Хуурамч шатахуун үйлдвэрлэгчидтэй хотын мээр холбоотой юу?!

Шатахуун түгээх станцын түгээгчид бензин, түлш дутуу шахдаг, тоолуур нь яах аргагүй зааж мөнгөндөө таарсан шатахуун авсан хэр нь хянах самбар дээрх шатахууны заалтын шар гэрэл унтрахгүй, эсвэл хэдхэн км яваад эргээд асдаг талаар жолооч нар, иргэд нэг хэсэг цахим сүлжээгээр шуугисан.

Мэдээллийн мөрөөр Мэргэжлийн хяналтынхан шалгалт хийж, нэр бүхий компани, шатахуун түгээх станцынхан иргэдийг хохироож байсныг тухайн үед мэдээлж байв. Шуугиан тэгэсхийгээд намжсан.

Тэрчлэн түлш, шатахуунтай холбоотой бас нэг дуулиант мэдээлэл тарсан нь Монголд олон жил хуурамч түлш, шатахуун их хэмжээгээр борлуулж байсан тухай байв. Ийм түлш, шатахууны улмаас иргэдийн машины хөдөлгүүр доголдож, засвар, үйлчилгээнд олон сая төгрөг зарцуулан хохирч байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, Ц.Анандбазар нараас эхлээд олон хүн мэдээлсэн.

Мэргэжлийн хяналтын байгууллагынхан асуудлыг шалгаж “Үнэн байна, хуурамч түлш, шатахуун борлуулж байжээ” гээд нэр бүхий импортлогч компани, шатахуун түгээх станцуудыг түмэнд зарласан. Төрийн бус зарим байгууллага ч шүүмжилж байв. Олныг хэсэг шуугиулсан энэ асуудал дээрхтэй адил мөн л замхарсан. Хуурамч түлш, шатахуун нийлүүлэгч гол буруутнаар Сингапурт төвтэй “Трафигура” хэмээх компанийг нэрлэдэг.

Түлш, шатахууны худалдаагаар дэлхийд эхний гурав, дөрөвт ордог гэгддэг дэлхийн хэмжээний энэ том компани Монголд үйл ажиллагаа явуулж буй нь сайн хэрэг. Гагцхүү эл компанитай хувийн ашиг сонирхлоор холбогдсон манай сайд, дарга нарт учир их бий юм.

Шатахуун үйлдвэрлэгчид хөнгөн, хүнд гэх хоёр төрлийн бүтээгдэхүүн экспортолдог. Хөнгөн ангилалд “АИ-95”, “АИ-98”-аас эхлээд онгоцны шатахуун гээд хорт хий, хүнд элемент бага ялгаруулдаг түлш, бензин багтдаг бол хүндэд нь уул уурхайн машин механизмын болон усан онгоцны дизель түлш, шатахуун хамаардаг аж.

Дэлхийн зах зээл дээрх үнэ нь ч харьцангуй хямд.

Олон улсаас аль болох хямд, тэр хэрээр чанар тааруу бараа бүтээгдэхүүн хайж явдаг, улс орон, иргэдээ өчүүхэн төдий ч боддоггүй зарим нэг улстөрч, бизнес эрхлэгчдэд “Трафигура”-гийн борлуулдаг хүнд түлш, шатахуун том олз болсон нь мэдээж. Тиймээс манайхан тус компаниас зүүгдээд авсан биз. Их хэмжээний мөнгө эргэлдүүлдэг бензин, шатахууны бизнест дурын хүн орж чаддаггүй нь үнэн.

Том компани, тэдний лоббидсон улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудын л хийдэг наймаа.

Монголд хуурамч түлш шатахуун борлуулж, хэрэглэгчдийг мэхэлж, машин техникийг нь эвдэн зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан хорт хий, хүнд элементүүдийг байгаль орчинд хаяж буйн гол буруутан нь эрх мэдэлтэй хэсэг бүлэг хүмүүс юм. Тэд хямд үнэтэй, онцгой татварт хамаарахгүй, хүнд ангиллын түлш, шатахуун импортолж, цөм ашиг хийхийн тулд керосин, нафта хольж, ШТС, компаниудад нийлүүлж хуйвалдан, хэрэглэгчдийг хууран мэхэлж байна.

