Шатахуун импортлогчид сэм, сэмхэн үнээ нэмсээр АИ-92 бензин 432 төгрөгөөр нэмэгджээ

0
72

-2018 ОН ГАРСААР ДИЗЕЛЬ 451 ТӨГРӨГ, АИ-95 БЕНЗИН 414 ТӨГРӨГӨӨР
НЭМЭГДЖЭЭ-

Монголоор овоглосон хэн бүхэн Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг дөрөв хоног тэмдэглэхээр догдолж буй энэ өдрүүдэд шатахуун импортлогчид нэмээ сэмхэн өсгөчхөв. Одоогоос хэдэн сарын өмнө жавар тачигнаж, чөмөг царцах дөхсөн цагаан сарын үеэр бензин, түлшний үнэ өсөж, жолооч нарыг багагүй бухимдуулсан. Мөн наадмаар түлшнийхээ үнийг нэмж хуушууранд хачирласан. Шатахуун нийлүүлэгчид он гарсаар үнээ алгуур боловч хэд, хэдэн удаа нэмжээ.

Цаг сайхан үед шатахуун импортлогчид бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхдээ нэгэн зэрэг өглөө унтаад сэрэхэд нэмдэг байлаа. Гэвч сүүлийн гурван сард хоттой хонь руу сэмхэн дайрдаг хээрийн боохой шиг эхлээд орон нутгуудад үнээ нэмж байгаад хэсэг хугацааны дараа гэр хорооллын захаар шатахууныхаа үнийг нэмж иргэдийг дасгана. Дараа нь өргөн хэрэглээний биш дизель түлшнийхээ үнийг чимээхгүйхэн нэмдэг “муухай” жишиг тогтчихлоо.

Шатахуун импортлогчид өргөн хэрэглээний АИ-92 бензиний үнийг нэмдэг арга барил бүр ч нарийссан. Тухайлбал, иргэдийн төөрөгдүүлхийн тулд нэн тэргүүнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр шатахууны үнэ нэмэгдэнэ гэсэн мэдээлэл тарааж хүмүүсийн сэтгэлзүйг бэлтгэнэ. Тун удалгүй цөөхөн салбартай ШТС-уудад литр тутамынх нь үнийг нь 20-30 төгрөгөөр нэмснийхээ дараа акулууд нь хэд, хэд хоногийн зөрүүтэй нүдэнд үл үзэгдэх байдлаар шатахууныхаа үнийг нэмдэг болсон. Үүнийг төрийн эрх баригчид мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөдөг.

Өнгөрсөн хавар шатахууны үнэ нэмэгдвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъябазар албан тушаалаа өгнө гэж мэдэгдэж байлаа. Гэтэл 2018 он гарснаас хойш дизелийн үнэ 451 төгрөгөөр, АИ-92 бензиний үнэ 432 төгрөгөөр, АИ-95 бензин 414 төгрөгөөр тус, тус нэмэгдсэн гэдэг үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос гаргадаг долоо хоног бүрийн судалгаанаас бодож үзэхэд ийм байна. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар шатахууны үнэ нэмэх үндэслэлгүй хэмээн өнгөрсөн сарын эхээр мэдэгдэж байсан. Тэрбээр саяхан хэвлэлд өгсөн тодруулгадаа “Бууна гэсэн итгэл үнэмшилтэй байна. Засгийн газар онцгой албан татварыг тэглэсэн байгаа. Зах зээл дэхь үнийн өсөлтийн шокийг хамгийн сайн шингээдэг зүйл бол зарчим. Зах зээлийн зарчмаар л явах асуудал. Гэхдээ зах зээлийн зарчмаараа явах ёстой гээд зүгээр суулгүй татварыг нь тэглэсэн байгаа” хэмээн ярьсан байдаг. Төрөөс монголчуудын өргөнөөр хэрэглэдэг АИ 80, АИ 92 авто бензинийг импортын татваргүй болгоод багагүй хугацаа өнгөрч байгаа. Энэ хэмжээгээр төсвийн орлого буурсан. Харин алдагдалыг татвар төлөгчдийн мөнгөөр нөхөж байгаа.

