Д.Цогтбаатар: Тоглоомынхоо дүрмийг тодорхой болгох хэрэгтэй

0
10

Энэ удаагийн “Ярилцах танхим”-ын зочноор УИХ-ын гишүүн Д.Цогбаатарыг урилаа. Түүнтэй Монгол, Орос, Хятад гурван улсын  худалдаа, аж үйлдвэрийн танхимынхан уулзах үеэр хөрөнгө оруулалтын талаар цөөн хором ярилцсан юм.

Гурван улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлагууд таньтай уулзлаа. Энэ удаагийн чуулга уулзалтад оролцогчдод хэд хэдэн зүйлийг чухалчлан захиж байгаа харагдсан. Хөрш улсын бизнесийн төлөөллүүд бизнес хөрөнгө оруулалт, тулгамдаж буй асуудлуудаар санал солилцон шийдлээ олдог эл уулзалтаас ямар үр дүн хүлээж байна вэ?

Уулзалт салбар салбараар сэдэвчилсэн хүрээнд явагдаж, амжилттай өндөрллөө. Уулзалтын эхэнд гурван улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимынхантай уулзаж, хүсэлт тавьсан юм. Ямар хүсэлт тавьсан гэхээр энэ гурван орны дунд яриа хэлэлцээр хийж, тулгамдсан асуудлаа хэлэлцэж байгаа нь маш чухал. Иймээс энэ уулзалтаар Монголд бизнес хийхэд ямар бэрхшээл, хүндрэл, саад тотгор байна. Ялангуяа төртэй холбоотой зайлшгүй байх шаардлагагүй хүндрэлүүдийн талаар хэлэлцэн, ил тод нээлттэйгээр гаргаж ирэхийг хүссэн. Өөрөөр хэлбэл, андын ёсоор асуудалд хандаж, аливаа саад бэрхшээлээ нууж хаалгүй гаргаж тавихыг захисан юм. Тэгэхгүй бол улс хооронд гэдэг утгаараа болгоомжлох хандлах бий. Ингэснээр хүндрэл, бэрхшээлээ нээлттэй, ил тод тавьж чаддаггүй ч юм уу. Энэ бол дипломат уулзалт биш. Мэдээж дипломат уулзалт байсан бол өөр хэрэг. Харин эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа гэдэг нягт хамтарч ажиллах хүрээнд хийгдэх ажил. Иймээс асуудал, бэрхшээлээ ил гаргаж ирж байж үүнийг нь төрийн зүгээс судалж, хэрхэн шийдвэрлэх, бодлого, шийдвэртээ яаж тусгахаа хэлэлцэх юм. Ийм байдлаар чуулга уулзатыг чиглүүлж, гол үндэслэлтэй мэдээллүүдээ бид нарт гаргаж өгөөрэй гэж хүссэн.

Төрийн дээд хэмжээний уулзалтуудыг эс тооцвол гурван улсын түвшинд уулзалт хийгээд байх нь ховор байх?

Тийм шүү. Гурвалсан уулзалт цөөн. Дээд түвшинд буюу Төрийн тэргүүнүүдийн уулзалт, мөн хөрш орнуудын худалдаа аж үйлдвэрийн танхимынхны уулзалтыг нэрлэж болох байх. Тиймээс гурвуулаа уулзсан энэ завшааныг ашиглан нэгнийхээ бизнесийг дэмжих, мэдээллээр сайн хангах хэрэгтэй. Яагаад гэвэл нэгэндээ хэрэгтэй ч бие биенээ олохгүй байгаа бизнес эрхлэгчид бий. Дэлхий дээр төөрөлдөж яваа тэднийг хэрэгтэй хүмүүстэй нь уулзуулдаг талбар нь та нар болж өгөөчээ гэсэн л санаа юм. Энэ бол маш чухал.

Хөрш орнуудын хамтарсан хөрөнгө оруулалтыг Монгол руу чиглүүлэх тухай мөн хэлж байсан. Ингэхдээ Монгол-Японы  чөлөөт худалдааны хэлэлцээрийг ашиглах байдлаар гэж тодотгосон байсан?

