Хувийн хэвшлээ дээрэмдэх САН-г Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нар байгуулж 100 тэрбумыг нэхжээ

Л. Оюун-Эрдэнийн энэ “новш”-ийн Засгийн газар цаашид ажиллах ямар ч чадамжгүй боллоо. Ирэх долоо хоногоос эхлэн Монгол Улсын эдийн засаг элэг дөрвөөрөө мөлхөж эхлэх нь. Ямар ч үйлдвэрлэл байхгүй энэ улс орныг МАН-ын улаан поп улстөрчид ингээд баллаад хаячих гэж. Цар тахлын дэгдэлт улам эрчээ авлаа. Хятадууд нүүрсний экспортыг хязгаарлалтад оруулчихлаа. Бензин, шатах тослох материалын нөөц барагдчихлаа. Оросууд  нийлүүлэлтээ хумилаа.

Одоо тэгээд яах болж байна, Ноён солиотууд аа!

Нөөцийн хомсдолд орсон болохоор, шатахуун импортлогч үндэсний хэдэн компани чинь үнэ нэмэхээс аргагүй, Л.Оюун-Эрдэнэ ээ!

Өргөн хэрэглээний бүх барааны үнэ өсөөд эхэллээ. Яг үнэндээ ямар ч бодлогогүй үйл ажиллагааныхаа эцсийн лайг чихэж, үүрүүлдэг энэ нэг хэдэн компанид ямар ч буруу алга. Зориудаар хомсдол  үүсгэж, шатахууны үнийг нэмэх гэж байна гэсэн ойлголтыг нийгэмд түгээж, дотоодын импортлогч компаниудаа  ямар удаан дарамтлав даа! 

Эцэст нь үнэнд гүйцэгдлээ. Би үхэхээр, чи үх гэсэн тактик чинь явахаа байлаа.

Шатахуун импортлогчдыг өмөөрөх, хамгаалах ямар ч шалтгаан бидэнд алга. Гэхдээ бодит үнэнийг шударгаар  бичих, хүлээн зөвшөөрөх нь хэн хэнийх нь үүрэг гэж ойлгож байна. Үндэсний үйлдвэрлэл, дотоодын  компаниудаа ээлж дараалан сөхрүүлж, дампууруулж, үүд хаалгыг нь барьж буй атлаа их наяд, наядаар мөнгө  зарцуулж шоуддаг ийм үхээнц дорой гадаад, дотоод бодлоготой Засгийн газар, эрх баригчидтай, ажилгүй, орлогогүй, халамжаар амьдардаг ард түмэнтэй энэ улс орон цаашаа хэр удаан тэсвэрлэж чадах вэ!

Алхам тутамд ХУЙВАЛДААН, бас дахин дахин ХУЙВАЛДААН.

Өнгөрсөн хавраас дэлхий даяар нефтийн бүтээгдэхүүний үнэ өснө, хомсдолд орно гэдгийг хэлэлцэж, арга хэмжээг дор бүрнээ авч байхад Монголын Засгийн газар таг дүлий, ямар ч тооцоо судалгаа, стратегийн бодлогогүй, гараа хумиж суусан. Тэртээ тэргүй ойлгомжтой байхад шатахууны үнэ нэмбэл хохь нь шүү гэх  байдлаар дотоодын хэдээ дарамталж түр аргацаасан цаг хугацаа чинь дууслаа. Яс юман дээр нохойд барьдаг  мод болгосоор байтал наад хэдэн компани чинь тамираа барчихлаа. 

Энэ хэдэн компани улсын шатахууны нөөц, үнийн бодлогыг барьдаггүй юм. Үүнийг Засгийн газар бодлогоор   зохицуулах үүрэгтэй.  Ялангуяа дэлхий даяар цар тахлын онцгой нөхцөлд амьдарч байгаа ийм үед энэ үүрэг, хариуцлага чинь бүр тодорхой, ойлгомжтой, яг таг байх ёстой. Өөрсдөө чадахгүй байгаа бол хувийн хэвшлийнхэнд бодлогоо бүрмөсөн итгээд даатгачих хэрэгтэй, Ерөнхий сайд аа!

Гэтэл яав!

Шатахууны үнийг тогтворжуулахын тулд 100 тэрбум төгрөгийн хуримтлалтай САН байгуулахаар шийдсэн гэж  байх шив! Ийм хөгийн юм сэдэхээсээ ичиж, айдаггүй юм уу Л.Оюун-Эрдэнэ ээ!

