтэй шүүмжлэлийг өнөө хэр дагуулсаар байгаа юм. 

Тэрчлэн Алтанбулагаас урагшаа Сайншанд хүртэл төмөр зам дагасан “Трафигура Монгол” компанийн 5-6 агуулах байдаг юм билээ. Яагаад Монголын холбогдох байгууллагуудаас энэ агуулахууд, эдгээр компаниудыг шалгадаггүй юм бол…

Энэ бүхний цаана Африк, Латин Америкийн орнуудад тохиолдсон гамшиг Монголд нүүрэлсэн байх вий. Монгол Улс авлигад идэгдсэн үзүүлэлтээрээ дэлхийд нэгдүгээрт жагсдаг гэдгээ бодолцоод үзэхэд шууд айдас төрүүлж байгаа юм.

Авлигын асуудал энгийн иргэдэд хамаатай байдаггүй. Энэ бол цэвэр эрх мэдэлтнүүд, улстөрчдөд л хамаардаг онцгой асуудал.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн “НАЖ МОГОЙ” үндэсний холбоо

Орчуулах »