Хотын удирдлагуудыг Худалдаа хөгжлийн банкнаас “томилуулдаг” уу?

Нийслэлийн өнгөтэй өөдтэй бүхэн алгуураар алга болсоор байна. Цувралаа бид “Улаанбаатар сан” хэрхсэнээр эхлэе…

1997 он. Ардчилсан хотын анхны дарга гэгддэг Ж.Наранцацралт “Улаанбаатар сан”-г байгуулав. Сангийн зорилго нийслэлийг хөгжүүлэх. Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх, хот тохижилтыг сайжруулах, хотын төсөв санхүүгийн чадамжийг нэмэгдүүлэх, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх байв. Санхүүжилт нь гадна, дотны хандив, буцалтгүй тусламжаар төвлөрүүлсэн хөрөнгө байлаа.

Үүнээс жил хүрэхгүй хугацааны дараа тэрбээр Ерөнхий сайд болж, хотын даргаар М.Энхболд томилогдов. Энэ үеэс Улаанбаатар сан тойрсон аалзны тор нэхэгдэж, хамаг хулгай луйврын эхлэл тавигджээ.

1998 он. Улаанбаатар сангийн Удирдах зөвлөл санд төвлөрсөн хөрөнгийг “угаах”, огцом өсгөх зорилгоор “Улаанбаатар банк”-ийг байгуулав. Банкны зорилго нь нийслэлийн санхүүгийн нөөц хөрөнгийг бий болгон төвлөрүүлж, орон сууц болон дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах, тодорхой хөтөлбөр төслийг санхүүжүүлэх гэсэн гоё тайлбартай ч үнэндээ сангийн мөнгийг саах шинэ крант нээсэн хэрэг байлаа. Тухайн үед Улаанбаатар хотын банкыг байгуулж, дүрмийн санд нь 500 сая төгрөг оруулахаар шийдсэн байдаг. Банк байгуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн дутууг иргэн Ц.Дашдорж 250 сая, Д.Ганзориг 250 сая төгрөг гарган бүрдүүлсэн гэдэг ч банкны 75 хувийг нийслэл, үлдсэн 25 хувийг УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай тэргүүтэй хотын захиргааны удирдах албан тушаалтнууд эзэмшиж байв.

2000 он. Хотын дарга М.Энхболд Улаанбаатар санг улсын үйлдвэрийн газар болгон, өнгөн дээрээ өргөжүүлж байгаа гэх боловч халаасыг нь томсгож, жижиглэн хэрчих “нядалгааны” бэлтгэлийг хангасан байдаг.

2002 он. Улаанбаатар сан улсын үйлдвэрийг Хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) болгох шийдвэр гаргав. Энэ үеэс анх байгуулсан үүрэг, зорилго бүрэн үгүй болов. Хотын зарим газар гэрэл гэрэлтүүлэг, чимэглэлтэй болж байсан ч үнэн чанартаа хотын газрыг эзэмшигч, захиран зарцуулах эрх ганц энэ компанид хэдийнэ төвлөрдөг болсон байлаа.

Нийслэлийн өмчийн гэх газар дээр орон сууцууд шил дараалан сүндэрлэв. Гэвч тэр байрууд нь “Улаанбаатар” ХХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэлд байхгүй. Ганц, нэг орсон нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй байсан тухай Нийслэлийн Аудитын 2006 оны тайланд тодорхой дурьдсан байдаг.

Ийнхүү байгуулагдсан цагаасаа эхлэн хулгайн санаа өвөрлөсөн хотын удирдлагуудын гараас гарт зусаарсаар байсан “Улаанбаатар” компанийн дансанд 1999-2006 оны хооронд 56 тэрбум төгрөг орсон байдаг. Энэ дүн, эл он цагаас хойш тус компани тайлан ч гаргахаа больж, сураг алдарсан.

Тухайн цаг үеүдэд буюу 2003-2004 онд Нийслэлийн Засаг дарга М.Энхболд одоогийн Дүнжингарав хорооллоос зүүн тийш Амгалан хүртэлх 970 га хоосон байсан газрыг “Мон-Уран” компанид “бэлэглэн” жаалж байв.

….. Улсын үйлдвэрийн газар компани болохтой зэрэгцэн Улаанбаатар сангаас Улаанбаатар банкны адилаар “Улаанбаатар хотын даатгал” компанийг байгуулсан. 100 сая төгрөгийн дүрмийн санд 40 хувийг нь хот, үлдсэнийг нь иргэн Г.Гантөмөр, Ц.Лхагвасүрэн, Ц.Чойбат, Д.Сүхбат, Р.Энхзаяа, Д.Нарантуяа нар тус бүр 10 саяыг нь оруулсан гэдэг.

