Сурагчдын хоолны мөнгө Засгийн газарт байхгүй

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэ оны байдлаар 169 орны 338 сая хүүхэд “Сургуулийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байна. Сургуулийн хүүхдийн хоолны үйлчилгээг хуульчлан мэргэжлийн удирдлагатай хэрэгжүүлэх нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд хамгааллын бодлого болдгоос гадна өрхийн төсвийн 10 хувийг хэмнэдэг гэж үздэг. Мөн хоол шим тэжээлийн төлөө оруулсан нэг төгрөг бүр 16 төгрөгийн үр ашиг авчирдаг буюу 16 дахин нэмэгддэг хөрөнгө оруулалт гэсэн тооцоолол ч бий.

Өнөөдрийн байдлаар 1-5 дугаар ангийн сурагчдад зардлын норматив болох 600 төгрөгт багтаан үдийн цай өгдөг. Үүнийг “Үдийн хоол” болгохоор гишүүд зорьж байгаа юм. Үүний тулд төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хууль санаачлагч Б.Ундармаа “2018-2019 оны хичээлийн жилд “Үдийн цай” хөтөлбөрт 34,2 тэрбум төгрөг тусгасан.  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Үдийн цай” хөтөлбөрт тусгасан нэг хүүхдэд ногдох зардал болох 600 төгрөгийг 1200 төгрөг болгон нэмэгдүүлэхээр төсөвт оруулсан ч хасагдсан” гэв.

Гишүүд хүүхдээс мөнгө харамлаж болохгүй. Тиймээс төсвийг нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээлээ. Тухайлбал, гишүүн Ц.Мөнх-Оргил “Нэг хүүхдийн үдийн цайны өдрийн норматив 600 төгрөгөөр тогтоосон ч гал тогооны түрээс, бусад урсгал зардлын улмаас  нэг хүүхэд 200-300 төгрөгийн өртөгт таарсан шим тэжээлгүй хүнс хэрэглэдэг. Одоогийн 600 төгрөгийг 1200 болгож өгөөч гэсэн ч Сангийн яам, Засгийн газар зөвшөөрөөгүй. “Үдийн хоол” хөтөлбөр батлагдан 2019 оноос хэрэгжвэл ерөнхий боловсролын сургуулиудыг гал тогооны тоног төхөөрөмжөөр хангах, мэргэжлийн хоол зүйч, тогоочийн цалин зэрэг зардалд 300 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий” гэв. Гэвч Засгийн газар хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж байгаа хэмээн албаныхан тодотгосон.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!