Танай  намынханд, бас өөрт чинь САН байгуулаад, байгуулсан САН-гаа хэрхэн үр ашигтай ашигладаг тухайд үл  зүйрлэм асар “мэдлэг”, хур гашуун туршлага бий.

Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар УУХҮ-ийн сайд байхдаа яамныхаа дэргэд 2020 оны нэгдүгээр сарын 1-нд байгуулсан “Эрчис-Ойл” нэртэй төрийн өмчит компани байдгийг монголчууд огт мэддэггүй байж.  Байгуулагдсан цагаасаа хойш ямар ч үйл ажиллагаа эрхлээгүй цаасан дээр байсан компани учраас хэрхэн мэдэх  билээ. Ийм нэг компанийг Засгийн газраас тогтоол гарган гэнэт байгуулах болсон зорилго тань одоо тодорхой болж байна.

Өнгөрсөн зун Ашигт малтмал, газрын тосны газраас ийм САН байгуулах саналыг дэвшүүлж, улмаар хуримтлуулах  100 тэрбум төгрөгийг нөгөө шатахуун импортлогч компаниудаас гаргуулан, захиран зарцуулах эрхийг  нь  “Эрчис-Ойл” компанид олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан байх юм. Ингээд зогсохгүй “Эрчис-Ойл”  компани нь Монгол Улсын хэрэгцээт шатахуун, шатах тослох бараа материалын импорт, хуваарлилтыг  дангаараа хариуцахаар болсныг дотоодын компаниудад мэдэгдэн сүрдүүлжээ. Хэрэв САН-д шаардлагатай 100  тэрбум төгрөгийг гаргаж өгөхгүй бол шатахуун жижиглэн худалдаалах эрхэнд халдана гэдгээ АМГТГ, Засгийн  газраас сануулсан нь хувийн хэвшилд хандсан шууд СҮРДҮҮЛЭГ биш гэж үү!

Төр ингэж хувийн хэвшлийн бизнесийг булаадаг, дээрэмддэг жишгийг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар  тогтоочихлоо.

Хачирхалтай нь “Эрчис-Ойл” компани төрийн өмчит аж ахуйн нэгж үү, хувийн өмчит компани уу гэдэг тодорхой   биш байна. Зарим нэг бичиг баримт дээр 2020 оны нэгдүгээр сард Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан  ТӨХК гэсэн атлаа зарим бичигт 2020 оны дөрөвдүгээр сарын 22-нд байгуулагдсан “Эрчис-Ойл” ХХК ч гэж явж  байх жишээтэй. 

Ерөнхий сайд аа, ийм замаар улс орны эдийн засаг хөгжих юм уу? Нефть, шатахууны бизнесийг дангаараа атгах  гэсэн та нарын энэ оролдлого шатахууны үнийн өсөлтийг тогтворжуулж, хомсдлоос гаргаж чадах уу?

Танд болон танай Засгийн газарт ийм чадамж байгаа юм уу?

Би хэрвээ шатахуун импортлогчдын нэг байсан бол Танд хоёр хурууныхаа завсар нэг хуруугаа хийж байгаад  “МАЙ” гэсэн хариулт өгөх байлаа.

Одоо ядарсан  хэдэн үндэсний компани, ард түмнээрээ даажигнаж, дээрэлхэхээ боль! Үнэнийг, үнэн бодит  мэдээллийг ард түмэнд яагаад өгч болдоггүй юм. Шатахууны үнэ нэмэгдэнэ, бүр хомсдолд орно гэдгийг эртнээс  хэлж, үйл ажиллагаагаа зохицуулсан бол илүү хялбар, амар байх байлаа. Үүний оронд үнэ нэмэхгүй, нөөц  хангалттай бий гэж нийгмийг хуурахдаа ийм байдалд орно гэдгээ тооцох хэрэгтэй байж.

Зориудаар энэ хямралыг далимдуулж, шатахууны  бизнесийг төрийн нэрээр булаах гэсэн бол одоо нурлаа л даа.  Яагаад гэвэл шатахууны хомсдол, үнийн өсөлт маш удаан хугацаагаар үргэлжилнэ гэдгийг манайхаас бусад  орны Засгийн газрууд маш сайн мэдэж арга хэмжээгээ авчихаж. 

Манайх хоцорсон.

