Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 90 хувьд олгоход 61.56 тэрбум төгрөг хэрэгтэй

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Энэхүү тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан танилцуулжээ. Тэрбээр хэлэхдээ, Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгоход 228.000 хүүхэд нэмэгдэж 41.04 тэрбум төгрөг нэмэх шаардлагатай болно. Нийт хүүхдийн 90 хувьд олгоход 342.000 хүүхэд нэмэгдэж 61.56 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарч байна. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоход 10 орчим хувь нь хүүхдийн мөнгөө огт авдаггүй. Иймд хүүхдийн мөнгийг “Хүүхдийн мөнгө” авах хүсэлт гаргасан хүүхэд бүрд өгөх саналтай байна. Ингэж олгоход нийт хүүхдийн 90 орчим хувь нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах тооцоо гарсан тул тогтоолын төслийг боловсруулсан гэлээ.

Ингээд “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг  дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэн байна. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!