5G юү, төгс ЛУЙВАР уу?!

Засгийг улстай нь залилах Финтек луйврыг Л.Оюун-Эрдэнэ нээчихсэн юм биш байгаа

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн бүрийн хуулиар хамгаалагдсан хувь хүний нууц, аюулгүй байдалд заналхийлж болох гаднын оффшор компанийн асар их мөнгөн дүн бүхий хөрөнгө оруулалттай бизнесийг Монгол Улсын Засгийн газар, Харилцаа, холбооны зохицуулах  хороо, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын шууд дэмжлэгтэйгээр хэсэг залуу оруулж ирснээ хэд хоногийн өмнө нийгмийг талцуулан, олныг бухимдуулан байж сүр дуулиантай хийсэн “Цахим  үндэстэн-2021” шоугаар дамжуулан зарлан тунхаглав.

Энэ бол ноцтой аюул гэдгийг Монгол Улсын тагнуул, хууль хүчний тусгай байгууллагууд анхааралдаа авсан гэдэгт итгэж байна.  

Дэлхий даяар дижитал технологийн эринд шилжиж, түүний үр шимийг хүртэж байгаа. Гэхдээ энэ өндөр өртөгтэй цахим технологийн дэвшлээс учруулж болох сөрөг аюулаас улс орон, хүн амаа  хамгаалах нь хамгаас чухал гэдгийг НҮБ-аас танилцуулсан “Цахим  хөгжлийн хамтын ажиллагааны даян дэлхийн хөтөлбөр” –төө  онцгойлон анхааруулсан байдгийн цаад учрыг бид төдийлэн ухаарахгүй байх шиг. 

Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шууд оролцоотой, магадгүй орчин цагийн маш том ЛУЙВАР байж болох “махинаац” –ыг тэдгээр бүлэг залуус хэрэгжүүлж байж болзошгүйг сэрэмжлүүлэн сануулахыг бид үүргээ гэж үзлээ.

Хардаж, сэжиглэх нь хүний эрх. Тэр тусмаа эрх баригчдын үйлдэл, гаргаж буй шийдвэр, хэлсэн үг, алхсан алхам бүрийг ямагт сөрөг байр сууринаас харж, хардаж байх нь мэргэжлийн сэтгүүлч хүний зарчим байх ёстой. Бид нийгмийн “хоточ ноход” байх ёстой. Гэхдээ хардаж, сэжиглэж байна гээд хэн нэгнийг харлуулж, гүтгэж, харсан болгон руугаа дураараа “боргоод” байж болно гэсэн үг биш.

Нягтлан шалгаж, бас дахин шалгаж байж харьцангуй бодит мэдээлэлд хүрнэ гэсэн  үг.

Цахилгаан холбоонд өгөөгүй эрхийг цагаан сарын өмнө байгуулагдсан компанид яагаад өгөв!!!  

“…Монгол Улсад үүрэн телефоны 5 дахь операторын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “ОНДО” гэх компанид олголоо…” гэсэн мэдээг 2021 оны 1 сарын 20-нд Харилцаа, холбооны зохицуулах хороо, Харилцаа, холбоо, мэдээлэл технологийн газар, ЗГХМА-наас анх удаа нийтэд  зарлан мэдээлсэн байдаг юм. 

Уншигчид энэ мэдээг төдийлөн анзаараагүй байх. Уг нь мэдээг бэлтгэж гаргасан субьектээсээ эхлээд анхаарал татдаг.

Үүрэн телефоны операторын үйл ажиллагаа явуулах эрхийн зөвшөөрөл лицензийг маш хатуу шалгуураар, тендэр зарлаж байж олгох журамтай, хуультай. Тэрбайтугай энэ эрхийг олгох эсэхийг санал хурааж байж шийддэг УИХ, ЗГ, ХХЗХ, ХХМТГ, Олон нийтийн Зөвлөл гэсэн 5 субьектийг төлөөлсөн 5 хүн бий.

Тэдний гурав нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХХМТГ-ын дарга Обуна буюу Б.Болор-Эрдэнэ хатагтай, ХХЗХ-ны дарга, уяач Г.Чинзориг нар билээ. 