Нийслэлийн бүх аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгийг эрсдлээс хамгаалах зорилготой гэлцэж байсан ч үнэн хэрэгтээ өөрсдийн зувчуулсан эд хөрөнгөө хамгаалж, нийслэлийн гэх данстай болгоныг эвийг нь олж мултлах арга сэдсэн нь тэр байв. Үүнийг дүрмийн сангаа нэмэгдүүлэх нэрээр нийслэлчүүдийн хувийг 2005 онд 8, 2017 онд 4 хувь болтол бууруулж, эцэстээ “Тэнгис” кино театрыг хотын иргэдийн өмчлөлөөс гаргасан хөгийн шийдвэрээр нотолж болно.

Хайрлаж хамгаалаад байгаа нэрийдлээр тусгай хамгаалалтын хууль гээчийг УИХ баталж, Туул, Тэрэлжийн сав газруудаас 4000 га газрыг нь БОЯ-ны сайд агсан У.Барсболд зарсан гэх үйлдэлтэй яг ижил.

Улаанбаатар банкны нийлүүлэгчдийг засаг дарга 2001 онд хуралдуулж, дүрмийн санг хоёр тэрбум болгон нэмэгдүүлж “Улаанбаатар сан”-гаас 500 сая төгрөг нэмж оруулах шийдвэр гаргасны дагуу иргэн М.Алтангэрэл 200 сая, Я.Дашзэвэг 100 сая, Р.Энхзаяа 200 сая төгрөгийг тус тус оруулахаар болсон байдаг. Тэрчлэн Улаанбаатар хотын аж ахуйн нэгжийн бүх байгууллагыг зөвхөн энэ банкинд дансаа нээж, заавал үйлчлүүлэхийг шаардсан ичгүүртэй он жилүүдийг нийслэлчүүд хараахан мартаагүй байна.

Эл цагаандаа гарсан энэ мөнгө угаалтын үрээр сангийн хөрөнгө гэрлийн хурдаар томорч Улаанбаатар банкны хувь нийлүүлэгчдийн 2003 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 03 тогтоолоор тус банкны дүрмийн санг таван тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, үүнд нь Т.Болдхүү 1.5 тэрбум, Б.Цогхүү 500 сая, Г.Баттөмөр 500 сая төгрөг оруулсан гэгдэж хувь нийлүүлэгч болж байв. Нээлттэй зарлаагүй атлаа, зөвхөн энэ иргэд яагаад хувь нийлүүлэгчид болов гэх хэл ам хэсэг хүрээнд бужигнаад намжсан.

Ийм байдлаар дүрмийн санг өсгөх нэрээр өөрсдийн хүмүүсээ шил дараалан чигжсээр Улаанбаатар банкны ихэнхийг М.Энхболдын баг гартаа оруулав.

… 2006 оны аудитын тайланд Улаанбаатар банкинд оруулсан хөрөнгө оруулалтыг 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж банкнаас гэрчилгээ олгосон боловч бүртгэлдээ авах шийдвэр ирээгүй гэдгээр шалтаглан Улаанбаатар сан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж бүртгээгүй, тайлагнаагүй, үнэлгээ хийлгээгүй байдаг.

2013 он. Улаанбаатар банкийг хувьчлав. Энэ талаар М.Энхболд “Улаанбаатар” банкийг “Улаанбаатар сан”-гийн хөрөнгөөр байгуулсан. Гэтэл УИХ банкны дүрмийн сан 4 тэрбум төгрөг байсныг 8 тэрбум болгох хууль гаргасан. Харамсалтай нь, Нийслэлийн төсөв болон “Улаанбаатар сан”-гаас дахин 4 тэрбум төгрөг гаргаж, “Улаанбаатар” банкийг хуульд заагдсан хэмжээнд ажиллуулах боломж санхүүгийн хувьд байгаагүй. Тийм учраас “Улаанбаатар” банк татан буугдаж, нэр бүхий 2-3 хүн тодорхой хувийн хөрөнгөө гаргаж, хуульд заагдсан шаардлагад нийцүүлэн “Улаанбаатар хотын банк” гэдэг шинэ банкийг “Улаанбаатар сан”-тай хамтарч байгуулсан. Тэрнээс хойш энэ банк хувьчлагдсан зэрэг асуудал бол миний дараа дараагийн ажиллаж байсан хотын дарга нарын үед хийгдсэн ажил” хэмээн гүлдийж, өөрөөсөө зайлуулсан байдаг юм.

