Хууль бус үр хөндөлт хийлгэснээс хоёр эмэгтэйн умай цоорчээ

0
41

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эх барих, эмэгтэйчүүдийн өвчний оношлогоо, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өглөө. Энэхүү шалгалт нь хууль бус үр хөндөлтийг илрүүлэх, түүнээс сэргийлэх зорилготой байсан бөгөөд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 46 эмнэлэгийг хамруулжээ. Шалгалтаар тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа явуулсан, хугацаа нь дуусан, заасан хаяг байршилдаа үйл ажиллагаа явуулдаггүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энхлэг”, “Сүйжин”, “Ач аривжих”, “Ди Эл Өү”, “Энхмөнхмандал” зэрэг эмнэлэгүүд нь тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршил дээрээ үйл ажиллагаа явуулдаггүй нь тогтоогджээ. Мөн “Бяцхан гүнж”, “Цэцэгс”, “Сэцэнгоо” зэрэг эмнэлэгүүдэд  эмчлэх тусгай зөвшөөрөлгүй эмч нар ажиллаж явуулж байсан нь илэрсэн байна.

Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг болон Амгалан амаржих газарт энэ оны эхний найман сарын байдлаар хууль бус үр хөндөлтийн улмаас биеийн байдал нь хүндэрч ирсэн 21 тохиолдол бүртгэгджээ. Хүндрэл өгсөн дээрх иргэдийн шалтгааныг судлахад гурав нь Эрээнээс, хоёр нь интернэтээс, гурав нь “Нарантуул” захаас, дөрөв нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын захаас, хоёр нь хувь хүнээс үр зулбуулах эм авч хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Дээрх зөрчил илэрсэн эмнэлгүүдэд зөрчлийн тухай хуулийн дагуу  торгох арга хэмжээ авч зарим эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлсэн байна.

Мөн үр хөндөлтийг магадлан итгэмжлэгдсэн газарт хийх ёстой байдаг бөгөөд Баянзүрх дүүрэгт байрлаг “Энхийн төлөө” эмнэлэг нь итгэмжлэлийн хугацаа дууссан үедээ буюу өнгөрөгч дөрвөн сарын 5-ны өдөр 4-5 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйд үр хөндөлт хийжээ. Үүний улмаас үйлчлүүлэгч эмэгтэйд хүндрэл учирч умай авахуулах мэс засал хийлгэсэн байна. НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Хууль бус үр хөндөлтийг ихэвчлэн 20-35 насны эмэгтэйчүүд хийлгэдэг бөгөөд энэ нь олон сөрөг үр дүнд хүргэж байна. Тухайлбал, Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 50 хувь нь дахин жирэмслэхэд ямар нэгэн хүндрэл тулгардаг. Үргүйдэлд хүргэдэг. Мөн энэ оны эхний найман сарын байдлаар хууль бус үр хөндөлт хийлгэсэн хоёр эмэгтэйн умай цоорсон бөгөөд мэс заслын аргаар эмчилсэн байна. Энэ бол зөвхөн ЭХЭМТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, Амгалан амаржих газарт хийсэн судалгаа юм. Үүний цаана бидний мэдэхгүй хичнээн тохиолдол байгааг мэдэхгүй. Дэлхий нийтэд хууль бус үргэлт их байдаг бөгөөд тэр болгон нарийн бүртгэгддэггүй зүйл” гэлээ.

Манай улсад эмийн хууль бус бизнес багагүй байгаа бөгөөд иргэд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй хуурамч эм, эмийн бүтээгдэхүүнийг авч хэрэглэж байгаа нь дээрх эрсдлүүдийг дагуулдаг байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Эрүүгийн цагдаагийн албатай хамтран хууль бус эмийн худалдааг таслан зогсоох арга хэмжээг явуулдаг хэдий ч төдийлөн үр дүнд хүрдэггүй талаар албаны хүмүүс хэлж байв.  Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж “Манай дүүрэгт эх барих, эмэгтэйчүүдийн 32 эмнэлэг байдаг. Үүнээс долоод нь зөрчил илрээд байгаа бөгөөд НЭМГ-т хариуцлага тооцох талаар санал хүргүүлээд байна. Бидний зүгээс Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох арга хэмжээ авсан. Судалгаагаар улсын эмнэлэгүүдийн эмч нар өөрийн хувийн эмнэлэг ажиллуулж байна. “Өргөө” амаржих газрын л гэхэд таван эмч өөрийн нэр дээр хувийн эмнэлэг байгуулж 6-12 жил ажиллуулсан болох нь судалгаагаар тогтоогдсон. Энэ нь хэд хэдэн хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм. Цаашлаад ашиг сонирхолын зөрчил дагуулж байгааг үгүйсгэхгүй” гэлээ.

Үргэлжлэлийг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!