Үүнийг өгүүлэхийн учир нь Монгол Улсад өдгөө үйл ажиллагаа явуулдаг Мобиком, Скайтел, Жи-мобайл, Юнител гэсэн дөрвөн оператор компани дээр гэнэт хэний ч мэдэхгүй “ОНДО” гэдэг нэртэй ёстой шал ондоо “нөхөр” нэмэгдээд гарч ирсэн нь сонирхол татаад байгаад юм.

Монголын харилцаа холбооны зах зээл дээр ийм олон оператор компани ажиллах орон зай, багтаамж байхгүй. 

Ганц жишээ дурьдахад 125 сая хүнтэй Японд үүрэн холбооны З-хан оператор байдаг. Гэтэл Монголын 3.2 сая хүнд 5 оператор гэдэг дэндүү элбэгдсэн төдийгүй “Жаран ямаанд 100  ухна” гэдэг шиг хөгийн зохицуулалт болсон нь харагдаад байгаа биз. Дээр нь нэмэхэд 123 жилийн түүхтэй, Монголын харилцаа холбооны үндэс суурийг тавьсан МЦХ ТӨХК-д ийм эрх олголгүй өнөөг хүрсэн эрх мэдэлтнүүд яагаад гэнэт ийм үл таних, үл мэдэх “этгээдэд” ногоон гэрлээр эрх олгов гэх асуулт ямар ч сэтгүүлчийн сонирхлыг татна.

Тодорхой нөхдийн энэ үйлдэл ХАРДАХ эхний эрхийг минь нээж өгч байна.

ЯАГААД!!!

4G технологийн зөвшөөрөлтэй атал 5G гэж рекламдах нь ЗАЛИЛАН

Тусгай зөвшөөрөл авах үетэйгээ зэрэгцэн үйл ажиллагааны чиглэлээ шинэчилсэн “ОНДО” гэгч энэ компани 2017 онд байгуулагдаад 2018 онд эзэмшигч нь өөрчлөгдөж, интернэт үйлчилгээ үзүүлэх “Б” ангиллын зөвшөөрөл авсан “Ай эн мобайл нэтворк” гэгч хувийн компани болоод явчихдаг юм. Зарим бичиг баримт дээр “Супернэт” ХХК гэж тэмдэглэгдсэн байх. Нэг байгууллага атал гурван өөр нэртэй байж болох эсэхийг мэдэхгүй.

Гурван нэртэй байх дүүрч гэхэд 4G технологи дээр үндэслэсэн тоног төхөөрөмжтэй, “Б” лицензтэй энэ компани Монголд 5G үйлчилгээ нэвтрүүлэх төслийг, лицензтэй нь (үүрэн телефоны ярианы оператор эрх) ямар ч тендэргүйгээр, тэр дундаа 100 жил гуйсан гэхэд хилсдэхгүй Цахилгаан холбоо компанийн өмнүүр дайраад авчихдаг нь санхүү, улс төрийн асар том дэмжлэгтэй болохыг ямар ч тэнэг ойлгоод байна.

5G технологийн платформ Монголд байдаггүйг бодолцоод үзэхэд хачирхалтай санагдахгүй байна гэж үү?

Маш өндөр өртөгтэй энэ төслийг хэрэгжүүлэх тийм санхүүгийн чадал, нөөц боломж “ОНДО” буюу “Ай эн Мобайл нэтворк” хэмээх ХХК-д бий юү гэх эргэлзээ хэнд ч төрнө.

Жил бүр хэдэн арван тэрбум төгрөгөөр технологийн шинэчлэлээ хийдэг “Мобиком”, “Юнител” гэсэн аваргуудад 5G үйлчилгээг нэвтрүүлэх санаа байвч, сачий нь дутсаар байдгийг бод!

Тэгвэл “ОНДО”–д тийм том санхүүгийн боломж хаанаас бий болсон байхав…  ХАРДАХ хоёр дахь эрх минь энд нээгдэж байгаа юм.

ХААНААС…?