Хувьчлах үед 50 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байсан банкийг 3-хан тэрбум төгрөгөөр хувьцаа эзэмшигчдэд хувьчилсан нь улаан цагаандаа гарсан хөгийн луйврын тод жишээ гэмээр.  Хувьчилсны дараа банкны нэрэнд хотын гэдэг үг нэмж, зам мөрийг нь төөрүүлсэн билээ.

2015 он. НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ыг татан буулгах шийдвэр гаргав. Хэрэгцээгээ гүйцэлдүүлж, тасдаж хэсэгчлэн халаасласан “амьгүй” санг өөрөөр яалтай ч билээ. Нөгөөтэйгүүр эл шийдвэр Улаанбаатар хотын банк сахал хочит Д.Эрдэнэбилэгийн мэдэлд бүрэн шилжүүлэхийг зөвшөөрсөн зөвшөөрөл болсон юм.

Ийнхүү “Улаанбаатар сан” ХХК,  Д.Эрдэнэбилэг, Д.Батжаргал нарын хувь нийлүүлэгчидтэй байсан Улаанбаатар банк дээрмийн гэмээр замаар урссаар талийж одсон.

Хувь нийлүүлсэн гэх иргэд нь ганц төгрөг дутаалгүй ногдол ашиг авч байсан атал “Улаанбаатар сан”-д хэзээ ч ногдол ашиг өгч байгаагүйг Улаанбаатар хотын  банкны 2008.01.14-ний 84 тоот албан бичигт “…Монголбанкны Ерөнхийлөгчийн 2007.04.23-ны А/12 тоот тушаалын 3 дугаар заалтад өмнөх жилийн хуримтлагдсан ашгийг хуваарилахгүй байх, өөрийн хөрөнгийг 1.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зэрэг үүрэг өгөгдсөний дагуу энэ асуудал одоог хүртэл шийдэгдээгүй байгаа…”, мөн Монголбанкны 2009.03.01-ний 1/268 тоот албан бичигт … банкуудын эрсдлээ даах чадварыг бууруулахгүй байх, өөрийн хөрөнгийн харьцааг хангалттай өндөр түвшинд барих шаардлагатай байгаа тул аливаа хэлбэрээр ногдол ашиг хуваарилахгүй байхыг мэдэгдье” гэх зэрэг тоотууд нотолно.

Тэрчлэн Нийслэлийн аудитын газраас 2012 онд хийсэн шалгалт ч үүнийг нотолж байгаа юм.

Улаанбаатар банк 2008-2011 онуудын ногдол ашигт 2880.2 сая төгрөг олгохоор, 2012 онд 809.3 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар тооцсон ч хувь нийлүүлсэн гэх иргэд л ашгийг хүртэж байснаас Улаанбаатар санд огт нийлүүлээгүй. Үе үеийн хотын удирдлагууд ч нэхэж байгаагүй нь эргэж сөхмөөр, хариуцлага нэхмээр анхаарал татсан асуудал байдаг.

Эцэстээ данс нь 00.0 заасан санг татан буулгаж, завсар хооронд хувь нийлүүлэн орж ирж байсан иргэд усанд хаясан чулуу шиг уусан алга болсоор “сахал” Д.Эрдэнэбилэгийн хувь хэмжээ огцом нэмэгдэж, банкны 99 хувийг эзэмшигч болж хувирсан.

Ингээд бүр зүйл дуусгаж, 2020 онд Худалдаа хөгжлийн банктай нэгтгэн газрын хөрснөөс арчив.

Худалдаа хөгжлийн банк гэх улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн Улаанбаатар сангийн хөрөнгийг Улаанбаатар хотын банк гээч рүү шилжүүлэн баллуурдах явцдаа автобусны буудал бүрийг ангайтал “залгисан” байдаг юм.

Уншигчид санаж буй бол Э.Бат-Үүл Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үедээ “Улаанбаатар сан”-гийн үйл ажиллагааг сэргээнэ, хөрөнгө мөнгийг буцаан төвлөрүүлнэ хэмээн попорч, олны анхаарлыг тийш ийш сэлгээн самарч байгаад эцэстээ татан буулгачихсан шүү дээ. Түүний Нийслэлчүүдэд биш Худалдаа хөгжлийн банкинд ашигтайгаар гаргасан нэг дэх түүхэн шийдвэр энэ байв.

Удаа ч үгүй “сахал” Д.Эрдэнэбилэгт Э.Бат-Үүлийн барьсан удаах бэлэг нь автобусны буудлууд байлаа.

Буурал үст баатрын үеэс автобусны буудлууд гэрэлтэй, гэгээтэй, өнгө үзэмжтэй болсон уу гэвэл болсоон. Гэхдээ үүний цаана давхар маш том эрх ашиг явж байсныг хэн ч анзаарсангүй.

Нийслэлийн өнгөтэй өөдтэй газар бүрийг эзэмшдэг Худалдаа хөгжлийн банк автобусны буудлуудыг ч 50 жилээр эзэгнэх эрхийг авч, 2014 онд хотын дарга Э.Бат-Үүл, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, “JCDecaux” группийн Монгол дахь салбар “Жэй Си Дэко Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жан-Мари Импероре нар санамж бичиг байгуулж, гарын үсэг зурж байв.

Францын “JCDecaux” группээс холбогдох зөвлөгөө тусламжийг аван Улаанбаатар хотын 200 цэгт автобусны буудал, гудамж талбайн байршил заасан чиглүүлэгч, тээврийн хэрэгсэл, такси, метро, дугуйны замын зогсоолын хүлээлгийн талбайд байгууламж барихаар гэрээг үзэглэж байсан ч Францид төвтэй “JCDEUX Mongolia” нь Худалдаа хөгжлийн банкны “охин” компани гэдгийг өдгөө толгойтой бүхэн мэдэх болсон.

Тус компанийн ТУЗ-ийн дарга нь Ерөнхий сайд, эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнийн албан зөвлөхөөр томилогдоод буй Э.Долгион юм. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихдээ эл компанийн талаар намтартаа оруулсан байдаг.

Автобусны буудлуудын газрыг 50 жилээр эзэмших эрхийг авахдаа “Жэй Си Дэко Монголиа” компаниас нийслэлд 20 орчим тэрбум төгрөг төлсөн гэдэг ч энэ мөнгө хэзээ, аль дансанд орсныг хэн ч хэлж чаддаггүй юм билээ. Тэрчлэн гаргасан мөнгө бүрээ гайхалтайгаар хэд дахин нугалж чаддаг банкирууд автобусны буудлуудын өнгө үзэмжийг аятайхан болгосон ч зам дагуух зар сурталчилгааны бүхий л самбарыг татан буулгах хорон шийдвэрийг давхар гаргуулж, гудамж талбай дахь зарлалын мөнгийг зөвхөн “Жэй Си Дэко Монголиа” руу урсгах хожоотой “наймаа”-г хийчихсэн байх аж.  

Үүгээр зогсохгүй үе үеийн хотын удирдлагуудыг Худалдаа хөгжлийн банк томилуулдаг уу гэмээр.

Хотын мээр асан Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нар хотын төвийн, нийтийн эзэмшлийн, өндөр үнэлгээтэй олон газар, цэцэрлэгийг энэ хоёр банкны мэдэлд шилжүүлсэн байдаг. Тухайлбал, Нийслэлийн засаг дарга асан Г.Мөнхбаяр гэхэд 2012 оны сонгуульд нам нь ялагдсаны дараа, хотын шинэ захиргаа байгуулагдахаас урьтаж наадмын өмнөх өдөр Сүхбаатарын талбайн урд хэсгийг өмнөх цэцэрлэгтэй нь хамт, УБ зочид буудлын өмнөх цэцэрлэг, Тагнуулын Ерөнхий Газрын өмнөх цэцэрлэг, Ю.Цэдэнбалын талбай ба цэцэрлэг, Академич Б.Ширэндэвийн хөшөөтэй Оюутны талбайг цэцэрлэгтэй нь Улаанбаатар банкны эзэмшилд шилжүүлж байсан юм.

Суусан газраасаа шороо атган босдог сахал хочит Д.Эрдэнэбилэг энэ удаад хотоос юу салгахаар шийдчихсэн суугаа бол гэдэг анхаарал татна. Түүний “тэлээ хурга” гэгддэг Э.Долгион нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилогдохоос өмнө хотын мээр Д.Сумъяабазарыг Уул уурхайн сайд байхаас нь эхлэн алхам холдолгүй дагасан байдаг.

Хотын дарга Д.Сумъяабазар ч Үндэсний хөрөнгө оруулалтын банкаа амьд мэнд авч явахын тулд Худалдаа хөгжлийн банкны түшиг тулгуурыг хахаж, ханатлаа авсан гэгддэг.

Ямартаа ч энэ бүгдийн эцэст Улаанбаатар хотын банк нэрээр Д.Эрдэнэбилэгийн халаас руу шингэж алга болсон “Улаанбаатар сан”-гийн хөрөнгийг нэхэн хөөх цаг ирснийг нийслэлчүүдэд ийнхүү сануулан сэргээв.

Хумхын тоос мэт алга болсон Улаанбаатар сан бол хотын иргэдийн өмч юм…

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн “НАЖ МОГОЙ” үндэсний холбоо

Орчуулах »