Д.Батням: Хуулийн нэр барьсан зальт этгээдүүд төрийн нэрийн өмнөөс хүн яллахыг харлаа

0
173
…Монгол Улсын Ерөнхийлөгч өө, таны өрхийг нь татаж баганыг нь барьж байгаа энэ улсад иргэний эрх газрын гаваар орж хууль, шүүхийнхэний мэдэл, дарамт шахалт хэрээс хэтэрчээ.

Жирийн иргэний халаасанд байгаа 120 сая төгрөгийг УЕПГ-ын нэр бүхий прокурор хэрхэн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан завшсан, хууль баталж, ял эцэслэж, гэм зэмгүйг тогтоодог алх хэрхэн жирийн иргэнийг хүнд дэглэмтэй хорих анги руу “явуулж” болдгийг харна уу. Мөнгөний төлөө албан тушаалаа урвуулан, Монгол Улсын хууль, журмыг уландаа гишгэж буй шүүх, цагдаа, прокурорынхны зарим нэг “заримдагуудтай” холбогдох хэрэг шат шатандаа хэрхэн замхарсныг хүргэе.

-Та эхлээд манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Д.Батням гэдэг. Израйль улсад хортой, хүнд нөхцөлд найман жил ажиллаад 2013 онд эх орондоо ирсэн. Хүний нутагт ингэж ажиллахдаа 120 сая төгрөг хурааж чадсан. Харамсалтай нь, найман жилийн хөдөлмөрийн үр шимээ амьдралдаа зарцуулж чадалгүй албан тушаалтнуудын гарт алдчихлаа. Хуулийн нэр барьсан зальт этгээдүүд төрийн нэрийн өмнөөс хүн яллахыг харлаа.

-Хуулийн нэр барьсан этгээдүүд гэж та хэнийг хэлэв?

-Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналтын прокурор Ш.Сүхбат гэж хүнийг тодруулж хэлж байна. Ш.Сүхбат прокурорын төрсөн дүү Ш.Батболд, бэр дүү Б.Болорчулуун нартай холбогдсон нь миний амьдралыг там болгочихсон юм. Ийм заль мэхтнүүдийн хар гайгаар би 433 дугаар хорих анги буюу Дарьт дахь чанга дэглэмтэй шоронд гурван жил, нэг сарын ял эдлэхэд хүрсэн. Ямар ч гэмгүй хүнийг ялтан болгох энэ ажиллагаанд Ш.Сүхбат гэж прокурор, түүний гэр бүлийнхэний даалгавраар шат шатандаа намайг хэлмэгдүүлж хэрэгт унагасан таван шүүгч дөрвөн цагдаагийн асуудал энд яригдана.

-Таныг хэлмэгдүүлж, яланд унагасан гэлээ. Яг юу болсон юм бэ. Манай уншигчдад тодорхой ярьж өгөөч?

-Би хүний нутагт ажил хийгээд эх орондоо ирэхдээ 120 сая төгрөгтэй ирсэн байдаг юм. Ингээд намайг их хэмжээний мөнгөтэй гаднаас ирсэн гэдгийг тухайн үед УЕПГ-ын Хяналтын прокурор Ш.Сүхбатын гэр бүлийнхэн мэдсэн. Ингээд надаас мөнгө авахын тулд санаанд ч оромгүй бузар ажлыг хуулийн нэр барьж хийсэн. Юу хийсэн бэ гэхээр, Ш.Сүхбат прокурорын бэр дүү Б.Болорчулуун “Чиний мөнгийг өсгөж өгье. Зургаан хувийн хүүтэй зээл авах сонирхолтой хүмүүсийг би олж өгье” гэж хэлээд 13 мянган ам.доллар буюу 23 сая төгрөг, Б.Болорчулууны дүү Дархисүрэн 12 сая төгрөг, Ш.Сүхбатын төрсөн дүү Ш.Батболд найман сая төгрөгийг надаас зээлж авсан. Ингэхдээ гурван сарын хугацаанд буцааж төлнө гэж тохирсон. Үүнээс 15 сая төгрөгийг сарын таван хувийн хүүтэй төлөхөөр гэрээ байгуулсан бол найман сая төгрөгийг нь авто машин худалдах, худалдан авах гэрээний нөхцөлтэйгээр тохирсон. Гэвч автомашиныг бодитоор худалдаж аваагүй, баталгаа болгох зорилгоор Б.Болорчулуун өөрөө ашигласан.  Энэ хүмүүсээс гадна нэлээд хүнд мөнгө зээлсэн байсан. Бусдад өгсөн зээлээ авах гэж явж байхдаа миний үйлчлүүлэгч буюу надаас мөнгө зээлчихсэн байсан Долгорсүрэн гэгчтэй маргалдсан. Долгорсүрэн тухайн үед Налайх дүүргийн Хот тохижилт үйлчилгээний газрын ажилтан байсан. “Зээлсэн мөнгөө авья” гэсний төлөө цас цэвэрлэж байсан хүрзээрээ толгой, нуруу руу цохьсон. Тухайн үед би “Тоёото Королла” маркийн шинэ машинтай явсан л даа. Гэтэл намайг цохиод зогсохгүй машины арын шилийг хагалсан. Бидний маргаан иймэрхүү байдлаар сунжирсаар Долгорсүрэн Налайх дүүргийн цагдаад намайг өгчихсөн.

