Д.МӨНХБҮРЭН: Хөдөлмөрлөх эрхийн мөлжлөг хэвлэлийн салбарт их байна

0
97

Энэ удаагийн “Ярилцах танхим”-даа “Глоб интернэшнл” төвийн хуульч Д.Мөнхбүрэнг урилаа.

Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр тохиож байна. Манай улс 5000 гаруй ган үзэгтнүүдээ хамгаалах хууль, эрхзүйн орчин хэр байдаг юм бол?

Сүүлийн зургаан жилийн хугацаанд 540-өөд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, нийгмийн сүлжээний агуулга бэлтгэгчдийн амь насыг хөнөөсөн хэрэг гарсны дөнгөж арав хүрэхгүй хувь нь шийдэгдсэн байна. Сэтгүүлчдийн эрхэлж байгаа ажлын онцлог тэднийг ихэнх тохиолдолд сүрдүүлэг, заналхийлэл, дарамт шахалт, хүчирхийлэлд өртөх эрсдэлд оруулдаг. Манай улсын хувьд хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр эдийн засаг, хууль эрх зүйн орчин тийм ч таатай биш гэсэн үг. Сэтгүүлчид эрүүгийн хуулийн зүйл заалтыг үндэслэн хариуцлага тооцдог байдал оршин тогтнож байна. Энэ үед сэтгүүлч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг олон нийтэд үнэн зөв мэдээлэл түгээхэд маш том хориг болдог. Яагаад гэвэл, энэ хуулийг сэтгүүлчийн эсрэг хэн хэрэглэж байсан бэ гэх туршлагыг харахад, ихэнхдээ улс төрч, бизнесийн томоохон бүлэглэл, төрийн өндөр албан тушаалтан ашигласан байдаг. Эдгээр хүмүүс сэтгүүлчдийн амыг боомилохын тулд эрүүгийн хуулиар шийтгүүлэхээр гомдол гаргадаг. Монгол Улсад бусдын нэр, алдар хүндийг эрүүгийн болон иргэний хуулиар хамгаалж өгсөн. Харамсалтай нь иргэний хуулийн заалтаар шийдэгдэж байгаа нь цөөн байна.

Хэн нэгэн хуулийн этгээдийг шантаажлах, захиалгаар бичих үүрэг даалгаврыг сэтгүүлч өөрийн санаагаар тэр бүр хийдэггүй. Гэтэл хууль, шүүхийн өмнө хариуцлага хүлээх болохоор сэтгүүлч бамбай болдог. Ял шийтгэл, торгуулийг нь эдэлдэг. Энэ шударга тогтолцоо мөн үү?

