Намын дарга, Генсэк хоёрын шөргөөцөлдөөн ширүүслээ

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн суудал ганхаж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх МАН, МАХН-ын эв нэгдлийг хангах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан тэрбээр Н.Энхбаярын багаас МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал, Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газарт тус бүр 30 хувийн квот олгохоор амалчихсан. Засгийн газарт ч суудал гаргаж өгнө гээд хувь тоглолт хийчихсэн байгаа.

Тэр зовлонгийнхоо ард гарахаар Д.Амарбаясгалан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хэлэлцээрийг хангаж ажиллахыг сануулж.

Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Шадар сайд С.Амарсайхан нарыг Тусгаар тогтнолын ордонд дуудаж, ажлаа хүлээлгэн өгөх бэлтгэлзээ базаахыг анхааруулсан гэнэ. Тиймээс өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хоёр сайдын асуудлыг хэлэлцэх мэдээлэл “задарч”, сайд нараас илүүтэй ажлын алба нь үймэлдэж, зарим нь бичиг цаасаа эмхлэн ширээ сандлаа хураах шахсан байна.

Ер нь Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах төлөвлөгөө МАН-д өрнөөд удаж байгаа.

Хаврын чуулганы төгсгөлд асуудал хурцдан АН-ынхантай нийлсэн хэсэг бусаг нөхөд гарын үсэг цуглуулаад бүтэлгүйтсэн ч намрын чуулгантай зэрэгцэн огцруулах бичгээ өргөн барихаар зэхсэн хэвээр. Үүнд хариу болгож Л.Оюун-Эрдэнэ зуны өдрүүдэд хувийн мөрдөх товчоо байгуулан боксийн холбоог дэргэдээ авч, “тулаан”-ы бэлтгэл хангасан.

Тэгсний хэрээр буюу зуны турш цуглуулсан баримт, ирэх оны төсвийн хуваарилалтаар нам доторх фракциудтайгаа тохиролцоонд хүрмээр аядаж. Тиймээс түрүү долоо хоногийн лхагва гарагийн Засгийн газрын хуралдааны дараа сайд нараа өрөөндөө дуудаж “Хэнийг ч огцруулахгүй. Тайван ажлаа хийж болно. Улс төрийн тохироо хангагдсан” гэсэн юм байх.

Үүнээс гурав хоногийн дараа буюу өнгөрөгч бямба гарагт Тэрэлжид нууц уулзалт зохион байгуулсан. Уулзалтад аймгийн Засаг дарга нар болон УИХ-ын гишүүд цугларч Засгийн газар тогтвортой ажиллах талаарх тохиролцоог албажуулсан гэдэг нь хэвлэлээр нэгэнт ил болсон билээ.

Уулзалтаас ирсэн нөхдийн хэлж байгаагаар ирэх арваннэгдүгээр сард болох намын Их хурал болтол Засгийн газрыг бүрэлдэхүүнээр нь ажиллуулах болсон, улмаар гүйцэтгэх засаглалыг өргөтгөх асуудлыг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж батлуулах талаар ч сэм тохироод тарсан гэж байгаа.

Мөн нөхөн сонгууль өнгөртөл хатуу хөл хорио тогтоохгүй байхын зэрэгцээ ордны өмнөх төв талбайд ямар нэг жагсаал цуглаан болохоос сэргийлж өдөр бүр шоу, зугаа цэнгэлийн ажил хийж байх чиглэл өгөгдсөн гэнэ.

Халдварын тархалт, тэр дундаа бага насны хүүхдийн өвчлөл улам бүр ихэссээр байгаа ч сургууль, цэцэрлэгийг танхимаар хичээллүүлсээр нөхөн сонгуулийн ард гарах, хөл хорио тогтоохгүй байх чиглэлийг Засгийн газраас баримтална гэж мөнөөх нууц уулзалтынхаа үеэр ам гарч.

Эл уулзалт амжилттай болсны баталгаа нь Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” уулзалтад Төрийн гурван өндөрлөг оролцож, тэмдэглэл хөтөлсөн дүр эсгэн хөгөө чирсэн явдал.

Хувийн хэвшлийнхнээ сонсож байгаа нэрийдлээр тэд ойлголцож, нэг талдаа гарч чадсанаа улс төрийн хүрээнд илтгэсэн төрийн гурван өндөрлөг аливаа яриа хэлэлцээ, тэр дундаа Тэрэлжид болсон уулзалтдаа генсэкийг оролцуулаагүй гэж байгаа.

Тиймээс Хотын дарга Д.Сумъяабазартай ойлголцохоо больж, нийслэлийн намын хороон дахь эрх мэдлээ алдан нийслэл, дүүргийн хэмжээнд 30 хувийн квот гаргаж чадахгүй Н.Энхбаярт зүхүүлж суугаа Д.Амарбаясгалан уурссандаа хэд хоногоор утсаа унтрааж, хөшгөө хаагаад сураг алдарсан гэдгийг намынхан нь хэлж байна.

Тэр байтугай сүүлийн үест генсэктэй холбоотой элдэв тендэрийн дуулиан хэвлэлээс салахаа больсон нь намын даргын зүгээс түүнд өгч буй анхааруулга гэнэ.

Энэ эрчээрээ үйл явдал өрнөвөл Их хурлаар намын даргыг жинхэлж, шинэ генсэктэй болох прогноз хүчтэй байгаа тул Д.Амарбаясгалангийн зүгээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг орвонгоор нь шилгээж, дижитал үндэстэн гэх далий шоугаар дельта вирусын тархалтыг өдөөсөн ялд унагахаар ажиллаж эхэллээ гэдгийг эрх баригч намын дотоод дахь эх сурвалжаас өгч байна.

Орчуулах »