Татвар бол төрийн авлага

0
95

Татвар төлөгч ямар эрхтэй вэ. Энэ асуултад ихэнх иргэд төсөвт хяналт тавих гэх байдлаар хариулдаг. Харамсалтай нь, ийм эрх байхгүй бөгөөд тийм боломж ч үгүй юм. Харин татварын хөнгөлөлт эдлэх, орон сууц барих болон худалдан авахад , оюутны сургалтын төлбөрт төлсөн зардалд ногдох тодорхой хувийг татварын буцаан олголтоор авах эрхтэй. Товчхондоо, “Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтийг жилд нэг удаа эдэлдэг. Мэдээж мэдээлэл, зөвлөлгөө, татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам, аргачлал, маягтыг татварын алба, татварын улсын байцаагчаас авах нь нээлттэй.

Тэгвэл үүргийн хувьд хугацаанд нь татвараа төлөх. Энэ бол таны улсынхаа өмнө хүлээсэн үүрэг. Гэвч монголчуудын хувьд үүрэг гэхээсээ ял мэтээр хүлээж авч хэвшсэн. Тиймдээ ч аль болох татвараас зайлсхийх, бултах сиймхий хайдаг гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч татварын шударга байдал, алагчлахгүй байх зарчмыг татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгж “нэхэмжлэх нь” бий.

Энэ оны II улирлын байдлаар 39.7 мянган аж ахуйн нэгж байгууллагын 636.5 мянган ажилчид татвар төлжээ. Мөн ААНОАТ төлөгчөөр бүртгэлтэй 138.005 татвар төлөгч бүртгэгджээ. Энэ оны хагас жилийн дүнгээр 33.357 НӨАТ төлөгч татварын байгууллагад бүртгэгдсэн байна.

Монгол Улс гурван сая гаруй хүн амтай. Үүнээс татвар төлдөггүй насанд хүрээгүй нэг сая орчим иргэн бий гэж тооцвол үлдсэн хоёр сая гаруй нь татвараа зайлшгүй төлөх ёстой. Гэтэл дээрх тоон мэдээллээс харахад дөнгөж нэг сая орчим иргэд үүргээ ухамсарлаж, татвараа төлжээ. Шулуухан хэлэхэд, ажил хийдэг учраас цалингаасаа үг дуугүй татвараа төлдөг.

“Төр оршихуй дор татвар буй, татвар буй дор төр буй” гэж… Өөрөөр хэлбэл, татвар үгүй бол төр оршин тогтнохгүй. Татвар нь өргөн утгаараа нийгмийн барааг хэрэглэсний төлөө төлж байгаа төлбөр. Улмаар төсвийн орлого бүрдүүлэх зорилгоор татвар төлөгчдөөс авч байгаа төрийн авлага. Их Монгол улсын үеэс иргэн бүр улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулж татвар, татаасыг төлсөөр ирсэн түүхтэй, уламжлалтай. Амьдарч, ажиллаж, хөдөлмөрлөж байгаа л бол олсон мөнгөнөөсөө татвар төлж, түүгээр нь улсаа хөгжүүлдэг олон улсын жишгээс бид гажих учиргүй юм.

Монголчууд бид амны бэлэгтэй ард түмэн, юу хийнэ, түүнийгээ л авна гэдэг шиг татвараа үнэн зөв, хугацаанд төлсөн бол бизнес, ажил үйлс нь сайн байдаг.

Энэ оны эхний таван сарын байдлаар улсын төсөвт уул уурхайн салбараас 851 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэнийг Үндэсний статистикийн газраас мэдээллээд байгаа. Татварын нийт орлого 5.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр буюу 31.8 хувиар өссөн. Үүнд НӨАТ 380.1 тэрбум, Орлогын албан татвар 328.6 тэрбум, Нийгмийн даатгалын орлого 213.9 тэрбум, Онцгой албан татвар 190.4 тэрбум, Гадаад үйл ажиллагааны орлого 137.4 тэрбум гэхчлэн бусад татвар, төлбөр хураамжийн орлого 131.1 төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Татвар төлөгчдийн хөлс хөдөлмөр шингэсэн энэ мөнгө юунд зарцуулагдах вэ. Мэдээж улсын болон орон нутгийн төсвийг бүрдүүлнэ. Улмаар улсын халаасанд төвлөрсөн хэдэн төгрөгийг хаана, юунд зарцуулах уу гэдэг нь Засгийн газар болоод Орон нутгийн ИТХ-ын ажил. Онолоор бол Засгийн газраас улс орны нийгэм-эдийн засгийг зохицуулах гол хэрэгсэл бөгөөд Засгийн газар хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг татвараар бүрдүүлдэг. Татварын нийгэмд гүйцэтгэх үндсэн чиг үүрэг нь төрийн зардлыг санхүүжүүлэх, эдийн засгийн тэнцвэрийг хангах, орлого эд хөрөнгийн шударга хуваарилалтад нөлөөлөх юм.

