Ц.АРИУНБАЯР, Д.АВИРМЭД НАРЫГ АТГ ШАЛГАЖ ЧАДАХГҮЙН УЧИР ЮУВ?

0
70

-АТГ-ын ДАРГА ТЕНДЭР ЗОХИЦУУЛАГЧИДТАЙ ЯМАР НЭГ СЭЖМЭЭР ХОЛБООТОЙ БИШ БАЙГАА-

Тиймээ, АТГ-ын дарга Х.Энхжаргал болон мөрдөгчдөө Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга асан Ц.Ариунбаярт одоог хүртэл хаяглагдаж байгаа хөрөнгө мөнгө завшсан, нийслэлд зарлагдсан бүхий л тендерийг өөрийн төрөл төрөгсөд, ах дүү, найз нөхдөдөө ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр өгсөн гэх асуудлыг хэзээ мухарлаж нийслэлчүүдийн эргэлзээг тайлах вэ?

Мэдээж энэхүү асуудлыг зүгээр нэг жирийн Дорж, Дулмаа гаргаж ирээгүй нь лавтай. Өөрөөр хэлбэл, Ц.Ариунбаярыг ажлаа өгөхөөс өмнө Сангийн яамнаас Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт шалгалт хийж маш ноцтой зөрчил илрүүлсэн баримттай мэдээллийг бид хүргэж байсан. Товчхондоо Ц.Ариунбаяр тендерийн төлөвлөгөөгөө дутуу танилцуулахаас эхлээд үр дүнг хагас дутуу, буруу зөрүү тайлагнаж байсан гэдгийг илтгэж буй хэрэг. Хуулийн дагуу ярьвал Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан захиалагчийн эрх, үүргийг эрх шилжүүлсэн этгээдээс авч, өөрийн үндсэн чиг, үүрэгт хамааралгүй үйл ажиллагааг хэрэгжүүлсэн нь эрх зүйн үндэслэлгүй бөгөөд холбогдох хууль, журмыг зөрчсөн үйлдэл болсон гэсэн үг.

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд тендер, хөрөнгө оруулалттай холбоотой маш олон шийдвэр захирамжууд Ц.Ариунбаярын гараас гарсан тухай баримттай мэдээллийг хэвлэлийнхэн олонтаа онцолж байсан ч АТГ-ынхан одоог хүртэл энэ асуудлын үнэн худлыг олохгүй байгаа нь хачирхалтай. Магадгүй Ц.Ариунбаярын ард бүхэл бүтэн улстөрийн арми хамгаалалтад авч, түүнд гар хүрэхгүй байхыг АТГ-т анхааруулсан байж ч мэднэ. Ингэж хэлэхийн учир нь анх түүнийг тус газрын даргаар томилогдоход АТГ-аас ямар ч асуудалгүйгээр дээрх албан тушаалд суух визийг нь олгочихсон. Уг нь 2012 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн.

Энэ хуулийн 12 дугаар зүйлийн 21.1-т зааснаар Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хянах, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашигласан, аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно гэж заасан. Тус хуулийг энгийнээр ойлгоход ах дүү хоёр нэг дор ажиллаж болохгүй ээ. Энэ бол шууд ашиг сонирхлын зөрчил гэж хэлсэн хэрэг л дээ. Уг нь Ц.Ариунбаяр төрийн удирдах албан тушаалд томилогдохдоо Авлигатай тэмцэх газарт ашиг сонирхлын зөрчил байхгүй гэдгээ мэдэгдэх ёстой. Яг үнэндээ хууль дүрмээрээ бол АТГ-ынхан тухайн албан тушаалд томилогдох гэж буй этгээдийг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгаж шаардлага хангасан тохиолдолд албан тушаалд томилох зөвшөөрлийг олгодог.

Гэтэл Ц.Ариунбаяр АТГ-ын энэ шалгуурыг давж шууд дарга болж хүргэн ахынхаа удирдлага дор өнгөрсөн хугацаанд нийслэлийн хөрөнгөн дээр эзэн сууж дураараа дургисныг Сангийн яамныхан нотлоод ч амжилт олсонгүй. Уг нь хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой ч энэ мэт хүмүүсээс төрийн хууль нүүрээ буруулж тэдэнд боломж олгосоор байгааг аз гэх үү, эз гэх үү. Яг үнэндээ Ц.Ариунбаярын хашиж байсан албан тушаал маш онцлогтой. Учир нь дээр хэлсэнчлэн түүний гараар Нийслэлийн бүхий л бүтээн байгуулалтын тендерийн ажил явагддаг байсан.

Тиймээс тэрбээр албан тушаалтай байх үедээ дарга даамлуудад хэдэн үеэр нь идэх хөрөнгө мөнгөний тендер өгчихөөд өнөөдөр ийнхүү буянаа эдлэн тарвалзаж байгааг үгүйсгэхгүй. Хэрвээ хэн нэгэн даргын дүү биш, мөрөөрөө ажлаа хийж байсан Бат Сангийн яамны шалгалтад бүдэрч ноцтой алдаа гаргасан бол АТГ-ынхан аль хэдийнэ гэрээс нь баривчилж Цагдан хорих 461 дүгээр ангид хийж, идсэн уусныг нь шалгах л байсан. Ийм учраас Монголын хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой гэдгийг хэлээд буй юм. Ямартай ч өнөөдөр Ц.Ариунбаярт хаяглагддаг, нийслэлд хийгдэх 44 тендер зарлагдсаны 30-ыг авсан, үлдсэнийг нь хотын даргын эгчийн “Голенхоул” ХХК-ийн нэрээр 100 гаруй сая төгрөгийн төсөвтэй цэцэрлэгийн дотоод агаарын чанарыг сайжруулах, агаар цэвэршүүлэгч худалдан авах ажлыг авсан.

105 сая төгрөгийн төсөвтэй хот байгуулалтын мэдээллийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг авсан гэх асуудлын үнэн зөвийг одоо биш юмаа гэхэд ирээдүйд шалгах нь гарцаагүй. Гэхдээ Ц.Ариунбаярыг ашиг сонирлын зөрчилтэйг шалгаж дийлээгүй томилуулсан, улмаар Сангийн яамны шалгалтаар ноцтой алдаа гаргасан нь илрээд байхад ч толгойг нь илсээр суугаа АТГ-ын дарга Х.Энхжаргал та өөрөө төрийн албыг төрлийн хэлхээгээр явуулдаг нөхөдтэй сонирхол нэгтэй юм биш биз. Эс бөгөөс Азийн хөгжлийн банкны өндөр хүүтэй зээлээр хийгдэж буй Төсөл, тендэрийг нь будилаантуулан хэл ам таталж буй Д.Авирмэд болон эл Ц.Ариунбаяр нарыг шалгаж түвдэхгүй суух учиргүй санагдана.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!