БНСУ-д хязгаарлалтын арга хэмжээг сунгажээ

2021-09-07
1 min read

БНСУ-д “COVID-19”-ийн эсрэг авсан хязгаарлалтыг дахин нэг сараар сунгажээ. Үндэсний хэмжээний томоохон баяр тохиох гэж байгаатай холбогдуулан энэхүү арга хэмжээг авсан байна.


Эрүүл мэндийн салбарын удирдлагууд энэ сарын 20-22-ны хооронд болох намрын ургац хураалтын баярын үеэр иргэдийн аялал, зугаалга нэмэгдэхтэй холбогдуулан коронавирусний халдварын тархалт дахин дэгдэх вий гэдгээс болгоомжилж байгааг мэдээллийн “Yonhap” агентлаг уламжилжээ.


Өмнө нь дөрвөөс дээш хүн нэг дор цугларахыг хориглох журам улс даяар хэрэгжиж байсан боловч шинэчилсэн журмын дагуу нийслэлийн бүсэд зургаа хүртэлх хүн цугларахыг зөвшөөрөөд байгаа юм.

Түүнчлэн нийслэл Сөүл хотын ихэнх бүсэд байрлах зоогийн газар болон шөнийн цэнгээний газруудыг оройн 21 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрч байсан бол энэ удаагийн арга хэмжээний хүрээнд 22 цаг болгон өөрчилжээ.

БНСУ-д сүүлийн 24 цагийн дотор халдварын 1375, нас баралтын 6 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр тус улсад илэрсэн халдварын нийт тохиолдлын тоо 261 778-д хүрч, нас баралтын тохиолдол 2321 болсон байна.

Одоогоор 30 сая гаруй хүн “COVID-19”-ийн вакцины эхний тунг хийлгэсэн бол 17.7 сая хүн вакцинд бүрэн хамрагджээ.

Орчуулах »