2014 оны байдлаар энэ төрлийн 375 хэрэг зөрчил бүртгэгдсэн байдаг. Манай дөрөв дэх засаглалын эзэд нэг л зүйлийг сайн анхаарах хэрэгтэй. Өөрсдийн эрхээ хамгаалахын төлөө үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, эсэргүүцэх эрхээ эдлэх ёстой. Та дархлаажсан, таниар дамжиж олон нийтэд хүрч байгаа мэдээлэл үнэн зөв, ёс зүйтэй байх ёстой. Хэрвээ таны бичсэн материал иргэний хуулиар бусдын нэр хүнд, алдар гавьяаг гутаасан нь тогтоогдвол өндөр хэмжээний нөхөн төлбөр төлөхийг шаарддаг. Тав, аравхан сэтгүүлчтэй, жижигхэн санхүүтэй, жижиг хэвлэлийн байгууллагад энэ нь дарамт болж дампуурах хэмжээнд ч хүргэдэг. Тэгэхээр сэтгүүлчийг үзэгний мөрөөр хэн нэгнийг гутаан доромжилсоны хариуд маш өндөр хэмжээний нөхөн төлбөр оногдуулдаг хуулийн заалтыг олон улсад дэмждэггүй. Тиймээс “Глоб интернэшнэл” байгууллага 2008 оноос эрүүгийн хууль дахь гүтгэлэг, доромжлолын заалтыг хасаач, халаач иргэний хуулиар зохицуулагдах бүрэн боломжтой гэдгийг ярьсаар ирсэн. Энэ дагуу ч эрхзүйн шинэтгэл хийж байгаа. Доромжлох нь эрүүгийн гэмт хэрэг биш. Гүтгэх гэмт хэргийг эрүүгийн хуульд тооцлоо ч хор уршгийг нь тогтооё гэж байгаа. Ямар бодитой хор уршиг бий болсон юм бэ гэдгийг нь тогтоодог болгохоор төсөлд урьдчилсан байдлаар орчихсон. Гүтгэлгийн гэмт хэрэг гэж байх нь тохиромжгүй. Олон улсад ч энэ нь эрүүгийн хэрэг биш иргэний хуулиар хангалттай зохицуулагдах боломжтой гэж үздэг учраас дэмжих нь зохимжгүй гэсэн байр суурьтай байна. Эрүүгийн хуулийн эцсийн шатны хэлэлцүүлгээр хэрхэн яаж батлагдахыг хэлж мэдэхгүй байна. Мэдээж бид эрхээ хамгаалах, ажиллах орчноо таатай болгохын тулд УИХ-аар хэлэлцэгдэх гэж байгаа энэ торгон агшинд олон нийтийн анхаарлыг энэ зүгт хандуулах, идэвхтэй оролцох зайлшгүй шаардлагатай. Бидний хүссэнээс өөр байдлаар хууль батлагдаад хүчин төгөлдөр болчихвол хуульд өөрчлөлт оруулах боломжгүй болно.

Сонгуулийн жилүүдэд сэтгүүлчийг буруутгах, ял зэмд унагах оролдлого их байдаг гэх яриа бий. Хариуцагч төлсөн торгуулийн дээд хэмжээ хэд байсан бол?

Манай улсад 600 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага байна. Эдгээр байгууллага яаж оршин тогтноод байна вэ гэдэг нь асуултын тэмдэг хэвээр. Бүгдийнх нь ард ямар нэгэн улс төр, нам эвсэл байдаг нь тодорхой харагддаг ч би эзэн нь шүү гээд олон нийтэд ил зарласан нь үгүй. Ийм байдлаас болж хараат болсон. Сэтгүүлчтэй холбоотой иргэний болон эрүүгийн хэргийн нөхцөл байдлыг харахаар сонгуулийн жил тоо нь өсдөг. 2013 онд арав, 2014 онд найман хэрэг шийдэгдсэн тоо байна. Сэтгүүлчээс 2012 онд нэхэмжилсэн мөнгөн дүнгийн дээд хэмжээ 200 сая төгрөг байсан бол 2013 онд төрийн өндөр албан тушаалтан 500 сая төгрөг нэхэмжилсэн байна. Харин 2014 онд нэхэмжилсэн мөнгөн шаардлагын дээд хэмжээ мөн 500 сая төгрөгт хүрч сэтгүүлч төлөхөөр болсон нь 45 сая төгрөг байна. Энэ төрлийн хэрэгт эрүүгийн хуулиар 20 хүртэлх жилийн ял өгөх заалт бий. Одоогоор гол төлөв торгох ялаар шийтгэж байна. Иргэний хэргийн хувьд хамгийн өндөр нэхэмжлэл нь гурван тэрбум төгрөг нэхсэн жишээ байдаг. Өөрөөр хэлбэл, хүн нэр төрөө хэдэн ч төгрөгөөр үнэлж нэхэж болдог нь эрсдэлтэй.

Сэтгүүлчид ажлын ямар хариуцлага алдаж ихэвчлэн буруутан болдог вэ?

Бусдын нэр төрийг сэвтээсэн, эмзэг байдлыг нь нийтэд түгээсэн, доромж үг ашигласан зэргээр сэтгүүлч өөрөө буруутан болж алддаг учраас хэрэг шүүхийн шатанд очихоос өмнө гомдоод байгаа талтай нь эвлэрүүлэн зуучилдаг газар байх хэрэгтэй юм байна гэдгийг олж харж “Глоб интернэшнл” дэргэдээ “Хэвлэл мэдээллийн зөвлөл” гэдгийг байгуулсан гэдгээ дуулгая. Энэ нь сэтгүүлчийг маргаантай байгаа талтай нь эвлэрүүлэх, асуудлыг эв санааны өнцгөөс нь шийдэх зорилготой. Ингэснээрээ шүүх цагдаагийн өмнө очих сэтгүүлчдийн тоог багасгах юм.