Монгол руу хөрөнгө оруулалт хийгээчээ. Хятадын талаас ч, Оросын талаас ч адилхан. Хамтарсан компани байдлаар ч юм уу, гурвалсан уу, хоёрлосон уу гэдэг нь тийм ач холбогдолтой бус. Хамгийн гол нь Монгол Япон улстай чөлөөлт худалдааны хэлэлцээртэй. Иймээс танай үйлдвэрүүд Монголд хөрөнгө оруулалт хийж, Монголд бүтээгдэхүүнээ гаргаад, Монгол бүтээгдэхүүн болгон гаргавал Япон руу орох илүү таатай нөхцөл, боломж энд байна гэсэн санаа юм. Ийм боломж Орос, Хятад хоёрын алинд нь ч байхгүй. Чөлөөт худалдааны хэлэлцээр байхгүй учраас. Харин бидэнд ийм давуу нөхцөл бий. Төр ийм ажлаа л хийх ёстой.

Нэг үеэ хөрөнгө оруулалт харьцангуй сэргэж байна гэж хэлж болох байх. Ер нь хөрөнгө оруулагчдыг шүүр бариад үргээх амархан юм. Харин тэдний хараанд дахин өртөж, эргүүлж сэргээхэд өмнөхөөсөө хоёр дахин их хөдөлмөр шаардагддаг гэдгийг бид, цаашилбал улс төрийн хүрээнийхэн, эрх баригчид ухаарч байгаа болов уу?

Яг үнэн. Баахан хийрхэж, үндсэрхэг үзэл гаргаж байгаад хөрөнгө оруулагчдыг хөөгөөд явуулсан. Гэхдээ тэднийг Монголын ард түмэн хөөгөөгүй гэж боддог. Энэ бол улс төрийн тоглоом. Өөрөөр хэлбэл, улстөрчидтэй л холбоотой зүйл. Улстөрчид нь асуудлыг эерэгээр ард түмэнд зөвөөр ойлгуулаад урагшлах ёстой. Тийм ч учраас гадаадын хөрөнгө оруулалтыг нэг үе их сайн татаж чадсан. Сүүлдээ хөөсөн ч гарахгүй юм байна, бид хамгийн их баялагтай, биднээс өөр ийм баялагтай газар байхгүй гэсэн ташаа төсөөлөлдөө хөөрцөглөж, ааш аягаа өөрчиллөө шүү дээ. Эргээд хөрөнгө оруулалтыг татах ажил нэлээн эрчимтэй хийгдэж байна. Мэдээж хөрөнгө оруулалт ид орж ирж байх түвшний хаана нь ч хүрэх болоогүй. Үүнд олон жил шаардагдана. Тэгэхээр илүү тогтвортой нөхцөл байдал Монголд шаардлагатай. Мөн гадны хөрөнгө оруулагчидтайгаа зөв харьцах наад захын суртахуун ч бидэнд хэрэгтэй. Учир нь дэлхий дээр хөрөнгө оруулалт шаардлагатай олон улс бий. Ганц Монголд л хөрөнгө оруулалт хийх юм биш шүү дээ.

Монгол бол нэг хэсэг нь гэж үү?

Монгол бол нэг хэсэг нь. Бид бусад хөрөнгө оруулалт шаардлагатай орнуудтай өрсөлдөж байна. Үүнийгээ ойлгож, эхлээд хөрөнгө оруулагчидтай зөв харьцдаг л болмоор байгаа юм. Ийм жижиг зүйлээс эхлэхэд их өөрчлөлт гарна.

Шинэ парламент байгуулагдсан цагаас хөрөнгө оруулалтыг татах ажиллагаа эрчимтэй хийгдсэн. Энэ хүрээнд эрх зүйн орчныг ч таатай болгох процессууд явагдсан гэж хэлж болох байх. Гэхдээ үр дүн богино хугацаанд мэдрэгдэж эхэлсэн нь Засгийн газар өөрчлөгдсөнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, улс төрийн савлагаа тогтворжиж эхэлсэнээс үүдэлтэй гэж тайлбарлах нь бий?