Г.Чинзориг дарга яг энэ үед таг “сохорчихсон” байгаа нь сонирхолтой…

2021 оны зургаадугаар сарын 7–ны өдөр ганцхан IKON.mn сайт дээр (Ерөнхий сайдын хэвлэлийн бие төлөөлөгчийн эзэмшлийн сайт) “Райнос Инвестмент ҮЦХ” ХХК болон “Өлзий энд Ко Капитал ҮЦХ” ХХК хамтран 2.2 сая ам.долларын хөрвөх бонд босголоо гэсэн мэдээ гарсан. Энэ мэдээ гарахаас дөрвөн өдрийн өмнө БНСУ–ын хуулийн этгээд болох “Райнос эссет менежмент” компани Монголд салбараа нээсэн байдаг.

Эдгээр үйл явдлын зурган дээрээс “ОНДО”, “Супернэт”, “Ай эн Мобайл нэтворк” хэмээх үл ойлгогдох компанийн эзэн нь гар утасны апп дээрээсээ зээл авч болно гэдэг “ПИАР”-аар хөл дээрээ боссон Лэнд.мн–ийн санаачлагч Ч.Анар хэмээгч залуу болохыг мэдэж авав.

Энэ залуу мэдээлэл технологийн салбарт үнэхээр онцгой, авьяаслаг нэгэн гэдгийг мэдэх юм. Түүний ажлын туршлагаас харахад дэлхийн хэмжээний мэргэжилтэн гэдэг нь хэнд ч мэдэгддэг. Монголын залуу үеийнхний яах аргагүй манлайд яваа нэгэн мөн л дөө.

Эндээс нэлээд зүйл тодорхой харагдаж байгаа. Лэнд.мн-ийн толгой компани “Анд системс” ХХК гэж бий. Түүний захирал нь Ч.Анар. 2019 онд дээр дурьдсан БНСУ–ын “Райнос эссет менежмент” Ко.ЛТД-тэй “Анд системс” нь 10 тэрбум төгрөгийн санхүүгийн бондын санамж бичиг байгуулсан байдаг. “Анд системс”–ийн толгой компани нь Ч.Анарын үүсгэн байгуулсан “Анд глобаль” групп болохыг хүсвэл хэн ч төвөггүй мэдэж болно.

Үүнээс хөвөрдөөд Монголд үүрэн телефоны операторын тусгай зөвшөөрлийг авсан “ОНДО” ХХК нь “Анд глобаль” групп, Сингапурт 2021 оны хоёрдугаар сарын 2-нд байгуулагдсан (үүрэн операторын тусгай эрх авснаасаа хойш нэг сарын дараа) “Garneton PTE” LTD хэмээх хоёр эзэмшигчтэй болохыг олж мэдэв.

Толгой эргэм сүлжээ бүхий зохион байгуулсан бүтэц байгаа биз.

Ямар нэг луйварт зориулсан мэт, жирийн иргэн мэдэхийн эцэсгүй, мэдээд ч учрыг нь олох аргагүй юм. “Garneton PTE” LTD-г Ч.Анар БНСУ-ын “Райнос эссет менежмент” компанийн хөрөнгө оруулалтайгаар хамтран байгуулсан  байдаг. Ноцтой нь Сингапурт байгуулсан оффшор компани аж. .

Тэгэхээр “ОНДО” ХХК-ийн гарааны хөрөнгө оруулалт, асар өндөр өртөгтэй тусгай зөвшөөрлийн хураамж болох 600 сая төгрөгийн гарал үүсэл энэ оффшор компаниас эхтэй байх нь. Сингапур дахь оффшор компаниудын нэрсийн жагсаалт дотор “Рэйнос инвестмент фонд” хэмээх хувийн хөрөнгө оруулалттай сангийн талаарх мэдээлэл тодорхой бий.

