Б.Батзориг дархан эрхтэйгээ үлдлээ

0
65

Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Б.Батзоригийг нүцгэлэх ажиллагаа эрчимтэй өрнөв. Өчигдөр түүний давхар дээлийг нь тайлж, олны элэг доог болгосон бол өнөөдөр цамцыг нь тайлах гэж үзэв. Өөрөөр хэлбэл, сайдын сэнтийгээс нь буулгасан бол өнөөдөр гишүүний дархан эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Чуулганы өнөөдрийн хуралдаан 52 хувийн ирцтэйгээр эхэлж, Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэв.

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Гишүүн Б.Батзориг нь “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллахдаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А-88 дугаартай тушаалаар 134 иргэн, хуулийн этгээдэд 74.1 тэрбум төгрөгийн, 2018 оны найм дугаар сарын 24-ний өдрийн А-141 дугаартай тушаалаар 82 иргэн, аж ахуйн нэгжид 25.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцуулгадаа онцлов.

Иймээс түүний дархан эрхийг нь хуулж, хуулийн байгууллага руу авч явахаар болсноо дуулгасан гэхэд болно. Б.Батзоригийг ашиглаж хэргээ бүтээлгэсэн гишүүд түүнийг сайдын сэнтийгээс нь ховхолж дөнгөсөн ч золигт гаргачихаж зүрхэлсэнгүй.

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гишүүдэд хандан “УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөх хүсэлтийг гурав дахь удаагаа оруулж ирж байна. Өмнөх хоёрт нь татгалзсан хариу өгсөн. Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой юм. Та нарын шударга ёсыг тогтоож өгч байгаа чинь хаана байгаа юм. Хууль ёсыг дээдлэх ёстой гэх үндсэн зарчимтай УИХ энэ хүмүүсийг яагаад шалгуулж болдоггүй юм. Түдгэлзүүлэхгүйгээр шалга гэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр УИХ-ын гишүүн, жирийн иргэн хоёрыг шалгах чинь шал өөр. Жирийн иргэн, Сангийн эрхлэгч нь өнөөдөр цагдан хоригдчихсон байж байна. Гэтэл УИХ-ын гишүүн нь энд сууж байна. Шийдвэр гаргасан хүн нь. Энэ хүний үүргийг биелүүлсэн хүмүүс нь тэнд цагдан хоригдчихсон байж байна. Энэ шударга ёс юм уу. Шударга ёсыг тогтоохын төлөө энэ асуудлыг оруулж ирж байгаа юм. Болохгүй, бүтэхгүй алдаа согогтой хууль хийчихсэн. Тэгээд тэр хуулийнх нь дагуу ажиллаж байгаа хүнийг “Чи ажлаа хийсэнгүй” гэдэг. Мөс хайлуулах ажил чинь миний үүрэг биш. Би хууль зөрчиж буй хүнийг Эрүүгийн хэргийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй хүн. Яллах нөхцөл байдал тогтоогдсон бол хэнийг ч яллах үүрэгтэй” гэлээ.

Гишүүн Д.Хаянхярваа нууц санал хураалтыг цахим тооцоолуураар явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ингээд Байнгын хороодын саналаар “Б.Батзоригийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэснийг дэмжье” гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 86.8 хувь нь дэмжлээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!