Төрийн ажил илүү тогтвортой болж байгаа нь үнэн. Хэтэрхий үндсэрхэг, туйлширсан үзэл харьцангуй намжиж байна. Ардчилсан улс учраас үзэл бодлын уралдаан байх нь гарцаагүй. Гэхдээ хэт туйлшралт нь ямар үр дүн авчирдгийг өнгөрсөн хугацаанд харж, бас мэдэрлээ. Харин тэрхүү ыүзэл суртал, савлагаа харьцангуй намжаад эхлэхээр гадныхан тогтвортой байдал эргээд ирлээ гэсэн мессеж бий. Ялангуяа Олон улсын валютын сантай хөтөлбөр тохирч, зээлийн хүүгийн төлбөрийн 50 сая ам.долларыг төлж дуусгалаа. Хятадын своп гэрээний  олон тэрбумын асуудлын хугацааг нь хойшлуулж чадлаа. Энэ бүгд эдийн засагт  том утгаараа тогтвортой байдал авчирж байгаа юм. Үүнийг хөрөнгө оруулагчид хамгийн гярхай харж, бас хамгийн нарийн мэдэрч байгаа.

Монголд хөрөнгө оруулалтын таатай орчин хэр хангалттай түвшинд бүрдсэн гэж бодож байна вэ?

Хангалттай биш байна. Өөр олон ажил шаардлагатай.

Тухайлбал..?

Нэгдүгээрт, макро эдийн засгийн тогтвортой байдалд нэлээн сайн анхаарах ёстой. Мөн хуулийн тогтвортой байдал чухал. Яагаад гэвэл өнөөдрийн боловсруулж, батлуулсан хуулиа маргааш нь солихгүй гэх баталгаа хаана байна. Монголын хууль гурван хоног гэгчээр дорхноо өөрчилчихдөг. Хуулийн энэ тогтвортой байдал гэдэг нь зөв зохицуулалтууд гаргаж ирж хийснээрээ харагдахгүй. Урт хугацаанд үйлчилж байгаагаараа л харагдана.

Хөрөнгө оруулагчдын ганц айдаг зүйл нь Монголын хууль эрх зүйн орчин. Таны хэлсэнчлэн өнөөдөр баталсан хуулиа маргааш нь орвонгоор нь эргүүлж, өөрчилдөг. Шинэ парламент байгуулагдсан цагаас ч хуулийг өнөөдөр баталж, маргааш нь нэмэлт өөрчлөлт оруулах нэрийдлээр гар дүрч байгаа нь түгээмэл ажиглагдсан. Ийм тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдыг дахин үргээх шалтгаан хангалттай болох биз?

Тиймээс энэ тал дээр нэлээн болгоомжилж байгаа. Жишээ нь, Монголд бизнес эрхэлж, үйлдвэр барихад тоног төхөөрөмж оруулж ирэх шаардлага гардаг. Тэгэхээр тарифын хууль бас тогтвортой байх хэрэгцээ бий болдог. Гэтэл тарифын бус татварууд нь бүр урьдчилан харах боломжгүй байх жишээтэй. Өнөөдөр нэг шийдвэр, маргааш өөр шийдвэр. Иймээс эдгээр зүйлийг эргэж харах ёстой. Улмаар улс төрийн тогтвортой байдлаас гадна хууль эрх зүйн орчинг тогтвортой болгосон цагт харьцангуй гадны хөрөнгө оруулагчид манайд итгэнэ.

Гадны хөрөнгө оруулагчдыг татах нэрийдлээр эрх баригчид гадны банк оруулж ирэх хөрс сууриа бэлдлээ гэх хардлага бий. Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль, Үндэсний төлбөр тооцооны тухай хуулийг баталсан нь ийм хардлага, болгоомжлолыг дагуулсан болов уу?

