ЖДҮ-ийн сангийн талаар АТГ-д ханджээ

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос өчигдөр хэвлэлийн хурал хийж, ЖДҮ-ийг хөгжүүлэх санд хөндлөнгийн аудит оруулж, өнгөрсөн 5 жилийн төсөл сонгон шалгаруулалт үнэн зөв, шударга явж буйд шалгалт хийж, үр дүнг олон нийтэд мэдээлэх талаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн бол өнөөдөр тус холбооноос дээрх асуудлаар мөн АТГ-д хандаад байна.

Тэгвэл мөн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаатай холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгуулахаар АТГ-т шилжүүлээд байна. Ингэхдээ, “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод цахим орчинд нийтлэгдээд буй “…ЖДҮ-ийн сангаас зээл авсан иргэдийн нэрсийг зарлаад байна” гэсэн утга бүхий мэдээллүүдийг хянаад “…Тус сангийн хөрөнгийг эрх бүхий нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон зээл олгосон албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.2 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шилжүүлээд байна. Дээрх хэргийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд цаашид Нийслэлийн прокурорын газраас хяналт тавихаар болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!