“Анд глобаль” групп, БНСУ-ын “Райнос эссет менежмент” хоёрын хамтарсан охин компаниуд болох “Райнос Инвестмент ҮЦХ” ХХК болон “Өлзий энд Ко Капитал ҮЦХ” ХХК нь 2021 оны зургаадугаар сард оффшор хөрөнгө оруулалтын эл сантай хамтран “Голомт” банкаар дамжуулан 2.2 сая ам.доллар босгосныг дээр дурьдсан. Жил хүрэхгүй хугацаанд эдний бүх ажил ингэж гэрлийн хурдаар бүтэж, холбогдох зөвшөөрлүүд нь гарсан байгааг анхаарч харж буй хэн нэгэн бий болов уу?! 

Мань нөхдийн энэ шуурхай ажиллагааны процессоос Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй олон дүрэм, журам, хууль зөрчигдсөн нэлээдгүй тохиолдол анзаарагддаг. 

Юун түрүүнд тендэр зарлалгүй, ямар ч шалгаруулалтгүйгээр 5G төслийг хэрэгжүүлэх эрхийг олж авсан нь маш ноцтой зөрчил.

Авлигын төдийгүй хэн нэгэн албан тушаал, эрх мэдлээ бизнест давуу эрх болгон ашигласан байж болох гэмт хэргийн шинж тод харагдаж байгаа юм.

Тэрчлэн Үүрэн телефоны ярианы зөвшөөрөл авахаасаа хагас жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж, бараа бүтээгдэхүүн буюу 95…тай дугааруудаа борлуулж, худалдаанд гаргасан нь яалт ч үгүй хууль зөрчсөн болохыг нь илтгэж байна.

Өнгөрсөн хавраас хойш этгээд, гаж хувцасласан хүүхэд залуус гэнэт гэнэт гарч ирэн, түүнийг нь залуу үеийнхээ хүсэл сонирхлыг хүндэтгэ, бүү мохоо гэсэн давалгаа яваад байсныг уншигч та санаж байгаа байх. Гэтэл энэ нь бидний залуу үе биш, энэхүү нөхдийн бизнесийн сурталчилгаа байж.

Энэ нь “ОНДО“ брэндийн сурталчилгаа шударга өрсөлдөөний хуулийг зөрчиж байгааг харуулсан явдал юм. 

Тэд яаж ингэж чөлөөтэй, дураараа ажиллаж байна вэ?!

Үнэндээ хэн нэг эрх мэдэлтний хамгаалалтгүйгээр “эрх  чөлөөтэй” ингэж ажиллах боломж Монголд үгүй. Адаглаад бусад оператор компаниуд барьж идэх байсан биз… 

Тэрчлэн “Цахим үндэстэн-2021” шоуны өмнөхөн, Монгол Улсын бүх яамдын барилгын орой дээр ганцхан  өдрийн дотор баахан антен боссон нь “ОНДО” ХХК-ийнх байлаа.

Арай л дураараа юу?

Яамд, төрийн байгууллагуудын барилга, оффисын орой дээр дахин дамжуулах станцын антен байрлуулах хориотой биш бил үү…  Харилцаа, холбооны зохицуулах хороо энэ бүх зөрчил дээр  яагаад нүдээ тас аньчихав!!! Г.Чинзориг дарга яг энэ үед таг “сохорчихсон” байгаа нь сонирхолтой…

Эндээс удаах ХАРДАХ эрх үүдэн гарч байгаа юм. 

ЯАГААД!!!

Л.Оюун-Эрдэнэ өөрөө түүний хамгийн том золиос болж үлдэнэ

2021 оны есдүгээр сарын 17-19 өдрүүдэд ХХМТГ-аас зохион байгуулсан дуулиант “Цахим үндэстэн-2021”шоуны нээлтэд өөрийнхөө Засгийн газраас гаргасан онцгой нөхцөл байдлын үед мөрдөх дэглэм журам, Ковидын хуулийг зөрчин байж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маш баяртайгаар сарнай цэцгээр гоён явж очсон.

Яагаад?

Монголын харилцаа холбооны систем байгуулагдсаны 100 жилийн ойд Ерөнхий сайдын хувиар оролцох нь зүйн хэрэг хэмээн ярьж байна. Тэгвэл яагаад Монголын Цагдаагийн байгууллагын 100 жилийн ойд хүрэлцэн очоогүй юм бэ? Яагаад шил шилээ даран тэмдэглэсэн багш, эмч нарын ойн баярт энэ удаагийнх шигээ гоёод очиж болоогүй вэ?

