Б.Батзоригийг сайдын албан тушаалаас нь чөлөөллөө

Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас  чөлөөлөх тухай тогтоолын төслийн хэлэлцэж гишүүдийн 76 хувь нь дэмжлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайдын огцруулах үндэслэлээ дурьдахдаа эрүүл мэндийн шалтгаанаар хэмээн тодотгосон нь олон хүнийг алмайруулав.

Түүнчлэн Б.Батзоригоор МАН туг тахиж, Гүйцэтгэх засаглалаа бүтэн авч үлдэхийг хичээж байгааг шүүмжлэх нэгэн ч байлаа. Тухайлбал, гишүүн О.Баасанхүү “Танай намын Ерөнхий нарийн бичгийн дарга эхлээд баахан хүн зээл авсан. Намын даалгавар уу, Засгийн даалгавар уу. Намынх бол ганцхан хүнд хариуцлага үүрүүлмээргүй байна. Танай ЕНБД-аас эхлээд урдаа барьдаг залуучууд, бизнес эрхлэгчид бүгд уучлалт гуйж байна. Ард түмэн бухимдалтай байна. ЖДҮХС-аас зээл олгосон явдал нь хэний даалгавар байсан бэ. Одоогоор танай Засгийн газар хоёр дахь сайдаа огцруулж байна. Дараа нь хэнийг огцруулах вэ” хэмээв.

Мөн гишүүн Л.Болд “Өнөөдөр бид ганцхан сайдын асуудал яриагүй. Монгол төрийн тогтолцоо, Засгийн газар цааш яах вэ гэдгийг ярьж байгаа эхний алхам. ЖДҮХС-аас олгосон зээлд намын оролцоо байхгүй гэж намын дарга нь мэдэгдэл хийж байна. Гэтэл ЕНБД оролцсон байна. Бүлгийн дарга чинь албан бичиг явуулсан гэдэг яриа гараад байгаа. Энэ асуудлыг туг тахих хэлбэрээр явах боломж байхгүй. Энэ УИХ цаашид ажиллах чадамжгүй гэдэг асуудал хөндөгдөөд байгаа шүү. Өнөөдөр та бид энэ асуудал яаж шийдэгдэхээс шалтгаална. Ард түмнийг тэнэгт тооцоод, аргалж сурснаараа аргалаад явна гэж байхгүй” гэсэн юм.

Харин Б.Батзориг сайд ээжээсээ болон хамт ажиллаж байсан нөхдөөсөө уучлал гуйж байгаагаа мэдэгдсэн. Энэ үеэр АН-ын зарим гишүүн матрын нулимс унагав. Гишүүн Я.Санжмятав “Би Б.Батзоригтой хамтарч ажиллаж байсан. Ардын намын санаанд ч орохгүй 1000 айлын орон сууцыг бариад, үйлдвэр эрхлэгчдээ дэмжээд явж байсан. Ийм хүн жижиг дунд үйлдвэрийн сангаас хулгай хийсэн гэж бодохгүй байна. Сангаас зээл олгосон нь намын даалгавар гэж харж байна. Гэтэл Ардын намд зээл аваагүй нэг нь ташаад сууж байна” гэсэн юм.

Эцэст нь санал хураалт явуулахад Б.Батзоригийн тусламжтайгаар зээл авсан нөхдүүд ч кноп дарж, түүнийг огцрууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!