-Та Долгорсүрэн гэж эмэгтэйг зодчихсон юм уу. Эсвэл таныг зодож танхайрав уу?

-Би хүрзийг нь булаацалдаж өөрийгөө хамгаалж түлхсэн төдий. Гэтэл энэ эмэгтэй хүрзээр миний толгой руу цохьчихоод нуруу руу хэд хэдэн удаа балбасан. Ийм зүйлээс хэн ч өөрийгөө хамгаалахын тулд хүрзийг нь булааж авах гэж оролдоно. Хүрзээ өгөхгүй болохоор нь өөрөөсөө холдуулж түлхсэн. Энэ эмэгтэйн гаргасан гомдлыг Налайх дүүргийн цагдаагийн байцаагч Баясгалан хариуцаж авсан. Баясгалан байцаагч “Таны хэрэг 99.1 учраас хэргийг шийдэж чадна. Та дуудсан цагт ирж байгаарай” гэсэн. Би ч амласан ёсоор дуудсан цагт нь очиж байлаа. Гэтэл Баясгалан байцаагчийн хандлага, авир нэг л өөр болоод байв. Намайг машинтайгаа ир. Баянчандмань, Багануур, Мөнгөнморьт явах ажил байна гэж дууддаг байсан. Уурхай явна гэх мэтээр хувийн ажилдаа дайчилж шөнө, өдөргүй дууддаг болсон. Ийм байдлаар уурхай руу гэхэд л миний машинтай арван удаа явсан байдаг юм. Энэ бүхэнд би машиндаа бензин хийнэ. Хоолыг нь авч өгнө. “Таны хэргийг би шийднэ. Аятайхан байгаарай” гэсэн утгатай үг хэлдэг байсан. Би яаж ч чадахгүй барьцаалагдаж, хувийн ажлыг нь амжуулж байх үед машиныг минь барьж яваад хад мөргүүлсэн. Ингээд машины доод эд анги эвдэрч нэг сая 500 мянган төгрөгийн хохирол учруулсан. “Яагаад миний машиныг эвдэж байгаа юм бэ” гэхэд “Уучлаарай, би 250 мянган төгрөг өгье. Битгий хэл ам хийгээрэй” гэсэн. Ингээд энэ тохиролцооноос хойш зургаан сар өнгөрсөн. Хэрэг шийдэгдээгүй. “Та миний хэргийг шийдэж өгөөч. Зургаан сар өнгөрлөө” гэсэн. Байцаагч чи машиныхаа эвдрэлийг надаар төлүүлж байгаа учраас би чиний хэргийн зүйл ангийг өөрчлөөд, өмгөөлөгч, гэрчгүй болгоод яланд явуулж чадна үү” гэж дарамталсан. Шат шатандаа  гэмгүй иргэнээ хохироож түүндээ гэмшдэггүй нөхөд цагдаа, шүүхэд байдгийг тэр үеэс л мэдсэн.

-Хүнд зээлсэн мөнгөө авах гэж яваад өөрөө ял шийтгэл хүлээх болчихсон хэргийн учиг зангилаа хаана хүрч дууссан бэ?

-Дуусаагүй. Баясгалан байцаагч Д.Лувсандорж гэж байцаагчид хэргийг минь шилжүүлсэн байсан. Хэргийг шилжүүлэхдээ зүйл ангийг нь өөрчилсөн байсан. Д.Лувсандорж байцаагч “Би хэргийг нягталж үзсэн. 99.1-ийг 181.3 болгож өөрчилжээ. Үүнийг би нэг тийш болгож чадна. Та надад 20 сая төгрөг өг. Тэгэхгүй бол 181.3 чинь 5-8 жилийн ялтай байдаг юм” гэсэн. Яг энэ үеэр нь Улсын прокурор Ш.Сүхбат Налайх дүүргийн прокурор Ш.Нямдоржид “Манай дүү энэ хүнээс их хэмжээний мөнгө зээлчихсэн юм. Энэ хүнийг яллаад явуулчихвал би чамайг хот руу татна” гэсэн утгатай чиглэл өгчихсөн байсан. Энэ хүний зүйлчлэлийг өөрчилбөл хот руу татна гэдгээ байцаагч Баясгаланд мөн хэлсэн юм билээ. Ингээд шүүх хурал болоход даргалагч шүүгч Д.Бавуу, илтгэгч шүүгч Д.Лувсандорж, бүрэлдэхүүний шүүгчээр Б.Халиун нар оролцсон. Хурал дээр улсын яллагч Ш.Нямдорж “Энэ хүнийг заавал шоронд явуул” гэсэн дүгнэлт үйлдсэн. Ингээд би 2014 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр шоронд явсан. Намайг гэм зэмгүйг нотолно гэж байсан Д.Лувсандорж  20 сая төгрөгөө өгөхгүйн тулд шийтгэлийг шүүхийн танхимд уншсан.