Бензин бол өргөн хэрэглээний бараа биш, онцгой бүтээгдэхүүн. Бензиний үнэ өсөхөд дагаад барааны бүтээгдэхүүний үнэ өсдөг уламжлалтай. Тиймээс төр заавал оролцон үнийг тогтвортой барих ёстой. Шатахуун, бараа үйлчилгээний үнэ уралдан өсөж буй энэ цагт ард түмний цалин орлогын өсөлт тэг зогсолт хийсэн. Монголчуудын хөдөлмөрийн хөлсний алтан дунджыг илэрхийлдэг медиан цалин 2016 оны зургаадугаар сард 700 мянган төгрөг хүрч байсан бол 2018 онд ердөө нэг хүрэхгүй хувь буюу 7.9 мянган төгрөгөөр нэмэгджээ. Өнөөдөр монгол хүний дундаж цалин 705.9 мянган төгрөгтэй тэнцэж байгаа. Үнэ, ханш дээшилж үүлэн дээр хөвсөлзөз явахад цалин орлого  нь өсөж өндийлгүй газрын бэтэг мэт тээр доор үлдсэн. Өнөөдрийн байдлаар олон улсад нэг баррель түүхий нефтийн үнэ 63.56 ам.доллар байна. 72 ам.долларыг давж байсан бол одоо бүхэл бүтэн найман доллараар буурсан байхад Монгол Улсад шатахууны үнэ нэмэгдсээр л байгаа. Сүүлийн үедт эрчимтэй өсөж буй шатахууны үнийн өсөлтөд дарлуулахгүйн тулд иргэд төрийн удирдлагуудаас газрын тос боловсруулах үйлдвэрийг ойрын хугацаанд ашиглалтад оруулахыг шахаж шаардах л үлдээд байна.

-МОНГОЛ УЛС 1998 ОНООС ХОЙШ БНХАУ-Д 5.6 САЯ ТОНН
ГАЗРЫН ТОС ЭКСПОРТОЛЖЭЭ-

Монгол Улсад гурван талбайд  333 сая  тонн баталгаат зэрэглэлийн нөөц тогтоосон нь  газрын тосны нөөцийн хэмжээгээр 100 орчим орноос 33-т жагсах болсон. Газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь импортоор хангаж, жилд 1,2 сая орчим  тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Харин манай улс хоногт дунджаар 2742 тонн газрын тос олборлож, экспортолдог гэсэн мэдээлэл байна. 1998 оноос хойш 5,9 сая тонн тос олборлож, 5,6 сая тонн тосыг БНХАУ-д  экспортолжээ. Энэхүү судалгаагаар бид шатахууны хэрэгцээгээ дотоодоосоо хангах нөөц бололцоо бүрэн бий гэдэг нь харагдаж байна. АМГТГ-ын мэдээлснээр “1,5-2 сая орчим тонн нефть боловсруулах хүчин чадал бүхий Газрын тос боловсруулах үйлдвэр Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаад эхэлчихсэн. Энэ жил дэд бүтцийн ажлууд хийгдэж байгаа. 18 км орчим төмөр зам, 17 км орчим хатуу хучилттай зам, 110 Кватт цахилгаан эрчим хүч дамжуулах шугам гээд одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай явж байна. Дэд бүтцийн ажил хийж байгаа компаниуд маань 2019 оны зургаадугаар сард ажлаа бүрэн дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Үйлдвэрийн барилгын ажил хөнгөлөлттэй зээлийн тусламжаар гүйцэтгэгднэ. 2023 онд гэхэд үйлдвэрийг бүрэн ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна” гэсэн мэдээллийг өгч буй юм.

Эх сурвалж: medee.mn

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!