Монголд шатахуун нийлүүлдэг “Роснефть”-ийн  “Яйск”, “Ангарск” бүгд засварт орсон гэх нэрээр Монголд шатахуун нийлүүлэлтээ бараг зогсоочихлоо. Хэдийгээр засвар нь ирэх сард дуусна гэж байгаа ч, нийлүүлэлт  нэмэгдэхгүй шүү гэсэн дохиог манайд хэдийнэ өгсөн байх юм. Тэгэхээр оросууд ирэх сараас манай руу бензин  ачих эсэх эргэлзээтэй гэсэн үг Ерөнхий сайд аа!

Яагаад гэдгийг том зүрх гарган тайлбарлах гээд үзье. Бодвол Та болон танай Засгийн газрын гишүүд гадаад ертөнцөд болж буй мэдээ, мэдээллийг маниас илүү хангалттай авдаг байх.

Монголд хэдийнэ гар хөлөө  шургуулчихсан, нефтийн хамгийн том худалдааны компани болох үндэстэн дамнасан ТРАФИГУРА групп өнгөрсөн зургаадугаар сарын 16–нд оны эцэс гэхэд нэг баррель нефтийн үнэ 100 ам.доллароор өснө шүү гэж мэдэгдсэн. “ВИТОЛ”, “ГЛЕНКОР” гэх аваргууд ч ийн  мэдээлж байж. Үүнтэй зэрэгцээд Санкт-Петербург хотод болсон Олон улсын Эдийн засгийн чуулган дээр  “Роснефть” концерны тэргүүн Игорь Сечин газрын тосны үйлдвэрлэл зогсонги байдалд орж, хомсдол удаан  хугацаагаар үргэлжилнэ гэдгийг ч хэлсэн.

Манайх даанч арга хэмжээ авсангүй.  Одоо ОХУ-д дотооддоо бензиний хомсолд ороод байгаагаа мэдээлж байна. Ийм байхад Монголд нийлүүлэлт нэмэгдэнэ гэж байх уу Ерөнхий сайд аа!

АНУ-д гарсан “Айда” хар салхины улмаас газрын тосны үйлдвэрлэл нь 77 хувиар унасан. Тус улсад маш олон  үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон нь ирэх оноос нааш сэргэхгүй гэдгийг байнга ярьж байна. АНУ-ын ЭХ-ний  агентлагын мэдээлснээр тэд ОХУ-аас өдөрт дунджаар 848 мянган баррель газрын тосыг хамгийн дээд үнээр авч  байгаа юм байна. АНУ-д үүссэн энэ хомсдол ОХУ-ын экспортод асар ашигтай тусч буйн улмаас бусад улс орнуудад нийлүүлэлтээ багасгаж, улмаар дотооддоо ч хомсдол үүсч байгааг үл тоож байна.

Тэд тэгэхээр Таныг хэр тоож үзэх юм бол! Ийм нөхцөл байдал үүссэнийг мэдэж байгаа юм бол Та 100 тэрбум  төгрөгийн САН байгуулж яг яах гэсэн байх уу? Уг нь танд яаж ийж байгаад, ямар ч аргаар хамаагүй мөнгө босгох  “ухаан” байх шиг байгаа юм. 

Гэхдээ бас болоогүй ээ!

Хэзээ барьж байгуулж, ашиглалтад орох нь тодорхойгүй  нефтийн үйлдвэр ажиллаад эхлэхээр САН-д оруулсан хөрөнгийг нь эргүүлж өгнө гэж нефть импортлогч хэдэн  компаниудаа хөөрхөн аргаар залилах гэж оролдсон тань өрөвмөөр юм. 

У.Хүрэлсүх, Д.Сумьяабазар, та гурав энэ нэг нефтийн үйлдвэрийн үлгэрээ хэдэн жил ярьж шоудах гэсэн юм бэ?

2022 онд ашиглалтад оруулна гэж ярьдаг байснаа саяхнаас сунгаж 2025 онд гэх болсон тань хэр бодитой билээ…  сайн л бодоорой доо! Үйлдвэрийн суурь ч байхгүй байхад ажилчдын орон сууцыг нь барьчихсан онцгой содон  “ухаан” та  гурвынх!

Энэтхэгийн Ерөнхий сайд хөөрхий Моди та гурвын үлгэрт итгэж өгсөн 1 тэрбум ам. доллароосоо болж балрах  шахсныг ядаж марталгүй санаж байгаасай гэж хүсэх байна.

Үргэлжлэл  бий…

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн “НАЖ МОГОЙ” үндэсний холбоо

Орчуулах »