Зээлээ зориулалтын дагуу зарцуулаагүй нөхдийг тусгайлан шалгая

0
751

МАН-ын гишүүд Жижиг дунд, үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг шавхсан бол Төрийн тэргүүнийг тойрсон нөхөд Мал хамгаалах санг цөлмөжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын зээл авсан гишүүдийн хар толгойтой хариуцлага ярих талаар ямар том дуугарч байлаа. Тодруулбал, Х.Баттулга МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож, төсвийн талаар байр сууриа илэрхийлэхдээ жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зориулалттай зээлийг нэр бүхий УИХ-ын гишүүд авсанд шүүмжлэлтэй хандсан. Улмаар Засгийн газар гэхээсээ илүүтэй УИХ тарах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Тэгвэл УИХ-тай хамт Төрийн тэргүүн ч тахимаа өгөх шаардлага үүсч мэдэхээр байна. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан “Өвөл, хаврыг өнтэй давъя” аяныг хэрэгжүүлэхээр болж төсвөөс 40 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл энэ мөнгө Төрийн тэргүүн болоод түүний тойрон хүрээлэгчдийн халаасанд орчихож.

Ерөнхийлөгч Х.Баттулгыг ганзгын наймаанаас гараагаа эхэлж, хөлжсөн нэгэн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Улсын үйлдвэрүүдийг хувьчилж авч, өдгөө үйл ажиллагааг нь тасалдуулалгүй авч яваагаар нь бахархах хэсэг нөхөд мөн бий. Монголын байтугай Азийн толгой баячуудын тоонд зүй ёсоор эрэмбэлэгддэг тэрбээр өдгөө хэдэн компанитайгаа ч мартсан байж мэдэх юм. Магадгүй бусад гишүүдийн адил “Надад Милл хаус гэж гурилын үйлдвэр байхгүй” гэвэл гайхах ч хэрэггүй. Таван хуруунд багтах компаниа мартаж, санах нэгэн байхад 10 хол давсан компанитай Төрийн тэргүүнийг компани нэг бүрээ тогтоож яв гэлтэй биш. Зарим нь эхнэрээ хүртэл санахгүй байхад энэ зэрэг ч яамай. Тэр дундаа Ерөнхийлөгч Х.Баттулгын дүү Х.Баттуулын эхнэр Н.Алтанцэцэг хариуцан ажиллуулдаг “Милл хаус”-ыг мань хүн яаж санах билээ дээ. Я.Содбаатар эхнэрээ мартчихсан байхад Х.Баттуул ч эхнэрийн нь компани өнөөх сангаас хоёр тэрбумыг зээлчихсэн явааг мэдэхгүй гэх биз.

Мөн энэ сангаас “Түмэн шувуут”-ын Л.Эрхэмбаяр хүртэл зээл авч. Сонгууль бүрээр Сонгинохайрхан дүүргээс хүч үзэж, өвдөг шорооддогоороо улс төрийн хүрээнд танигдсан нэгэн. Нэг үе АН-ын гал тогоог атгаж, ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан. Гэхдээ АН-ын гэхээс илүүтэй “Түмэн шувуут”-ын гэвэл хүмүүс мэднэ. Түүний компани дээрх сангаас нэг тэрбумыг хүүгүй зээлсэн байгаа юм. Гэхдээ тэр ядаж 420 гаруй тонн тэжээл оруулж иржээ, яахав.

Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ж.Цэсэнгийн гэр бүлийн хүний  “Дөлгөөн Оргил” компани нэг ширхэг ч тэжээл импортлоогүй гэсэн мэдээлэл байна. Хэрэв тийм бол 1.2 тэрбум төгрөгийн зээлийг Мал хамгаалах сангаас авсан “Дөлгөөн-Оргил” компани зээлээ чухам юунд зарцуулав гэдгийг хуулийн хяналтынхан шалгах биз ээ. Энэ бүхний эцэст, манай эрхэм өндөрлөгүүд өөр өөрсдийн бүлэг фракц, эхнэр хүүхэд, ажлын хэсгийнхнийхээ авсан өгсөн зээл, төсөл тендэрүүдийг лавлаж, нягталсны эцэст элдэв мэдэгдэл хийж попорч байвал унах газар нь ядаж зөөлөн байж мэдэх юм

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!