Сэтгүүлчээс эх сурвал­жийг нь нэхдэг, ил болгохыг нь шаарддаг. Гэтэл бид эх сурвалжаа хамгаалах, илчлэхгүй байх тангарагтай. Шүүх цагдаагийн өмнө очихоор энэ тангараг хэрэгждэггүй. Үүнээс болж сэтгүүлч худлаа юм бичсэн болдог. Энэ байдлыг хэрхэн нийцүүлэх вэ?

Ноцтой авлига, гэмт хэр­гийг илчилсэн мэдээ, нийтлэл араасаа байнга маргаан дагуул­даг. Ийм ноцтой хэр­гийн араас явсан, түүнийг мэдээлсэн, шүүмжилсэн сэтгүүлчийг буруутгадаг гол дайралт нь нотлох баримтаа гаргаж өг, эх сурвалжаа ил болго, ямар санаа зорилгоор бичсэн, нийтлэлээ үнэн гэдгийг чи өөрөө нотло гэх зэргээр хуулийн байгууллага шахаж, дарамтладаг. Тэгэхээр сэтгүүлчийн бичсэн мэдээ материалд юу өгүүлсэн бэ, ямар асуудал хөндөгдөв, үнэхээр субъект нь ийм хэрэг хийсэн үү, юунд гомдоод байна гэдгийг цагдаа мөрдөж шалгадаггүй. Тэгэх ч хуулийн боломж байхгүй. 1990 оноос өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээ материалыг үндэслэн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг эрх хэмжээ байсан. Одоо бол хохирогч гомдол гаргаагүй л бол хэрэг үүсгэдэггүй. Нөгөө талдаа тухайн нийтлэл сурвалжлагыг үнэн бодитой гэдгийг цагдаа хүчний байгууллага тогтоох биш түүнийг бичсэн сэтгүүлч тогтоох үүрэгтэй болчихсон. Тэгэхээр энэ нь сэтгүүлчийн хувьд хэтэрхий ахадсан ажил. Энэ байдлаас үүдэж нэлээн олон сэтгүүлч шүүхийн өмнө очоод унадаг. Хэдийгээр материалд үндэслэлтэй байдлыг гаргаж ирсэн ч хууль шүүхийн өмнө нотлох боломж нь хязгаарлагдмал байдгаас шүүх дээр ялагддаг тохиолдол бий.

Тухайлбал?

Энд би нэг л жишээ дурдая. Манай нэртэй сэтгүүлч олон жил эрэн сурвалжлах чиглэлээр ажилласан. “Гаалиас төрсөн тэрбумтан” гэх цуврал нийтлэлээрээ хилийн гаалийн даргын авлигын хэргийг илчилсэн байдаг. Хэдийгээр шүүхийн өмнө сэтгүүлч торгох ялаар шийтгүүлээд өнгөрсөн боловч шүүх ажиллагаа дуусаад жил орчмын дараа тухайн гаалийн дарга дээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаад буруутай гэдэг нь тогтоогдсон жишээ бий. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр сэтгүүлчийн нийтлэл худлаа биш гэдэг нь нотлогдсон. Харамсалтай нь тухайн сэтгүүлч дахин хэргийг задалж өөрийн нэр төрөө цагаатгах алхмыг сонгоогүй боловч сэтгүүлчийн бичсэн нийтлэлийн мөрөөр тухайн албан тушаалтанд хэрэг үүсгэн шалгаж гэм буруутай үгүйг нь тогтоосныхоо дараа сэтгүүлчийг буруутгадаг байвал эрүүл тогтолцоо бүрдлээ гэж үзэж болохоор байна.

