Намын даргаа, генсэктэй нь солих сэм уулзалтууд хийгдэж байна

0
310

-УИХ-ыг тараах уу, Засгийн газрыг огцруулах уу-

Сонголтын өмнө МАН зогсож байна. Энэ хоёр замын нэгийг заавал сонгох шаардлагатай. Эс бөгөөс 2020 оны сонгуулиар улаан сарнай энгэртээ зүүсэн бурхан байсан ч сонгогдохгүй байх магадлал өндөр. Шулуухан хэлэхэд, энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуустал олон нийт тэднийг элдвээр зүхэж, хараана гэсэн үг. УИХ-ын дарга УИХ-ыг тараахгүй гэдгээ Ерөнхийлөгчид мэдэгдчихлээ.

У.Хүрэлсүх ч шийдвэрээ гаргаж, Б.Батзоригийг золигт гаргачихлаа. Дараагийн нэг зэргийн сайдыг явуулахад ч бэлэн байгаагаа дуулгасан. Өөрөөр хэлбэл, мань хүн суудалдаа үлдэх сонирхолтой байгаагаа 32-ын бүлгийнхэнд хэлж, огцрохгүй байх арга замыг эрэлхийлээд эхэлсэн.

Гэвч өмнө нь амаараа шороо үмхэж, далаараа тавиулсан 32-ын бүлэг аль хэдийнэ сэм уулзалдаад эхэлчихлээ. Тэдний хувьд дархан эрхээ хадгалж, дараагийн сонгуулиар шударга нэгний дүрд тоглохын тулд Засгийн газрыг тонгорох нь хамгийн зөв шийдэл гэдэгт итгэчихсэн, хор найруулаад эхэлсэн сурагтай. Ямартаа У.Хүрэлсүх чуулганы индэрээс “Тун удахгүй би намаа шинэчилнэ. Энэ чиглэлд намын гишүүдээсээ дэмжлэг хүснэ. Дараа нь ард түмнээсээ дэмжлэг хүснэ. Тэгээд чадахгүй бол огцорно. Зээл авсан гишүүд  ард түмнээсээ уучлал гуйж, зээлээ төлөхгүй бол 2020 онд нэр дэвшүүлэхгүй. МАН-ын Бага хурлыг зарлаж, гишүүдэд хариуцлага тооцно” хэмээн арга ядсан нүүдэл хийж байх вэ дээ. Засгийн газрыг огцруулбал хэлэх үгтэй байх гэснийх.

Мэдээж энэ үгнийхээ дараа У.Хүрэлсүх намынхнаасаа багагүй шүүмжлэл, зэмлэл хүлээсэн. Гэсэн ч тэрбээр “Намайг огцруулбал” хэмээн гараа зангидаж том дуугарсныг намынхан нь шивэр авир хийгээд байгаа. Гэхдээ санаагаа ил цагаан хэлж, 2020 онд нэр дэвшүүлэхгүй хэмээн бойкотлосон. Иймээс МАН Засгийн газрыг огцруулаад зогсохгүй намын даргаа яаралтай өөрчилнө гэх яриа Тусгаар тогтнолын ордноос сонсогдож эхлэв.

Намын Ерөнхий нарийн бичгийн даргыг шинэчлэх санаа мөн үе үе цухалздаг ч амжилт олж байгаагүй. Харин энэ үймээнээр генсэкийг, намын даргатай нь шинэчилж, сонгуулийн өмнө морио юүлэхээр ярилцаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, намын дарга У.Хүрэлсүхийн хэлсэн дээр бага хурлаа хуралдуулж, тэр үеэр асуудлыг тавихаар сэм тохиролцох болсон гэнэ.

Төрийн ордонд Засгийн газрыг огцруулах албан бичиг үйлдэгдэж, гарын үсэг цуглуулахаар зэхэж байгаа бол хашааны гадна журмын нөхөд У.Хүрэлсүхийн ар, өврийг уудалж, ахлах тогоочтой нь тонгорохоор хор найруулж явна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!