-Чанга дэглэмтэй шоронд таван жил суухдаа наана нь магадлангаар гарах боломж байгаагүй юм уу?

-Энэ хугацаанд ял эдлэхээргүй зүйл ангиар шийтгүүлсэн учраас гурван ч удаа магадлангаар орох ёстой байсан ч “Батнямыг дээрээс магадлалд оруулж болохгүй гэсэн” гээд оруулаагүй. Уг нь бол шоронд ямар ч зөрчил гаргаагүй, хүмүүжил сайтай хоригдол хугацаагаа яс сууна гэж байхгүй. Заавал магадлалд ордог ёстой. Гэтэл Ш.Сүхбат прокурорын буянаар хугацаагаа яс дуусгаад гарсан.

-Та Ш.Сүхбат прокурорын гэр бүлийнхэнд зээлүүлсэн мөнгөө энэ хугацаанд ч авч чадаагүй хэрэг үү?

-Чанга дэглэмтэд байхдаа бусдад зээлдүүлсэн мөнгөө шүүхээр нэхэмжилсэн боловч Ангийн захирагч хурандаа Мөнхгэрэл “Чанга дэглэмтэй шоронд ял эдэлж байгаа юм байж гадагшаа, тэр тусмаа дээд шатны шүүх рүү нэхэмжлэл гаргалаа. Дэглэмийн ялгаа гэдэг чинь энд байдаг юм. Чи иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан ч биеэр очих боломжгүй. Мөн ангийн дотоод журам зөрчлөө. Дахиж өргөдөл, гомдол дээшээ гаргавал гадна заалтаар биш чангын заалтад буюу шоронгийн шоронд оруулна шүү” гээд нэхэмжлэлийг минь устгаад зодсон. Ингээд би 2016 оны аравдугаар сард шоронгоос гарсан. Нэгэнтээ ял эдэлчихсэн учраас прокурор Ш.Сүхбатын бэр дүүгээс мөнгөө нэхсэн. Би амьдармаар байна. Надад мөнгө хэрэгтэй байна. Та нар зээлсэн мөнгөө л өгчих. Хүүг нь авахгүй гэдгээ хэлтэл, “Чи мөнгө нэхэж дарамталлаа” гээд намайг төмөр троссоор зодсон. Дахиад л би шүүхэд хандахад “Б.Болорчулуун нь прокурор Ш.Сүхбатын дүү учир гэм буруутай хэдий ч ял шийтгэл өгч болохгүй” гэж тогтоосон. Мөн Ш.Сүхбатын дүү болон бэр дүүгээс мөнгө нэхлээ гэж Хан-Уул дүүргийн прокурор Алтанцэцэг надад хилсээр эрүүгийн хэрэг үүсгэн яллах гэж оролдоод бичлэг болон гэрчийн мэдүүлгээр аврагдаж байлаа. Ш.Сүхбатын  төрсөн дүү Ш.Батболдоос зээлүүлсэн найман сая төгрөгөө нэхэхэд “Чамайг дахиад явуулчихна шүү” гэж заналхийлсэн. Монголд шүүгч, прокурор гэж хүмүүс яаж иргэдийг дарамталж, авлига хээл хахууль авч болдог, хэрхэн гэм зэмгүй хүмүүсийг яланд унагаж болдгийг өөрийн биеэр амслаа.

-Хэчнээн прокурор, цагдаа, шүүгч танд хамаарах энэ хэрэгт нэр “холбогдоод” байгаа юм бэ. Өөрөөр хэлбэл, албан тушаалаа ашиглан таныг буруутан, ялтан болгоход хэчнээн хүн оролцчихсон байна вэ?

-Ах дүүгээ хамгаалахын тулд өөрийн албан тушаалаа ашигласан УЕПГ-ын хяналтын прокурор Ш.Сүхбат, Ш.Нямдорж, Баярсайхан, Алтанцэцэг, Г.Цогтгэрэл, С.Мөнхгэрэл, Алтансүх нарын долоон прокурор, Б.Мандалбаяр, Н.Сарангүн, Батчимэг, Т.Туяа, Одгэрэл зэрэг таван шүүгч, Баясгалан, Баярсайхан, Нямбаяр, Мөнхжаргал нарын дөрвөн цагдаа нийлж миний амьдралыг там болгож намайг хохироолоо. Энэ хүмүүс албан тушаалаа ашиглаж хэрхэн аалзны тор шиг сүлжээ үүсгэж иргэнийг хохироож болдгийг харууллаа. Энэ хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Иймд УЕПГ-ын хяналтын прокурор Ш.Сүхбатын бүлэглэл, түүнд үйлчилж байгаа шүүгч, мөрдөн байцаах албаны цагдаа нарт гомдолтой байна. Монголд хууль гэж байдаггүй юм байна. Прокурорын дүүд зээлүүлсэн мөнгөө нэхсэний төлөө шоронд, тэр тусмаа чанга дэглэмтэй шоронд орж болдог юм байна.

Эх сурвалж: undesniishuudan.mn

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!