Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч сайтын редакци руу утастан ааш омгоо гаргав

-Тэрээр АТГ муу ажилладгаас болж Н.Баяртсайханы нэр хүнд асуудалд орсон гэнэ-

Я.Содбаатар эхнэрээ танихаа больж, Б.Батзориг гүтгэлэг хэмээн хэвлэлийнхнийг гүжирдэн загнаж байлаа. Тэр бүү хэл, надад ийм компани байхгүй, эсвэл хамааралгүй гэж мэлзэх хэсэг байхад “Харин ч зориулалтын дагуу ашигласан шүү. Зориулалтын бусаар ашигласан гишүүд олон бий” гэх байдлаар ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд дор бүрнээ тайлбар, няцаалт хийн үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигналдаж байна. Гэхдээ хэн нь ч авснаа хүлээн зөвшөөрөлгүй гүлдийцгээж байв. Харамсалтай нь, эцэстээ үнэнд гүйцэгдэж эхнээсээ албан тушаалаа өгч, зарим нь цайны мөнгө өгч буй мэт зээлээ буцаан шидэлж, хагас хугас уучлал гуйж байна.

Гэсэн ч одоо болтол гүлдийтэл гүрийж, хүлээн зөвшөөрөөгүй албан тушаалтнууд байна аа. Тэдний нэг нь төв банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан. Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Н.Баяртсайхан “Жи Пи Эм” компаниас хувь эзэмшдэг тухай өөрөө мэдүүлсэн. Улмаар энэ компани нь ЖДҮХС-гаас зээл авсан компаниудын нэрс дунд зурайж байгаа юм. Гэтэл түүнд ийм компани байдаггүй талаар Монголбанкны хэвлэлийн албанаас өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл гаргаж, албаныхаа сайт дээр тавьсан юм байх.

Гэтэл мөнөөх мэдэгдлийг нь олж уншсангүй гэж төвбанкны хэвлэлийн албаны н.Ариунаа гэгч редакци руу утас цохиж, тачигнатал загнаж байна. “Н.Баяртсайханд ийм компани байхгүй. Энэ бол гүтгэлэг” гэж ирээд бууж мордов. Тэрбайтугай “Хөрөнгө орлогын мэдүүлэгт нь манай банкны ерөнхийлөгчид хамааралгүй компани бичигдсэн байгаа бол АТГ ажлаа хийдэггүйн илрэл” гэж Авлигатай тэмцэх газрыг ч дам зүхээд авав. Эрхэм Ариунаагийнхаар бол АТГ хүн бүхний хөрөнгө орлогын мэдүүлэгт дурьдагдсан бүгдийг ширхэгчлэн шалгаад Н.Баяртсайханы компани биш гэдгийг илрүүлээд Хөрөнгө орлогоос нь хасуулах учиртай байсан юм гэнэ.

Уг нь хөрөнгийн эзэн хөрөнгөө өөрөө АТГ-т мэдүүлдэг. Тэр зарчмаар Н.Баяртсайхан ч хөрөнгийн мэдээллээ гаргасан байж таарна. Гэтэл Хэвлэлийн албанд нь суугаа мань бүсгүй өмнөөс нь бөглөсөн мэт аашилж, аархав. Түүнчлэн Төв банкнаас гаргасан мэдэгдэлд “Тухайн мэдээлэлд дурьдагдсан Жи Пи Эм ХХК нь Монголбанкны Ерөнхийлөгч, түүнтэй харилцан хамаарал бүхий бусад этгээдтэй ямар нэгэн хамааралгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ. Монголбанкны хэвлэлийн алба банктай холбоотой асуудалд л хандахаас биш ингэж хувь хүний асуудлыг албажуулж мэдэгдэх ёстой ч уу, үгүй ч үү. Ямартай ч өөрт хамааралгүй компанийг Н.Баяртсайхан нь Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бөглөж, будилсан болж таарч байгаа юм. Бусад нь хөрөнгөө нууж, хааж ядаж байхад хувьцаа эзэмшдэггүй бусдын компанийг өөрийн хөрөнгө хэмээн мэдүүлж байдаг, бас л будилуу нөхөр байх нь.

Нөгөөтэйгүүр, өнөөх АТГ-ыг буруутган загнаж байсан Монголбанкны гэх албан тодотголтой ч Н.Баяртсайханы хувийн нь хэвлэлийн төлөөлөгч шиг уур омогтой бүсгүйн хэлснээр Улсын бүртгэлийн ерөнхий газар компанийн нэрийг давхардуулан олгосон гэнэ. Тийм учраас УБЕГ-тай хариуцлага тооц гэж байгаа юм. Энгийн иргэдэд нэр байтугай үсэг давхардуулахгүй буцааж, хааж хавчдаг УБЕГ яахаараа ч компанийн нэрийг давхардуулж алдаа гаргадаг юм. Бас л асуудал шүү.

Ер нь төрийн албанд томилогдсон намын харьяалалтай нөхдөд иргэд итгэхээ болиод удаж байна. Тэр утгаараа УБЕГ-ын лавлагаа, тодруулгад итгэж буй нь хэд бол. Аль аль нь ноцтой бөгөөд но-той асуудал.

Мөн Монголбанкны ерөнхийлөгчийн хөрөнгө орлогын мэдүүлэгт дурьдагдсан компани нь ЖДҮХС-гаас зээл авсан байлаа ч түүнийг огцруулах үндэслэл болохгүй хэмээн төвбанкны Хэвлэлийн төлөөлөгч загнав. Үндэслэл болох эсэхийг хуулийн байгууллага тогтоож шалгана уу гэхээс хэвлэлийн төлөөлөгчийн мэдлийн хүрээнээс хальсан асуудал байлгүй дээ уг нь.

Товчхондоо төвбанкны Хэвлэлийн төлөөлөгч хүүхэн иргэн Н.Баяртсайханы туслах шиг аяглаж манай редакцийн дарга, цэрэггүй бүгд рүү утасдаж ааг омгоо гаргав. Монголбанкны үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах үүрэг хүлээдэг гэж ойлгодог хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлзүйн тогоонд яваагүй юм шиг ингэж увайгүйтэх дэндүү эмгэнэлтэй юм. Тэгээд ч яг одоогийн цаг үед Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж буй Н.Баяртсайхан гэж хүний хувийн компаниудын асуудлыг хөндөж байхад төвбанкны нэр хүндэд халдчихсан юм шиг андууран чичрэхийн учир ч юув.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!