Ер нь бид чөлөөт зах зээлийн эдийн засаг байгуулж байгаа орон. Тийм биз. Үг нь цаанаа чөлөөт гэсэн утга санаатай. Мэдээж зах зээлийг тодорхой хэмжээнд хамгаалах юман дээрээ хамгаална. Гэхдээ бүр хэт хамгаалаад цайз шиг юм болгочихоор өнөөдөр юу болж байна гэхээр эдийн засаг өөрөө хохирч байгаа юм. Жишээ нь, зээлийн хүүг аваад үзье. Өрсөлдөөний орчин хомсдоод ирэхээр зээлийн хүүг өсгөх боломж банкуудад гарч ирдэггүй. Нөгөө талаас зах зээлээ хаачихаар гаднаас хөрөнгө оруулалт байхгүй болно. Монголын хөрөнгө харьцангуй хязгаарлагдмал. Эрэлт их байх тусад үнэ нь өсдөг жамтай. Тиймээс хүү зэх зээлийнхээ жам ёсоор өснө. Гаднаас хөрөнгө оруулалтыг оруулж ирж байж зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ. Тэгэхгүй бол энэ өндөр хүүтэй зээлээр манайх зээл аваад бизнес хийгээд явна гэдэг хүнд. Мэдээж хаалгаа том нээж, гадныхныг оруулж ирээд өөрийн банкуудыг сүйдэж болохгүй. Тоглоомынхоо дүрмийг тодорхой болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ийм ийм салбаруудад хөрөнгө оруулалт хийнэ шүү гээд тодорхой дүрмээ зааж, өгөөд оруулахад буруудахгүй.

Гадны банк Монголд зайлшгүй шаардлагатай гэж үү?

Яагаад гэвэл гадны хөрөнгийн эх үүсвэр бидэнд хэрэгтэй. Оруулж ирэхгүйгээр тэр хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн ашиглах билээ.

Тоглоомын дүрмийг бид нар ягштал тодорхой болгож чаддаг бил үү гэх болгоомжлол. Шулуухан хэлэхэд, чаддаггүй. Ганц нэг хүнд, эсвэл бүлэг этгээдэд ашигтай байх хувилбараар дүрмийг боловсруулж, батлуулдаг нь Монголын хууль тогтоох дээд байгууллагынхны алдаа. Энэ нь эргээд олон эрсдэл дагуулж мэдэх талтай шүү дээ?  

Яг үнэн. Хууль гэдэг хүний л хийж байгаа зүйл. Амьдрал дээр хэрэгжүүлэх явцдаа зарим засвар хийх шаардлага тулгардаг. Ялангуяа манай эрх ашигт сөргөөр нөлөөлж байвал засаад явж байхад асуудалгүй. Түүнээс гэнэт нэг хууль гаргаад, түүнийхээ суурийг бүрэн өөрчлөөд, тэс өөр болгоод явах нь зохимжгүй. Ер нь амьдралд нийцсэн засвар, шинэчлэлүүд хуульд тусгах шаардлага гардаг. Амьдрал баян болохоор ямар ч хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ бий болдог. Тэр хууль тогтоох процесс хэзээ ч зогсохгүй. Манай эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаа юмыг засч болно.

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуульд тоглоомын дүрмийг тодорхой тусгаж чадсан уу?

Ганц, хоёр шүүмжлэх асуудлууд бий. Хүмүүс тэр тал дээр болгоомжлол яриад байгаа. Ялангуяа банкны дүрэм бол өөрчилж болох зүйл. Хууль бол өөр асуудал. Хуулиа гаргасан бол хэрэгжүүлэх гээд л явах ёстой. Амьдрал дээр алдаа оноо гарч байгаа бол засаад явна. Амьдрал өөрөө хэлээд өгнө. Энэ чинь болохгүй байна шүү гээд.

АН өрийн таазыг нэмэгдүүллээ гэж тухайн үед сөрөг хүчин байсан МАН үүнийг үргэлж шүүмжилж ирсэн. Гэтэл өнөөдөр өмнөх сөрөг хүчин эрх баригч болонгуутаа эргээд өр нэмэгдүүлж эхэллээ гэх шүүмжлэл тасрахаа болилоо. Өнгөрсөн долоон хоногт л гэхэд Засгийн газраар дараагийн зээлийн хэлэлцээрийг шийдэгдэж байх жишээтэй. Та үүнд ямар тайлбар хийх вэ?

