О.Дашпагам: Томуугийн гурван төрлийн вирусын эсрэг вакциныг хийж байгаа

0
65

Өвөл болж, томуугийн дэгдэлт нэмэгдэж байна. Томуу бол вирусээр үүсдэг халдварт өвчин бөгөөд дэгдэлтийнх нь оргил үед насанд хүрсэн 10 хүн тутмын нэг нь, бүх хүүхдийн 30 хувь нь өвчилдөг гэсэн судалдаа байдаг. Тэгвэл энэхүү өвчний эсрэг сайн дурын дархлаажуулалт ХӨСҮТ-д хийгдэж эхэлсэн байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагамаас дараах зүйлийг тодрууллаа. 

-Томуугийн эсрэг вакцинжуулалт хийгдэж байгаа юм байна. Энэхүү вакцины талаар мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсын Засгийн газраас энэ жил БНСУ-д үйлдвэрлэгдсэн GCflu хэмээх 45000 хүнтун вакцинийг хүлээн авсан. Мөн АНУ-ын Даян дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 80000 хүнтун вакциныг нэмэлтээр авч нийт 125000 хүнтун вакцинийг хийхээр товлоод байна. Энэхүү вакцин нь гурван төрлийн вирусын эсрэг үйлчилгээтэй юм. Өнгөрөгч сарын 29-өөс эхлэн аймаг нийслэлийн хэмжээнд зорилтод бүлгийн буюу эмч, эмнэлэгийн байгууллагын ажилчид, нийслэлийн төрийн өмчийн буюу улсын 160 гаруй цэцэрлэгийн 2-оос 5 насны хүүхдүүд, жирэмсэн болон 65-аас дээш насны зэрэг хүмүүст үнэ төлбөргүй хийж байгаа.

-Томуугийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүс дахиад ханиад хүрээд байна гэдэг энэ нь ямар учиртай вэ?

-Томуу бол вирусээр үүсдэг халдварт өвчин. Тиймээс олон төрлийн вирус байдаг. Иргэдийн дунд томуу гэхээр л нэг л вирус байдаг гэсэн буруу ойлголт байдаг. Үнэндээ дэлхийд томуугийн 100 гаруй төрлийн вирус бүртгэгдээд байгаа. Манайд одоо хийж байгаа вакцин бол дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст түгээмэл дэгддэг гурван төрлийн вирусийн эсрэг үйлчилгээтэй юм. Тиймээс энэхүү вакциныг хийлгэсэн хүн томуугийн өөр төрлийн вирусээр өвдөх боломжтой. Мөн вакциныг хийснээс хойш 14 хоногийн дараа тэрхүү дархлаа нь тогтдог. Магадгүй энэ хугацаанд тухайн хүн халдвар авч болно. Харин 14 хоногийн дараанаас бол томуугийн энэхүү гурван төрлийн вирусээр өвчлөхгүй.

-Вакцин хийлгэснээр харшил нөлөө гэж бий юу? 

-Байгаа. Томуугаар өвчилсөн, тахиа болон өндөгнөөс харшил өгдөг хүмүүс хийлгэж болохгүй. Мөн сүүлийн нэг сарын дотор товлолын вакцин хийлгэсэн хүмүүст хийхгүй. Өөрөөр бол ямар нэгэн харшил нөлөөгүй юм.

-Дээрх зорилтот бүлэгт ороогүй хүмүүс хийлгэх боломжтой юу? 

-Тийм ээ. Иргэд сайн дураараа хийлгэхийг хүсвэл манай ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад 08:30 цагаас 14:30цагийн хооронд ирж хийлгэх боломжтой. Үнэ хөлсний хувьд 15000 хийж байгаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!