Сингапурын хөгжил нь хямд төсөр орон сууц, нийгмийн үйлчилгээний үр дүн юм

0
10

Дэлхийн хамгийн хурдацтай хотжилтын бүс болох Зүүн Ази, Номхон далайн бүсийн хотуудад дэд бүтэц, ажлын байр, үйлчилгээний салбарын хөгжил нь хот суурин газрын хөгжлийн хурдтай энэ зэрэгцэж чадахгүй байгаа нь тэгш бус байдлыг улам нэмэгдүүлж, улс орны эдийн засгийн өсөлтийг сааруулж, нийгмийн хуваагдал руу хөтөлж болзошгүй гэж Дэлхийн банкнаас гаргасан “Хот суурин газрын ядууст чиглэсэн боломжийг өргөжүүлэх” шинэ тайланд дурджээ.

Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг дахь хотжилтын хурд жилд дунджаар 3 хувь байгаа нь сүүлийн 20 жилийн хугацаанд 655 сая хүнийг ядуурлаас гарахад тусалсныг тус тайланд тэмдэглэсэн байна. Гэсэн хэдий ч энэ бүс нутагт нийт 250 сая хүн нийгмийн суурь үйлчилгээнд хамрагдах боломж хязгаарлагдмал, үер ус зэрэг аюулд өртөх эрсдэлтэй, муу чанартай сууцанд амьдарч байгаа ба Зүүн Ази, Номхон далайн бүс нь дэлхийн хамгийн олон тооны ядуусын хороололд оршин суугчидтай бүс болж байна.

Хот суурин газрын ядуучуудад чиглэсэн боломжийг нэмэгдүүлэхгүй бол улс орны өсөлтийн чадавхид нөлөөлдөг. Япон, Солонгос зэрэг өндөр орлоготой орнуудад хотжилтын бодлого бүх нийтэд хүртээмжтэй байсан нь эдийн засгийн өндөр өсөлтийг хангах боломжийг бий болгосон байдаг. 1970, 1980-аад оны турш Сингапурын эдийн засаг жил бүр дунджаар 8 хувиар өссөн нь дэд бүтэц, хямд төсөр орон сууц, нийгмийн үйлчилгээг нийтэд үр дүнтэй хүргэх хот төлөвлөлтийн стратеги хэрэгжүүлсний үр дүн юм.
“Зүүн Азийн хотууд бүс нутгийн гайхалтай өсөлтийг бий болгоход нөлөөлсөн. Бидэнд тулгарч буй хамтын сорилт бол хот суурин газрын бүх хүмүүст чиглэсэн боломжийг нэмэгдүүлэх явдал бөгөөд – хотын захын дүүрэгт амьдарч буй шинээр шилжин суурьшигчдаас эхлээд түрээсийн төлбөрөө төлөх гэж зүдэрч буй үйлдвэрийн ажилчдад хүртэл боломж олгох шаардлагатай байна. Ингэснээр тэд хотжилтын үр өгөөжийг илүү их хүртэж улмаар өсөлтийг хангахад хувь нэмэр оруулах боломжтой болно” гэж Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан Дэд ерөнхийлөгч Виктория Кваква хэлжээ.

Өнөөдрийн байдлаар тус бүс нутагт 75 сая хүн өдөрт 3.10 ам.доллараас бага орлоготой амьдарч байна. Бүс нутгийн хот суурин газрын ядуучуудын дийлэнх нь Хятад, Индонез, Филиппин гэсэн гурван улсад амьдарч байна. 2018 он гэхэд бүс нутгийн хүн амын тэн хагас нь буюу дэлхийн нийт хүн амын гуравны нэг болох нийт 1,2 тэрбум хүн хот суурин газарт амьдрах болно.

Хот суурин газрын ядууст тулгамдаж буй бэрхшээлүүдээс дурдвал ажлын байр, нийтийн тээвэр, бусад дэд бүтэц, хямд төсөр орон сууцны хүртээмж хязгаарлагдмал явдал байдаг. Монгол улсын Улаанбаатар хотод нийтийн тээврийн сүлжээний чиглэлүүд үр ашиг муутай байдгаас бага орлоготой иргэд сар бүрийн нийт зарлагынхаа 36% хүртэлх хувийг нийтийн тээврийн тасалбарт зарцуулж байна. Индонез улсын хот суурин газрын хүн амын 27 хувь, Филиппин улсад 21 хувь нь эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламж ашигладаггүй байна. Ядуусын хорооллын оршин суугчид гол төлөв үер усанд өртөмтгий, нам дор газарт амьдардаг учраас гамшигт нэрвэгдэх эрсдэл өндөр байдаг.

Тус тайлан ядуурлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг хангахын тулд, орон зай, нийгэм, эдийн засгийн оролцооны асуудлыг тусгасан хот төлөвлөлтийн олон талт аргачлал ашиглахыг хот суурин газрын удирдлагуудад уриалжээ.

“Хотжилт хурдацтай явагдах ньсорилт мөн боломжийг авчирдаг. Бага орлоготой оршин суугчдыг нийтийн тээврийн хямд төсөр үйлчилгээ эсвэл орон сууцаар хангах нь тэдэнд хүүхдүүдийнхээ боловсролд зориулан мөнгө хадгалах боломж олгодог. Байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах, даван туулахад туслах гэх мэт хүнд хэцүү үед айл өрхүүдэд туслах нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдтэй байх нь чухал” гэж Дэлхийн Банкны хот суурин газрын асуудал хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн, тайлангийн гол зохиогч Жүди Бэйкер хэлэв.

Хэдийгээр дэлхийн 10 мега хотын 6 нь Зүүн Азид байдаг ч хот суурин газрын ядуурал хоёрдогч түвшний хотуудад илүү өргөн тархацтай байгаа бөгөөд эдгээр хотуудын ач холбогдол нэмэгдсээр байна. 2010 оны байдлаар жижиг дунд хотууд бүс нутгийн нийт хотын дөрөвний нэг хувийг эзэлж байсан.