Г. Өнөрбаяр дарга аа, Япончуудын өгсөн 1.1 сая ам.долларыг хэрхсэн бэ!

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам гэж үйл ажиллагаа нь дампуурч, нурчихсан газар байх боллоо. Энэ яам эрхэм зорилгоо “Хөдөлмөр, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын харилцан хамаарал бүхий цогц бодлогыг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөрлөх, хөгжих таатай орчинг бий болгох, нийгмийн баталгааг дээшлүүлэх замаар хүний хөгжлийг хангахад оршино” гэж тодорхойлсон байдаг юм. Гэвч амьдрал дээр энэ яамны бодлого, зорилго цөөн хэдэн хүний хууль бусаар хөлжиж баяжихад чиглэгдэж хувираад удлаа.

Яамны зүгээс Монголын нийгэм, нийт хүн амын хөгжлийн төлөө гээд нэрлэчихээр нэг ч сайн зүйлийг хийхээ больсон төдийгүй харин ч тунхагласан үүрэг зорилгынхоо эсрэг ажилладаг болсон гэдгийг итгэлтэйгээр нотлон, хэлэх байна. Энэ яамны сайд, Төрийн нарийн бичгийн даргаар өмнө нь ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа эрхмүүдийн үйл ажиллагаа, алхам бүрээс энэ бүхэн маш тод анзаарагддаг. Нас барсан хэдэн зуун хүний нэр дээр хэдэн зуун сая, тэрбумаар нь мөнгө гаргаад завшчихна. Монгол Улсын иргэдийн тэтгэврийн сангийн хөрөнгийг “хулгайлж” хоослоно.

Тэгээд ямар ч ял зэмгүй мултарч, дараагийн дарга нь ирж яг ийм цэсээр “хоолондоо” орцгооно.

Монголын иргэд маш муухайгаар хохирч үлдэнэ.

Нэг ийм хөгийн яамыг Засгийн газар яагаад одоо болтол цэгцэлдэггүй нь гайхмаар. Жилд ХНХЯ-наас нэг нь л хамгийн багаар бодоход тэрбум төгрөгийн дүнтэй дор хаяж 10-15 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм. Төсөл, хөтөлбөрүүдийн дийлэнх нь НҮБ болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын хөрөнгө оруулалт, санхүүгийн бусад байгууллагууд, хандивлагч улс орнуудын буцалтгүй тусламж, эс бөгөөс хүүгүй урт хугацааны зээлээр санхүүжиж хэрэгждэг.

Харамсалтай нь энэ их мөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, түүний монголчуудад наалдсан үр дүн гэж огт харагддаггүй. Харагдуулахыг төсөл, хөтөлбөрийг хариуцсан дарга нар нь огтхон ч хүсдэггүй.

Тус яаманд хэрэгжүүлдэг энэ олон төслийн, энэ их мөнгө ингэхэд хааччихаад байна вэ?

Г.Өнөрбаяр дарга аа!!!

Төрийн нарийн бичгийн даргын хувьд, яамны бүхий л мөнгө, санхүүг сүүлийн 6 жил захиран зарцуулж байгаа эрхтэй хүний хувьд, яаман дээр хэрэгжүүлдэг бүхий л төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг шууд хариуцдаг удирдагчийн хувьд одоо нэг сайхан дэлгэрэнгүй тайлан, тайлбарыг Монголын иргэддээ өгөөч!

Ингэх нь таны үүрэг.

2020 онд гэхэд танай яаманд гадаадын буцалтгүй санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлж дууссан гэх тус бүр нь 1 сая ам.долларын үнийн дүнтэй 12 төсөл байх юм.

Гэтэл иргэдэд ил тод, нээлттэй байх ёстой яамны чинь шилэн данс, мэдээллийн сайтуудад чинь 8 төслийнх нь хэрхсэн талаар ямар ч мэдээ, мэдээлэл алга байгаа нь сонирхол татаад байна. Яасан байх уу? Дарга аа!

Тухайлбал, 2020 оны гуравдугаар сард Японы Засгийн газраас “Ковид-19 цар тахлын үеийн нийгмийн ядуурлыг тэгш байдлын өгөгдөл ашиглан судлах нь” нэртэй төслийг хэрэгжүүлэхээр 1.2 сая ам.долларын буцалтгүй санхүүжилтыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр буюу UNDP –ээр зуучлуулан танай яаманд олгосон байна. Танай яамнаас ч энэ төслийг 2020 оны наймдугаар сард эхлүүлж, 2021 оны гуравдугаар сард амжилттай хэрэгжүүлж хаалаа хэмээн мэдэгдсэн байх юм.

Гэвч хэдэн төгрөгийн санхүүжилтээр хаана, яг юу хийсэн, ямар ажил гүйцэтгэсэн гэх мэт тодорхой задаргаа, тайлан тань хүссэн хэн бүхэнд, тэр тусмаа Монгол, Японы Засгийн газарт, зуучлагч НҮБ-ын байгууллагад ил байх ёстой биз дээ. Гэтэл төслийн талаар ямар ч мэдээлэл яамны шилэн данс болон мэдээллийн сайтад алга. Албан ёсны пэйж дээр чинь ч алга. НҮБ-ын шилэн дансанд ч алга байна.

Яагаад ингэж таг нуух хэрэгтэй болов оо!

Хэрэв андуураагүй бол Ковид-19 цар тахал ид тархаж байх цаг үед ямар ч мөнгө алга гэж “уйлан дуулаад” байсан яамны нэг нь танайх мөн шүү дээ. Гэтэл хорио цээрийн улмаас Монгол Улсын хэмжээнд сургалт, боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа тасалдаж, зогссон нь хүүхэд, залуучуудад ихээхэн хүндрэл учруулсан. Ажилгүйдэл эрс нэмэгдэж, олон зуун байгууллага, аж ахуйн нэгж үүд хаалгаа барьж, дампуурсан. Ядуурал улам нэмэгдсэн.

Ийм эрсдэлтэй үед, цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хямралыг даван туулах хүртээмжтэй, тогтвортой арга хэмжээ авах, улмаар иргэдийн амьжиргааны түвшинд үзүүлэх урт хугацааны сөрөг нөлөөг бууруулж, нийгмийн зорилтот бүлгийн цаашид гарах болзошгүй эрсдлийг даван гэтлэх чадварыг дээшлүүлэх, мэдээллийн нэгдсэн баазыг бий болгох үндсэн зорилготой хэдэн их наядын төсөл хөтөлбөр танай дээр хэрэгжсэн байх юм. Тэдний зөвхөн нэгийнх нь талаар энд дэлгэж байна.

Яг үүнтэй ижил 8 төслийн талаарх мэдээлэл хаана байна аа!

Энэ их мөнгөн дүнтэй төслүүдийг хэрэгжүүлснээр Монголын нийгэмд, иргэдэд эерэг ямар үр дүн гарав аа! Эхний ээлжинд зөвхөн энэ төслийнхөө талаар эрхэм Төрийн нарийн бичгийн даргаа, Та нэг сайхан халаач! Танай ХНХЯ-наас хэрэгжүүлсэн бусад төслийн санхүүгийн зарцуулалтын ил байгаа задаргаа, тайлан, тайлбар ч гэж аймшигтай болохыг харлаа. Асууж тодруулах асар их юм байна. Эхнээс нь эхлээд ээлж дараатай тайлбарлуулья!

Эрэн сурвалжлах үндэсний “Наж могой” нэгдэл

Орчуулах »