“Буянт-Ухаа-2” хорооллын 18 барилгыг Хөгжлийн банк өрөндөө хураан авчээ

0
95

Засгийн газрын баталгаагүй анхны бонд гаргаснаа зарлаад удаагүй байгаа Хөгжлийн банк өнгөрсөн нэг жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн зээлийг эргэн төлүүлжээ. Мөн 861 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Монгол Улсын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг дэмжих хүрээнд олгосон талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр танилцууллаа.

Өнгөрсөн жил буюу 2017 оны хоёрдугаар сарын 10-нд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Эрх зүйн орчин боловсронгуй болсноор харилцагчдын итгэл сэргэж, үйл ажиллагааны цар хүрээ өргөжсөн гэнэ. Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 3700 ажлын байрыг бий болгожээ. Эрх зүйн орчин боловсронгуй болсноор жилийн дотор 1600 ажлын байр шинээр бий болсон байна.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр “Өнгөрсөн жил татвар төвлөрүүлсэн эх үүсвэрийг төлбөрийг хугацаанд нь төлөх онцгой хариуцлагатай жил байлаа. 580 сая ам.долларын евро бондыг оролцуулан нийт 1.2 тэрбум ам.долларын гадаад эх үүсвэрийн эргэн төлөлтийг хийж, олон улсын санхүүгийн зах зээл дэх байр сууриа бэхжлүүлж чадлаа” хэмээн онцолсон юм. Түүнчлэн сүүлийн долоон улирлын турш банкны актив хөрөнгийн хэмжээ 3.4-3.9 их наяд төгрөгийн хооронд хэлбэлзэж, энэ оны гуравдугаар улирлын байдлаар 3.4 их наяд төгрөгт хүрчээ. Цаашид ч нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байгаа аж.

Өнгөрсөн хугацаанд банкны хөрвөх чадварын найдвартай байдлыг хангах, гадаад зах зээлээс татан төвлөрүүлсэн эх үүсвэрүүдийн эргэн төлөлтийг төлөх зорилгоор Засгийн газрын баталгаагүй 110 гаруй сая ам.доллар болон шинээр 500 сая ам.долларын эх үүсвэрийг бүрдүүлжээ. Хамгийн гол нь Засгийн газрын баталгаагүй. Өөрөөр хэлбэл, эрсдлээ Хөгжлийн банк хар толгойгоороо хариуцаж, Засгийн газрыг хөлдөө чирж, чирэгдэл учруулахгүйгээр зээлсэн мөнгөө төлнө гэсэн үг.

Энэ мөнгө өнөө өглөө Монгол Улсын хөгжлийн банкны дансанд орж ирсэн байна. Таван жилийн хугацаатай 7.25 хувийн купонтой бондын эх үүсвэрээр Хөгжлийн банкны богино хугацаатай, хөвөгч хүүтэй гадаад өрийг дахин санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр ирээдүйд хүлээж болох хүүгийн зардал, эрсдэлийг бууруулах зорилготой гэнэ. Олон улсын зах зээлийн жишиг хүү өсөх хандлагатай байгаа бөгөөд энэ нь Хөгжлийн банкны хүлээх хүүгийн дарамтыг нэмэгдүүлж болзошгүй байсан юм.

Олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 4.1 тэрбум ам.долларын бонд худалдан авах санал ирүүлсэн нь Хөгжлийн банкны санал болгосон хэмжээнээс даруй 8 дахин их байсан бөгөөд зах зээлийн эрэлт өндөр байгааг харуулсан үйл явдал болжээ. Манай улсаас сүүлд олон улсын зах зээлд арилжаалсан компанийн бондын хувьд Засгийн газрын баталгаатай байсан бөгөөд купоны түвшин Засгийн газраас олон улсын зах зээлд арилжаалсан бондын өгөөжийн түвшинээс 280 суурь нэгж (2.8%)-ээр өндөр байсан юм.
Сүүлийн үед Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд эрчимтэй сэргэж байгаа төдийгүй МУХБ-наас эдийн засгийн өсөлт, ногоон үйлдвэрлэл, экспортын бүтээгдэхүүний салбарыг хөгжүүлэхээр авч хэрэгжүүлж буй оновчтой бодлого нь энэ удаагийн бондийг ийнхүү амжилттай босгоход чухал үүрэг гүйцэтгэлээ хэмээн олон улсын шинжээчид үзэж байна.