Энгийнээр хэлбэл, цэцэрлэг, сургууль, зам барьж, эмч, багш нарын цалинг нэмж, иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг сайжруулахад зарцуулагдана. Мэдээж захиран зарцуулалтад хяналт хэрэгтэй. Уулын мод урттай богинотой гэгчээр төсвийг захиран зарцуулагчдын цөөнгүй нь өнөөх мөнгийг гарын салаагаар үр ашиггүй зүйлд зарцуулах нь бий.

Өндөр хөгжилтэй орнуудын иргэд орлогоосоо их хэмжээний татвар төлдөг учраас төсвөө, төрөө хянадаг, татвар төлөгчдөөс авсан мөнгөөрөө эргээд ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг нь сайжруулахыг шаарддаг. Харин монголчуудын халааснаас гарах татварын хэмжээ /татвар төлөх орлогоо бүрэн бүртгэдэггүй/ бага учраас хяналт тавихдаа ч сул гэдэг шүүмжлэлийг хийх нь бий. Магадгүй үндэслэлтэй тайлбар байж мэдэх юм. Татварыг нэмж байж л татвар төлөгчид “нэхэл хатуутай” болж, төр засгийн эрх баригчид төсвийн мөнгийг дураараа зарцуулах боломжийг хаана гэж зарим эдийн засагч үздэг. Мэдээж энэ бүхэн амаргүй.

Үүний зэрэгцээ татвар төлдөггүй хэсгийг хэрхэх вэ. Наанадаж, эрүүл мэндийн даатгалаа төлдөггүй атлаа тэд эмнэлгийн үйлчилгээ авдаг. Хотын хөгжилд хувь нэмрээ оруулаагүй атлаа машин унаж, түгжрэлийг нэмэгдүүлдэг. Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө халааснаасаа 100 төгрөг ч гаргаж үзээгүй мөртлөө татвар төлөгч миний мөнгөөр хэмээн “дөвчигнөдөг” хэсэг Монголд бий. Тухайлбал, шашны байгууллагын нэртэй иргэд, дуучид, томоохон зах худалдааны төвд лангуу түрээсэлж буй иргэд, бичил уурхай эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчид. Тэдний хувьд сохор зоос ч байсан өөрөө халааслаж, татвараас зугтах нь сайн зүйл мэтээр ухамсарладаг. Өөрөөр хэлбэл, татвар төлөх нь ямар ач холбогдолтойг мэддэггүй. Мэдсэн ч ойшоодоггүй, зөвхөн өнөөдрөөрөө амьдарч, хувиа хичээгчид гэхэд хэтийдэхгүй биз. Уг нь олсон орлогоосоо 100 төгрөг ч болтугай татварт тушаах нь ирээдүй хойч үед нь, өнөөдрөөрөө амьдарч байгаа тэдэнд ч ээлтэй юм.

Жишээ нь, малчид татвар гэх үгийг сонсоод үстэй толгойгоо зулгааж, үглэж яншиж, төрийг зүхэх нь бий. Бэлчээр, ус, өвс гээд байгалийн баялгийг үнэгүй ашиглаж байгаагаа ухаардаггүй. Тийн атал өвлийн хахир цагт хөөрхий малчид минь хэдэн малаа алдах нь хэмээн улсын төсвөөс хөрөнгө гаргаж, өвс, тэжээл хүргүүлэх нь элбэг. Дээр нь татварын мөнгөөр үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгийн багачуудаас шүдэнз, лаа, нэмнээ гэхчлэн хэрэгцээт зүйлсийг нь ханган нийлүүлдэг. Хариуд нь үнэгүй мах, сүү, тараг илгээж байсан удаа бий бил үү. Үүнтэй ижил дамын наймаачдын татварын мэдлэгийг ч нэмэгдүүлэх цаг болсон.

Дэлхийн орнуудын жишгээр цэцэрлэгт байхаас нь татварын талаарх мэдлэг, суурийг олгож, үүргээ ухамсарласнаар улс орон нь хэрхэн хөгжиж, өөрийнх нь амьдралд өгөөжөө ямар байдлаар өгөхийг тархинд нь суулгах зайлшгүй шаардлага бий мэт. Түүнээс зальтай нь хуулийн цоорхой ашиглаж, татвараас зайлсхийж, төлдөг нь хохирдог нийгэм УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн хэлдэгээр ариун явдал уу. Учир нь бүгд л ашгийн төлөө, арилжааны зарчмаар ажилладаг. Малчин малаа зарж, наймаачин бараагаа арилжиж, лам ном уншиж, дуучин дуугаа дуулж, халаасаа түнтийлгэдэг. Тиймээс татвар төлөгчдийн мөнгө гэж цээжээ дэлдэхээс урьтаж, үүргээ биелүүлэх нь иргэн бүрт хамаатай юм.

Л.НИНЖСЭМЖИД

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!