Дэлхийн томоохон хэмжээний тоглолтыг монгол түмэндээ зориуллаа

0
199

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн Сонгодог хөгжмийн үдэш тоглолт өчигдөр УДБЭТ-т боллоо. Дэлхийн томоохон хэмжээний тоглолтыг Монголынхоо тайзнаа эгшиглүүлж, түүний үдэшт тухлан саатсан монголчууддаа ёстой л сонгодог хөгжмийн гайхамшгийг бэлэглэв. Олон улсад хэдийнээ танил болж, олон арван тоглолтын ард гарч яваа авьяаслаг бүсгүй Монголдоо ийнхүү тав дахь тоглолтоо хийж, урлагт хайртай түмнийхээ сонорыг мялаалаа. Түүний тоглолтод ОХУ-ын нэрт хөгжимчин, виолончелист Александр Волпов, АНУ-ын Луисвиллийн их сургуулийн туслах профессор, кларинетчин Мэттью Нелсон нар урилгаар оролцсон юм. Мөн түүний багш Монгол Улсын Ардын жүжигчин Т.Цолмон, Чайковскийн нэрэмжит Москвагийн Консерваторийн багш Маргарита Алексеевна Фёодоровагийн нь отгон шавь нарын нэг, залуу төгөлдөр хуурч М.Мишээл, С.Саянцэцэгийн өөрийн нь гарын шавь МУ-ын Консерваторийн 4а ангийн сурагч О.Нандин нар оролцож дэлхийн сонгодгуудыг эгшиглүүллээ. Тоглолтыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Цагаан лавай” хөгжмийн нэвтрүүлгээрээ монгол түмнийхээ танил болсон Ч.Буянхишиг хөтөлсөн нь маш сайхан чимэг болж, аялгуугаас аялгуун хооронд сонгодог урлагийн шинэ, содон мэдээллүүдээс шигтгээ болгон хүргэж байсан нь үзэгч олны талархлыг ихэд хүлээсэн юм. Түүнчлэн тоглолтоо аавынхаа “Миний ээж тэмээчин” дуугаар нээсэн нь дэлхийн хэмжээний томоохон концертын нь содон өнгө байлаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!