Хөгжлийн банк таван топ зээлдэгчтэй. Үүний хоёр нь төрийн өмчит бол гурав нь хувийн хэвшил. Жишээ нь, топ 5-ынх нь нэг Төрийн орон сууцны корпораци. Харалган бодлогын үр дүнгээс үүдэлтэй төрөөс хөрөнгийг нь гаргасан орон сууц эдийн засгийн хувьд хөлдчихсөн. Иймээс Хөгжлийн банкнаас Засгийн газрын шийдвэрээр “Буянт-Ухаа-2” хорооллын 18 барилгыг өрөндөө хураан авчээ. Төрийн орон сууцны корпорацийн өмчлөлийн дуусаагүй 29 барилгын 1562 айлын орон сууцыг Хөгжлийн банкны өмчлөлд 35.4 тэрбум төгрөгөөр тооцон энэ оны зургадугаар сарын 13-нд шилжүүлэн авсан аж. Шилжүүлэн авч дуусаагүй барилгыг Хөгжлийн банкны тэнцлийн дансанд бүртгэж, банкны хөрөнгө оруулалтын төсвийг нэмэгдүүлэх гэнэ. Уг төсвөөр барилгын ажлыг үргэлжлүүлэхээр болсон аж. Улмаар царцсан орон сууцыг гэсгээж, эдийн засгийн эргэлтэд оруулахаар шийдвэрлэж, ашиглалтад ормогц 100 хувь Түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Үүнээс гадна Хөвгөл, Орхон, Говь-Алтай, Дундговь аймаг дахь орон сууцны дуусаагүй барилгуудыг балансаас балансад шилжүүлэн Хөгжлийн банкны санхүүжилтээр барьж, дуусгахаар шийдвэрлэсэн байна.
Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд тус банк ноолуур хөтөлбөрийн хүрээнд шууд санхүүжүүлсэн 6, арилжааны банкаар дамжуулаад 14 аж ахуйн нэгжийг эргэлтийн хөрөнгөөр хангаж, 200 гаруй тэрбум төгрөгийн ноолууран бүтээгдэхүүнийг экспортолжээ. Мөн “ТЭЦ-4”-ийн турбоагрегат шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн нийт өртөг 93 сая ам.доллар буюу 80.7 сая евро, 8 жил хүртлэх хугацаагаар олгохоор болсон байна. Энэ онд эхний ээлжинд ОХУ-ын Внешэконом банкнаас 25 сая ам.долларыг үе шаттайгаар авч санхүүжүүлж эхэлжээ.

Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн төслийн дэд бүтцийн ажил буюу үйлдвэрийн талбай, цахилгаан хангамж, авто зам, төмөр зам барих ажлуудыг санхүүжүүлжээ. Тус ажлын санхүүжилт 250 хүртэл тэрбум төгрөг гэнэ. Одоогийн байдлаар 28.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.

Хөгжлийн банкны үйл ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх зорилгоор тоног төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэх “Ди Би Эм Лизинг” ХХК, хөрөнгө оруулалтын сан бүхий “Ди Би Эм Ассет менежмент” компанийг байгуулжээ. “Ди Би Эм Лизинг” компани нь аж ахуйн нэгжийн тоног төхөөрөмжийн шинэчлэлээр ОХУ-ын компаниудаас 740 гаруй техник, тоног төхөөрөмж оруулж ирэн 230 гаруй аж ахуйн нэгжид олгожээ.
“Ди Би Эм Ассет менежмент” компани нь дэд бүтэц, уул уурхайн салбарын томоохон төслүүд, тэдгээр салбарыг дэмжсэн инновацийн төслүүд рүү чиглэсэн “Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сан”-г байгуулжээ. Энэхүү сангаар дамжуулан эхний ээлжинд 100 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн хөрөнгө оруулалтыг тодорхой шалгуур хангасан, санхүүгийн болон эдийн засгийн үр ашигтай төслүүдэд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн аж.

2020 оны таван сар хүртэл Хөгжлийн банк дахин бонд гаргахгүй.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!