-Энэ ял байсан бол хүн хүний өмнөөс хэрэг хүлээхгүй, ядаж л-

Хэдийгээр зарим хүнд харгис сонсогдож мэдэх ч үүнээс өөр гарц алга. Цаазын ялыг сэргээхгүй бол нийгэмд гарч буй гэмт хэргийн тоо өсч, гэмт хэрэгтнүүдийн үйлдэл улам харгис, хэрцгий болж байна. Тэр ч бүү хэл зарим нь хэдхэн төгрөгийн төлөө хүний өмнөөс хэрэг хүлээж, жинхэнэ ялтнууд гадуур сэлгүүцэх боллоо. Хамгийн гол нь энэ тухай жирийн иргэн бус хууль хүчнийхэн буюу цагдаагийн байгууллагынхан хэлж, “Цаазын ял байсан бол гэмт хэргийн гаралт ингэтэл өсөхгүй, хүн хүний өмнөөс хэрэг хүлээхгүй байсан. Ял сонсоод шорон явж байгаа хүмүүсийн зарим нь гэмт хэрэгтнүүдээс мөнгө авч, ялыг нь үүрч байхыг үгүйсгэх аргагүй.

Яагаад гэвэл тэд “Одоо цаазын ял байхгүй болсон. Хэдэн жил шоронд суугаад л гарчих юм чинь” гээд хүний өмнөөс хэрэг хүлээх тохиолдол ажиглагдах боллоо” гэцгээж байгаа юм. Үнэндээ энэ тогоонд чанагдаж байгаа хүчнийхэн оргүй зүйл хэлээгүй.