Үүнийг “Зөвхөн ганцхан жилийн дотор дээрх хоёр төрлийн бүтээгдэхүүнээс 220 мянган тонныг импортоор оруулж иржээ. Керосин, нафтаг ийм их хэмжээгээр хэрэглэх шаардлага Монголд байхгүй” гэж УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж мэдэгдээд үүнийг хуурамч шатахуун үйлдвэрлэхэд ашигладаг хэмээн хатуухан донгодсон.

Мөн “Сүүлийн зургаан жилийн турш хуурамч түлш, шатахуун борлуулж, улсад жилд 60-70 тэрбум төгрөгийн хохирол учруулсан” гэж өнгөрөгч нэгдүгээр сарын 22-нд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар ч онцлон мэдэгдсэн. Эндээс харахад керосин, нафтаг оруулж ирэхэд гаалийн онцгой татвар авдаггүй нь “Трафигура”-г Монголд төлөөлж буй эрхмүүдэд алтан боломж болдог юм байна.

Д.Эрдэнэсүрэнгийн том бизнесийнх нь халхавч, брэндийн дэлгүүр нь ШангриЛа-д бий

Сингапурт төвтэй “Трафигура” компанийг Монголд Д.Эрдэнэсүрэн гэх эмэгтэй, түүний хүү Э.Жононбаяр нар төлөөлдөг. Тэдний оруулж ирсэн хүнд түлш, шатахууныг авч керосин, нафтатай хольж, хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цөөнгүй үйлдвэр Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд ажилладгийг хэн хүнгүй мэднэ.

Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын гэх ийм нэг үйлдвэр Эрдэнэтэд байдаг юм байна. Монгол дахь бизнес нь өргөжиж буй “Трафигура” Улаанбаатараас гадна төмөр зам дагасан хэд хэдэн газарт 5-6 томоохон агуулах байгуулжээ.

Хуурамч түлш, шатахуун “үйлдвэрлэгч” нууц эздээр нэрлэгддэг ээж, хүү хоёрын ашиг орлого ч эрс нэмэгдсэн гэдэг. Гаалийн жирийн нэг байцаагч байсан Д.Эрдэнэсүрэн гэх эмэгтэй хэдхэн жилийн дотор тэрбумтны эгнээнд шилжиж, 4-5 тэрбумын үнэтэй “АСЕМ ВИЛЛА” хотхонд амьдрах болсон юм байх.

Нэг л өдөр жирийн байцаагчаас ГЕГ-ын хэлтсийн дарга болон огцом дэвшсэнийг нь тус газрын дарга Б.Асралт, түүний хадам ах УИХ-ын гишүүн Сү.Батболд нартай холбодог.

Монголд хуурамч түлш, шатахуун үйлдвэрлэгч гол буруутнаар нэрлэгдээд байгаа ээж, хүү хоёрын цаана нэр бүхий олны танил хэд хэдэн эрхэм бий. Тэд буюу керосин, нафта импортлогч болон тэднээс авч хүнд түлштэй хольж найруулж байгаа компаниуд гэм зэмийг хуваалцах ёстой.

Энэ гэмээс “Трафигура” ч ангид байх учиргүй.

Дэлхийн хэмжээний худалдааны том компани юм бол том л байх хэрэгтэй. Нэр дээр нь дөрөөлөн хуурамч түлш, шатахуун үйлдвэрлэгч манай дарга нарын хамгаалалт бүхий компаниудтай байгуулсан гэрээ энэ тэр байдаг бол цуцалж, Монгол дахь үйл ажиллагаагаа тунгалагшуулах учиртай.

Хуурамч түлш, шатахуун үйлдвэрлэж байгааг шалгасан төрийн байгууллагууд шиг бид ч энэ сэдвийг орхихгүй, үргэлжлүүлэн сурвалжлах болно.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »