fbpx

Махны чиглэлийн үхэр, хонийг дуудлага худалдаагаар борлууна

7 мин уншина

ХХААХҮЯ, харьяа байгууллага болох Малын удмын сангийн үндэсний төв, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйг дэмжих сан хамтран 9-р сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт малын дуудлага худалдаа зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаагаар Франц улсаас импортоор авсан лимузин, ангус үүлдэрийн 176 үхэр, нарийн ноостой меринос үүлдрийн 350 хонийг борлуулах юм. 

Лимузин үүлдрийн үхрийн товч мэдээлэл

Лимузин үхэр бол орчин цагийн эрчимжүүлсэн мал аж ахуйн махны чиглэлийн үүлдрүүд дундаа шаардлага багатай, хамгийн үр өгөөжтэй үүлдэр юм.
Лимузин үүлдрийн үхрийг 1830-аад оны үеэс Франц улсын хүнд жингийн ажлын хэвшлийн үхэр болох цайвар Актив үхрийн онцлог шинжээр шилэн сонголт хийж, эрлийзжүүлэн, олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд гаргаж авсан. Өнөөдрийн байдлаар уг үүлдрийн үхрийн мах нь махны зах зээлд дэлхийд тэргүүлэх байр эзэлж байна.
Лимузин үүлдрийн үхрийн бие цогцос жигд тарган, нуруу хондлой тэгш, өргөн булчингийн хөгжил сайтай, ууц уртавтар, гуяны мах зузаан байдгаараа бусад махны чиглэлийн үүлдрийн үхрээс онцлог сайн талтай. Цаг уурын ямар ч нөхцөлд дасан зохицдог, өвчинд тэсвэртэй, тэжээлт орчинд маш сайн жин нэмдэг өгөөж сайтай үүлдрийн үхэр юм. 

Лимузин үүлдрийн үхрийн давуу тал

–    Үржил сайтай. Үржилд орсон 100 үнээнээс 90-92 тугал бойжуулдаг
–    Эхсэг зөн сайтай. Лимузин маш сайн эх болдог тул тугалын эндэгдэл багатай.
–    Тугалаа хангалттай цатгадаг тул тугалын өсөлт түргэн, хөхнөөсөө хурдан гардаг.
–    Тугалын жингийн өсөлт хурдан.  
–    Бухны амьдын жин 1000 – 1200 килограмм. 
–    Нас бие гүйцсэн үнээний амьдын жин 600 – 700 килограмм. 
–    Гунжин үнээний хээлтүүлэгт оруулах нас 16-18 сар.
–    Шахаж бордоход 18-22 сарын настайд өсвөр үхрийн жин 550-650 килограмм.
–    Өвчинд тэсвэртэй, маш сайн менежменттэй орчинд хорогдол бага. 
–    Цаг уурын ямар ч нөхцөлд дасан зохицол дээд зэрэг.  
–    Бусад үүлдрийн үхэртэй эрлийзжүүлэхэд үржил сайтай.

Лимузин үүлдрийн үхрийн махны онцлог чанар

–    Хамгийн сайн чанарын маханд тооцогддог.
–    Махны бүтцийн хувьд төгс шинж чанартай /нуруу гуяны хэсгийн махны гарц сайтай/
–    Чанар сайтай гулууз өгдөг, гулуузны гарц 60-62 хувь /сайн тэжээлт орчноос шалтгаалаад/
–    Яс жижигтэй, махыг ангилан үнэд хүргэх хэсгүүд их
–    Цэвэр махны гарц их /яс жижиг, шөрмөс бага, хаягдал бага/
–    Махны чанар сайн /улаан-алагласан, зөөлөн-шүүслэг, амт-сайтай/
–    Махны зах зээлд хамгийн үнэтэй, хамгийн таашаагдсан амттай.


Ангус үүлдрийн үхрийн товч мэдээлэл

Ангус үүлдрийн үхэр нь 18-р зууны үед бий болсон маш эртний үүлдэр бөгөөд Англи нутгийн галловей, хайланд үхрээс үүсэн гарсан. Бэлчээрийн болон байран маллагааны технологид зохицох чадвартай, харьцангуй түргэн өсөлттэй, нядалгааны болон цул махны гарц өндөртэй, лагс бөөрөнхийдүү биетэй, чийрэг-булбарай бие цогцостой, толгой богино, ам өргөн, хүзүү бүдүүн, шалангийн хөгжил сайтай, сэрвээ намхан, ууц нуруу тэгш, дөрвөлжин, гуя-хонгоны булчингийн хөгжил сайн, хөл богино, дөлгөөн араншинтай мухар хар, улаан зүстэй.  

Ангус үүлдрийн үхрийн давуу тал

–    Халуун хүйтэнд тэсвэртэй. 
–    Хасаг байран маллагаанд дасан зохицсон, бэлчээр ашиглалт сайн.
–    Бусад махны үүлдэртэй харьцуулахад тугалын төрөх үеийн жин бага, эхлээр бойжих үеийн жин өсөлт түргэн.
–    Төллөлт хялбар явагддаг. 
–    Бухны амьдын жин дунджаар 908 килограмм. 
–    Нас бие гүйцсэн үнээний амьдын жин дунджаар 608 килограмм 
–    Тугалын жингийн өсөлт хурдан /хоногт 850-1000 грамм/
–    Төрөлхийн мухар хэвшил нь зан араншинг дөлгөөн болгодог тул махлаг чанарт сайнаар нөлөөлдөг.
–    Гунжин үнээний хээлтүүлэгт орох нас 16-18 сар.
–    Шахаж бордсон 18-22 сартай өсвөр үхрийн жин 500- 550 килограмм. 
–    Нядалгааны гарц 58-60 хувь. 
–    Бусад үүлдэртэй эрлийзжүүлэхэд мухар хэвшлээ үр төлдөө сайн дамжуулдаг. 

Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт болох үйл ажиллагааны үеэр дуудлага худалдаа болохоос гадна борлуулах үхэр, хонины арчилгаа, маллагаа, технологийн чиглэлийн сургалт зохион байгуулж, мэдээлэл өгөх юм. Тиймээс махны чиглэлийн үхэр үржүүлэх гэж буй иргэн аж ахуйн нэгжүүд өргөнөөр оролцож, Малын удмын сангийн үндэсний төвтэй хамтран үржлийн ажлыг хийх чиглэлээр мэдээлэл авч, цаашид зохиомол хээлтүүлэг, хөврөл үр шилжүүлэн суулгах зэрэг үйлчилгээг хийлгэх боломжтой. 

Latest from Blog

Мэдээ орчуулах »