Хэвлэлийн салбарт нууц нэрээр материал бичих нь элбэг. Гэтэл хуульд энэ тухай хэрхэн тусгагдсан байдаг вэ?

Монгол Улсын иргэний хуулиар нууц нэрээр үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Харамсалтай нь манай сэтгүүлчид редакцитайгаа нууц нэрээ хамгаалуулах тухай гэрээ хийдэггүй. Тийм соёл хэвшээгүй байна. Хамт ажилладаг хүмүүс нь жинхэнэ нэрийг нь илчлэх, эсвэл редакци нь сэтгүүлчээ илчлэх зөрчил гардаг. Энэ нь юуг харуулж байна гэхээр сэтгүүлчдийнхээ аюулгүй байдлыг хангах зохицуулалтыг редакци хийж чадаагүйг нотолно. Хэрвээ сэтгүүлчийг болон нууц нэрийг хамгаалах соёл хэвшсэн бол редакци энэ төрлийн хариуцлагыг өөр дээрээ хүлээх байсан. Манайд бол хэд хэдэн байдлаар нууц нэрийг задлах оролдлого хийж байна. Түгээмэл байгаа нь найр тавих, сэтгүүлчийг заналхийлэх, айлган сүрдүүлэх юм. Хууль ч байна уу, шүүгч байна уу, төрийн өндөр албан тушаалтан байна уу хэн байх нь хамаагүй. Та ч бас хүн гэдгээ санах хэрэгтэй. Хэн нэгэн таныг дарамтлах, айлган сүрдүүлбэл энэ нь эргээд хууль бус үйлдэл. Та гомдол гаргах эрхтэй.

Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой нийтлэг тохиолдож байгаа зөрчил байна уу?

Цалин хөлсний үнэлэмж бага, ажлын цаг урт, эрсдэлтэй нөхцөлд ажилладаг ч  бүтээмжийг нь үнэлэдэггүй, бичлэгийн урамшуулал гэх цөөн хэдэн төгрөгөөр хуурдаг. Туршилтын хугацаа нэрээр сэтгүүлчийг олон сараар цалингүй ажиллуулдаг зэрэг хөдөлмөрийн мөлжлөг энэ салбарт тулгамдсан асуудал болж байна. Үүнийг хэрхэн таслан зогсоох вэ гэдэг асуудал дээр эв санаагаа нэгтгэх, дуу хоолойгоо хүргэж тэмцэх нь зүйтэй санагддаг. Олон сэтгүүлч ингэж мөлжлөгт орж яваагаа анзаараагүй явснаас үүдэж цалин үнэлэмжгүй ажилласнаас гэр бүлийн болон сэтгэл санааны дарамтад ордог. Түүнээсээ болж ажлын бүтээмжгүй, гэр бүлийн тогтворгүй байдал үүсдэг үзэгдэл элбэг болсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, нийгмийн даатгалаа төлүүлээгүй, орон тооны бус сэтгүүлчид маш олон байна.

Хуулийн өмнө бүдэрдэг байдлаас өөрсдийгөө хэрхэн аварч болох вэ?

Өнөөдөр тань руу утасдаад хохино шүү, танай хүүхэд тэр сургуульд сурдаг юм байна лээ гэж сүрдүүлээд эхэлсэн нь л бол тэнд таны ч эрх зөрчигдөж байгааг сайн ойлгох хэрэгтэй. Сэтгүүлч бүхэн хуульч биш. Хуулийн заалтыг тэр бүр өөртөө ашиглах хэмжээний мэдлэг байдаггүй. Энэ утгаараа хэн ч бай бэрхшээл тулгарсан даруйдаа заавал хуульчаас зөвлөгөө авдаг байх хэрэгтэй. Та хэн нэгэн цагдаагийн дуудлагын дагуу шууд тэнд явж очсоноороо өөрийнхөө эсрэг ашиглагдах нотлох баримтуудыг бэлдээд өгчихдөг. Цагдаад дуудагдлаа гэхэд л хуульчид хандах хэрэгтэй. Ингэснээрээ та өөрийгөө өмгөөлөх эхний алхмаа хийж байна гэсэн үг.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!