ОУВС-гийн хөтөлбөрт Монгол Улс хамрагдахаар болсон. Хөтөлбөрийн хүрээнд дандаа хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдаж байгаа юм. 3-4 хувийн хүүтэй зээл. Хөтөлбөрт багтаагүй бусад зээлүүдийг бид нар авч чадахгүй. Харин хөтөлбөрт багтсан зээлүүдийг төр аваад эргээд улс төрийн зорилгоор хэрэгтэй, хэрэггүй байдлаар, хүмүүст таалагдах үүднээс үрэлгэн төслүүдэд зарцуулахгүй байх үүрэг хүлээсэн. Монголын хөрөнгө санхүүгийн хөмрөг хоосорсон байгаа энэ  тохиолдолд зээл авч байж, өнөөгийн хүндрэлээс гарна. Жишээ нь, айл гэрээр аваад үзье. Тухайн айл зээлтэй байя. Зээлээ төлж чадахааргүй байна. Эдийн засаг нь хямарч хөрөнгөгүй болсон учраас. Зээлийн хугацаа хэтрээд явбал миний хувьд өр болоод нэмэгдээд байна. Иймээс өр болгохгүйн тулд мөнгө зээлж авахаас өөр гарцгүй. Ингээд зээлсэн хүндээ төлөөд нөгөө шинэ зээлдэгчтэйгээ харьцаагаа цааш нь үргэлжлүүлээд явна. Зээлийн нийт хэмжээ бол өссөхгүй. Нэг зээлдэгчээс авч нөгөө зээлдэгчдээ өгч, өөрөө эдийн засгаа өсгөх шинэчлэл, өөрчлөлт хийх боломж, цаг хугацаагаа гаргаад авч байна. Энэ хугацаанд ярьж байгаа өөрчлөлтөө эдийн засгийн ахицаа гаргах ёстой. Ийм энгийн гэр бүлийн амьдрал дээр байгаа процесс улсын амьдралд ч адилхан байгаа юм.

Тэтгэврийг нэмэгдүүлнэ, сургалтын төлбөрийг өсгөхгүй, Онцгой албан татварын зарим хэсгийг нэмэгдүүлэхгүй гэсэн эерэг мэдээллүүд хөвөрч байна. Магадгүй Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой болов уу. Эргээд ОУВС-гийн өмнө хүлээсэн үүрэг хэрхэх билээ?

ОУВС-тай тохирсон мөрийн хөтөлбөр маш нарийн зохицуулалттай. Үрэлгэн, эргээд орж ирэхгүй зүйлд хөрөнгө оруулалт хийхгүй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө мөнгөнд тавигдах хяналт маш сайжирсан. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт гурав дахиа хамрагдаж байна. Шийдвэр гаргагчид ОУВС-тай яагаад ажиллах дургүй, аль болох хоёр талаараа авахыг хүсдэг гэхээр мөнгөтэй харьцах эрх чөлөө нь хязгаарлагдмал байдаг. Яг л тохирсон хөтөлбөрөөрөө явна. Ийм хөтөлбөр тохирсон биз дээ, үүндээ л зарцуул, үүнийгээ ол, хий өөр юманд зарцуулж болохгүй гэсэн шаардлага тавьдаг. Ийм хязгаарлалтгүй байхаараа л мөнгө тараахаас эхлээд зөв, буруу бүх юм руу хутгалддаг. Улс төрийн шахаанд орж, нэр хүнд нь бууж, ретинг нь унахаар популизм руу орох эрсдэлтэй. Харин ОУВС-гийн хөтөлбөр өөр. ОУВС-гийн хөтөлбөр эдийн засгаа л зөв болгоосой гэдэг зорилго байгаа болохоос манай сонгогчдод тааруулсан популизм хийх шаардлага тэдэнд байхгүй.