Яагаад?

Яг үнэндээ “Цахим үндэстэн-2021” арга  хэмжээ нь МҮЦХ-ны байгууллагын 100 жилийн ойд зориулсан жинхэнэ шоу биш байсанд хамаг учир байгаа юм.

Ерөнхий сайд “ОНДО” ХХК-нд Монголын үүрэн телефоны 5 дахь оператор компани болсонд баяр хүргэхээр явж очсон байж таарах нь. Энэ бол эртнээс бэлтгэсэн том баяр байж.

Шатахууны гэрээ хэлэлцээрт ОХУ руу явах албан хаагчдынхаа замын зардлыг дийлэхгүй байсан Ерөнхий сайд баянаа барьж дийлэхгүй мөнгө цацан байж тэр шоунд оролцсоныг саная.

Хардах өнцөг мөн үү, энэ кэйс. Энэ гурван өдөр үнэхээр Ч.Анар тэргүүтэй монгол төрд “даам” гарсан залуусын багийн баяр байсан юм. Илт анзаарагдаж байна.

“ОНДО”–гийн залуус “Бидний ард хэн байдаг юм бэ гэдгийг байнга хардаж сэрдэж ярьдаг. Ёстой хэн ч байхгүй. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй, түүний “Алсын хараа-2050” хөтөлбөртэй холбоотой, бидний ажил туйлын нягт холбогдсон” хэмээн танилцуулгадаа тодорхой бичсэн байсныг энэ зуурт сөхөж харъя…

Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ бүх гялс, манс “амжилт”-ынх нь шалтгаан, нууц “ноён” байсан уу гэх хардлага лавтай төрж байгааг үгүйсгэж үл чадна.

Тийм бол гол “эзэн”-д баяраа тэмдэглэх нь чухал болохоос цар тахал огт падийлгүй байх нь аргагүй. 

“ОНДО”–ийн ард одоо Ч.Анартай хамт Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин “Монгол НД” ТВ-тэйгээ хамт, ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ, намаас намын өвөр дамжин, банк санхүүгийн бүхий л заваан бохир бүхэнтэй хутгалдаж явдаг А.Амундра гэх төсөл, тендэрийн шалгарсан манлай “дээрэмчин”, тэрчлэн зартай луйварчин гэгдэх “Блүүмбэрг”-ийн тодотголтой Э.Долгион нарын “содон” залуус байгаа нь тодорхой харагдана.

Чадалтай бол чадалтай, мэдлэг боловсролтой бол боловсролтой Ч.Номин, Б.Болор-Эрдэнэ нарын бүсгүйчүүд л хайран юм даа.

Ч.Анар Монголын үүрэн телефоны оператор эрхээс гадна, 5G технологийг “хэрэгжүүлэх” төслийг гартаа оруулчихлаа. Түүний дараагийн зорилтот алхам одоо тэгвэл юу байх вэ гэдэг тов тодорхой юм.

Тэр эл сценариа чирээд Ардын Ганхуяг, Сити группийн Мөнхжин нарын адил “КОЙН”-ы бизнес рүү хөл тавих гэж байна. Өөрт олдсон “түүз” хөзрүүдээрээ тэднийг бут ниргэхэд ашиглана гэсэн үг.

Тэр үүнийг гарцаагүй хийнэ.

Хийхээ ч зарлан 1дата-д 1койн өгнө гэх “луйврын” сурталчилгаагаа хэдийнэ эхлүүлчихсэн байна. Ирэх сарын 1-нээс эхлээд ард иргэдийн халаасыг, оюун тархитай юутай нь сэгсэрнэ гэсэн үг.

Баримт үлддэггүй, хуулийн хариуцлага хүлээхгүйгээр богино хугацаанд асар их мөнгө босгох боломж бол “КОЙН”-ны луйвар.

Хамгийн бохир аргаар хийж буй “махинаац”-ынх нь золиос болж эдүгээ дагалдан далдагнаж буй залуучуудаас гадна Монголын иргэд хохирогч болоод хоосон хоцорно.

