Эх, хүүхдийг агаарын бохирдлоос хамгаалахад 15.2 сая ам.доллар зарцуулна

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлд хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Хөтөлбөрт 15.2 сая ам.доллар зарцуулах бөгөөд үүний 10.4 сая ам.долларыг НҮБ-ын Хүүхдийг ивээх сан, 4.8 сая ам.долларыг Швейцарийн хөгжлийн агентлаг тус тус гаргах юм байна. Тус хөтөлбөр нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг болон Баянхонгор аймагт энэ оны 4 дүгээр улирлаас эхлэн хэрэгжих юм. Улаанбаатар хотын агаарын бохирдол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нэн тулгамдсан асуудал болоод байна. Агаарын бохирдол нь иргэдийн эрүүл мэндэд ихээхэн эрсдэл учруулдаг бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүд, сургуулийн өмнөх насны хүүхдийн эрүүл мэндэд илүү хүндээр түсдаг, учир нь тэд хамгийн эмзэг, өртөмтгий байдаг. Тиймээс эх, хүүхдийн эрүүл мэндэд учирч буй эрсдлийг бууруулах талаар яаралтай арга хэмжээ авах шаардлагатай хэмээн мэргэжилтнүүд хэлж байв.

 

2018-2021 оны хооронд хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, мөн өвлийн улиралд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд Засгийн газрыг дэмжиж ажиллах юм байна.

Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч, Ерөнхий консул Габриелла Спирли хэлэхдээ, “Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх онц ноцтой хор уршгийн талаар ДЭМБ-аас гаргасан судалгаа дахин нотоллоо. Судалгаагаар дэлхийд жилд хагас сая хүүхэд агаарын бохирдлоос болж нас барж байгаа тоо гарсан. Тиймээс байгаль орчин, эрүүл мэндийн салбарынхан цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлагатай. Швейцарийн хөгжлийн агентлаг болон НҮБ-ын Хүүхдийн сан бусад түнш байгууллагуудтай хамтран агаарын бохирдлоос үүдэх сөрөг нөлөөг бууруулахын тулд дэмжлэг үзүүлэн ажиллах болно. Монголын хүн ам, тэр дундаа хүүхэд багачууд жилийн турш цэвэр агаараар амьсгалж, эрүүл мэндийн чанартай сайн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэхийг бид зорьж ажиллана” гэв.

Өвлийн улиралд Улаанбаатар хотын нарийн ширхэглэгт тоосонцор буюу РМ 2.5 өдрийн цагт 687 мкг/куб.метрт хүрсэн нь ДЭМБ-ын зөвшөөрөгдсөн стандартаас 27 дахин их байгаа үзүүлэлт юм. Өнөөдрийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгаан нь уушгины үрэвсэл болоод байгаа юм. Мөн судалгаагаар Улаанбаатар хотын хүүхдүүдийн уушгины хэвийн үйл ажиллагаа хөдөө амьдарч буй хүүхдүүдээс 40 хувиар доогоор байна гэсэн дүн гарчээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!