Үүнийг нотлох мэт сүүлийн хэдэн жилд олныг айлгасан аймшигт хэрэг цөөнгүй гарсан. Насанд хүрээгүй бяцхан үрсээ харгис хэрцгийгээр хороосон, заазуурдсан, төрсөн эцэг эх, эхнэрээ хөнөөсөн, гэр бүлээр нь хүйс тэмтэрсэн гээд. Хамгийн сүүлд гэхэд Өвөрмонголын иргэн дөрвөн настай бяцхан хүүг, хамтран амьдардаг эмэг­тэйн хамт зэрлэгээр хөнөө­сөн хэрэг гарлаа. Энэ бол монгол­чууд, ирээдүйд энэ улсыг авч явах бяцхан иргэд ямар харгис нийгэмд амьдарч байгаа, нөгөө талаар монголчууд бидний амьд явах баталгаа өдрөөс өдөрт хумигдаж буйг нотлон харуулж буй юм. Тэгвэл жинхэнэ гэмт хэрэгтнүүдээс мөнгө авсан магадгүй бусдын өмнөөс хэрэг хүлээсэн байж мэдэх бас нэг дуулиан нь С.Зориг агсаны амийг хөнөөсөн гэх харамсалтай хэргийн эргэн тойронд болж буй үйл явдал. Тодруулбал, прокурор, шүүхийнхэн энэ хэргийн сэжигтнүүдийг гэм буруутай гэж үзэн улмаар шүүгдэгч Т.Чимэгээд 24 жилийн ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бол шүүгдэгч  Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25 жилийн хорих ял оноосон. Ингэхдээ тэд 23 жилийг нь гянданд, үлдсэн хоёр жилийг нь онцгой дэглэмтэй хорих ангид эдлэхээр болсон. Харин энэ ялыг ар гэрийнхэн нь эсэргүүцэж үүний цаана ямар нэг асуудал байна. Магадгүй хэн нэг нь мөнгө аваад энэ хэрэгт жирийн иргэнийг холбогдуулан гэм буруутай хэмээн ялласан байж болох. Эсвэл энэ бүхний ард бусдын мэдэхгүй зүйл байна. Иймээс хэргийн гол учгийг ухаж шалгах ёстой хэмээж байгаа юм. Харин үүнийг хуулийнхан эсэргүүцэж “Зарим хүнд холбогдох хавтаст хэргийг тусгаарласан, ажлын хэсэг байгуулсан, шалгаж байгаа” гэхчлэн тайлбар өгч буй нь асуудлыг улам ээдрээтэй болгосоор. Ер нь энэ мэт тоочоод байвал олонд эргэлзээ төрүүлсэн онц ноцтой хэрэг цөөнгүй бий. Ямартай л сүүлийн жилүүдэд тэр дундаа манай улс цаазын ялыг халснаас хойш гэмт хэргийн үйлдэл улам боловсронгуй бас харгис болж байгаа гэдгийг судлаачид хэлдэг. Тухайлбал, энэ талаар хуульчид Монгол Улс гуравхан  сая хүн амтай, дэлхийн хэмжээнд жижиг улс. Гэтэл эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралтаар дэлхийн хамгийн өндөрт тооцогддог  улс орнуудын энд орж байна. Монголчууд бид өөрсдийнхөө байдалтай эвлэрчихсэн. Төр нь ч, хууль сахиулах байгууллага нь ч, иргэд нь ч дасч. Хүчирхийллийн гэмт хэргийн тоо маш өндөр байхад төр засаг нь ч,  ард түмэн нь ч зохих шаардлага тавихгүй, арга хэмжээ  авах  шахалт  үзүүлэхгүй  байна гэдэг. Мөн энэ тухай ГААГ дахь Олон улсын Эрүүгийн шүүхийн өмгөөлөгч Н.Орчлон хэвлэлд өгсөн ярилцлагадаа сонирхолтой жишээ хэлсэн байсан нь “Австрийн Вена хот дахь НҮБ-ын Гэмт хэрэг, хар тамхитай тэмцэх байгууллагын судалгаагаар  нэг жилд 100 мянган хүн тутамд  санаатай хүн  амины  дөрвөн хэрэг гарсан бол дундаж үзүүлэлт. Товчхондоо энэ бол дэлхийн улс орнуудын дундаж тоо гэдэг. АНУ-д яг  энэ  хэмжээнд байна. Америкт хүчирхийлэл, галт  зэвсэгтэй холбоотой хүний амийг  хохироосон хүнд  гэмт хэрэг гарсан тухай бид мэдээгээр үзэж, сонсдог. Гэтэл 300 гаруй сая хүн амд нь харьцуулахад гэмт хэргийн гаралт дундаж хэмжээнд байгаа юм. Тэгвэл бидэнтэй  түүх, соёл, шашин шүтлэг, гадаад төрх байдлаараа төстэй Зүүн Азийн улс орнуудад  ямар  гэж бодож байна. Тухайлбал, Японд  0.2, Солонгост 0.4-0.6 хувь, тэрбум 400 сая хүн амтай Хятад улсад 100 мянган хүнд нэг жилд гарч байгаа санаатай гэмт хэргийн тоо нэг хувьтай байна. Гэтэл гуравхан сая хүн амтай манай улсад есөн хувьтай байна” гэсэн нь энэ сэдэв олон хүний анхаарлын төвд байх ёстойг, мартах учиргүйг харуулж байгаа юм. Нөгөө талаар энэ асуудалд төр даруй анхаарал хандуулж арга хэмжээ авахгүй бол цаашид эрүүгийн байдал улам хүндэрч мэдэх юм гэсэн гаргалгааг бас хийж болно. Тэгвэл манай улсад эрүүгийн нөхцөл байдал хүндэрсэн гэдгийг нотлох бас нэг баримтыг дэлгэж байна. Энэ нь өнгөрсөн оны долоодугаар сарын 25-нд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2016 оны эхний хагас жил шийдвэрлэсэн хэргүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн. Энэ үеэр албаныхан “Монгол Улсын шүүх 2016 онд нийт 2636 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, нийт 2971 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан. Гэмт хэргийн улмаас найман тэрбум 236 сая 309 мянга 272 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 249 хүний амь хохирч, 1124 хүнд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учирсан. Шийдвэрлэсэн гэмт хэрэг дотроос хүнийг санаатай алах гэмт хэрэг 91 байна хэмээн мэдээлсэн нь айдас хүргэм тоо байв. Магадгүй манай улс, ардчилсан Ерөнхийлөгч цаазын ялыг халаагүй байсан бол дээрх 249 хүний аминд хүрсэн тэр дундаа хүнийг санаатай алсан гэгдэж буй 91 нөхөр “Би хүн алчихвал цаазын ял авна” хэмээн эмээж бусдын эрдэнэт аминд хүрэхгүй байсан ч байж мэднэ. Гэвч цаазын ялгүй улс гэсэн халхавч тэдний адгууслаг авирыг сэдрээж, бусдын амийг хөнөөх хүртэл зэрлэгшүүлж орхив уу ч гэж харж болохоор.

Эцэст нь, дэлхийн ихэнх улс буюу 140 орон хууль болон практиктаа цаазаар авах ялыг халсан гэсэн мэдээлэл бий. Тэдний тоонд манай улс ч бас албан ёсоор багтсан. Гэвч сүүлийн үед зарим орон гарч буй гэмт хэргийн шинж, гаралтаас болж энэ ялыг сэргээж байгаа. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн даваа гарагт Туркийн парламент Үндсэн хуульдаа өөрчлөлт оруу­лах тухай асуудлыг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээрээ цаазын ялыг сэргээхийг дэмжсэн. Мөн Пакистан долоон жилийн турш цаазын ялыг хэрэгжүүлээгүй ч 2015 онд энэ ялыг албан ёсоор сэргээсэн. Учир нь 2014 оны арванхоёрдугаар сард болсон Пакистаны Пэшуар сургуульд цуст аллага гарснаар энэ ялыг сэргээсэн. Тодруулбал, хэрэгт­нүүд тус цэргийн сургууль руу дайрч 150 хүн, түүний дотор есөн хүүхэд хороосон нь энэ ялыг сэргээх шалтгаан болсон гэд­гийг тус улсын эрх баригчид ту­хайн үед тайлбарлаж байсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!