Л.Оюун-Эрдэнэд маш их мөнгө хэрэгтэй байгаа.

Тэгээд ч мань хүн асар шуналтай болох нь анзаарагдаж байна. Түүний хязгааргүй шуналыг ингэж аймшигтай сэтгэж бодож, төлөвлөж чаддаг залуус ашиглахаар нэгэнт шийдээд, бүр эхэлчихэж гэхэд хилсдэхгүй. Харж байна, харагдаж ч байна.

Л.Оюун-Эрдэнэ өөрөө түүний хамгийн том золиос болж үлдэнэ.

Өнөөдөр хэдхэн өдрийн дотор хэдэн тэрбумаар нь мөнгө босгож буйгаа дээр дурьдсан залуус цаг ямагт сурталчилж, рекламдаж, иргэдийг олноор нь энэ луйврын бизнестээ татан оролцуулж  байгаа шүү дээ. Энэ луйврыг иргэд хэзээ ч ойлгохгүй, хохирсон хойноо ч хэрхэн луйвардуулснаа мэдэхгүй хэвээрээ хоцорно. Яг өнөөдөр монголчууд хэдэн зуун мянгаараа хууртагдаж байгааг учир мэдэх хүмүүс хэлсээр байна.

Харамсалтай нь койны хар сүүдэр дагуулсан “ОНДО”-гийн галт тэрэг хэдийнэ хөдөлчихөж. “Манайхаас та хэдэн мянган төгрөгөөр дата нэгж авна, бид тэр дүнтэй чинь ижил тооны койны эрх олгоно” гэсэн зальт маркетинг хаа сайгүй явж байна. Иргэдэд чихэр шиг санал сонсогдоод, койн гэдгээ ч мэдэхгүй, хэрхэн зарцуулж ашиглахаа ч ойлгохгүй хэрнээ элссээр, төлсөөр байх болно. Цагдаа, тагнуулын байгууллага ч мэдлэг мэдээлэл дутуу тул ард иргэдээ луйврын золиос болон хохирохоос урьдчилан сэргийлж, хамгаалж чадахгүй нь тодорхой.

Койны луйврыг тайлбарлавал уртаас урт сэдэв болох учир дараагийн цувралд тодорхой өгүүлэхээр ингээд орхиё. 

Ямартай ч харвард сценари буюу америк маягийн луйвар гэж дэлхий даяар мэддэг болсон эл залилангийн үйлдэл хэдхэн хоногийн өмнө монгол түмнийг бултаар нь загнаж, захирч байгаад нээлтээ хийчихлээ.

Хамгийн аюултай нь тэдний гарт Монголын бүх иргэний биометр мэдээллүүд очно гэсэн үг. Хэнд нарийн мэдээлэл очно, тэр бүгдийг хянаж зохицуулах эрхтэй болдог нь хууль.

Засгийн газарт, тэр дундаа Л.Оюун-Эрдэнэ болон Б.Болор-Эрдэнэ нарт ийм хэмжээний ЛУЙВАР–ыг төсөөлж, багцаалж чадахаас өөрөөр хийж, хэрэгжүүлж чадах мэдлэг, тархины чадал байхгүй нь үнэн юм. Тиймээс тэднийг жинхэнэ “гавал” толгойтнууд онилж, тойрч шигээд ашиглаад эхэлчихлээ.

Энэ бүхний эцэст эл хүүхэн, залуу хоёр л шоронгийн хаалга татаж золиослогдоод үлдэхээс, бусад нь бүгд сарнин алга болно. Баахан мөнгө үүрээд хил даваад дашийн шог болно. Байг гэхэд яамдын оройд байрлуулсан антенуудыг нь хар..

Хэзээ мөдгүй хаялаад алга болох нохойд барьдаг мод шиг өгөр хэдэн төмөр л аргацаан өлгөснийг анзаар!!!

Дижитал технологийн хувьсгал Монголд ус агаар мэт хэрэгтэй ч, ийм арга замаар бол биш ээ, ОЮУК, ОБУНА хоёр  минь!!!

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »