Монгол Улсын санхүүгийн салбар тоон гарын үсгийн цахим системд шилжив

0
33

Монголбанкнаас өнөөдөр “Цахим төлбөр тооцоо”-г олон нийтэд танилцуулах аян зарлаж, энэ хүрээнд санхүүгийн байгууллагуудад зориулсан тоон гарын үсгийн системийн түлхүүрийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Монголбанк өөрийн хуульд заасан Монгол Улсын хэмжээнд төлбөр, тооцоог зохион байгуулах үүргийнхээ дагуу өнөөдрийг хүртэл их, бага дүнтэй картын төлбөр тооцоог хийж ирсэн. Өнөөгийн цахим зуунд техник, технологийн дэвшил банк, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд ихээр нэвтэрч байна. Энэ нь банк, санхүүгийн үйлчилгээг иргэд, харилцагчдад энгийн, илүү шуурхай, баталгаатай, аюулгүй байх гэсэн олон зорилтыг хангаж, энэ талын финтек үйлчилгээний үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах зорилгоор аяныг эхлүүлж байна. Саяхан л монголчууд бид төлбөр тооцоог бэлэн мөнгөөр хийж ирсэн нь түүх болон үлдэж, бэлэн бус төлбөрийн хэрэгсэл карт нэвтэрч эхэлсэн бол манай улс цахим мөнгөтэй болж, өнөөдөр карт нь чип болон хувирах зэргээр банк, санхүүгийн систем интернэт сүлжээгээр дамжин улам цахимжиж байна” гэв. Тэрээр дэлхий нийтээр эрчимтэй хөгжиж буй техникийн хувьсгалыг хурдан хүлээн авч байгаа нь санхүүгийн систем болж, тэр хэрээр уг салбар техник технологийн дэвшлээсээ улам хамаарч байгааг аюулгүй байдлын баталгаа, хамгаалалт, тасралтгүй үйл ажиллагаагаар илэрхийлж байна. Энэ нь иргэдэд банк, санхүүгийн үйлчилгээг илүү ойр, шуурхай, хүртээмжтэй, хялбар болгох давуу талыг, IT-ийн компаниудад хөгжил дэвшлийг хангах боломжийг олгож буйг онцолсон юм.

“Цахим төлбөр тооцоо” аяны хүрээнд өнөөдөр санхүүгийн байгууллагуудад зориулсан тоон гарын үсгийн системийг нэвтрүүлж, Монгол Улсын санхүүгийн салбарын цахим дэд бүтцийн төслийг хэрэгжүүлсэн “Тридум э-Секьюрити” ХХК цахим системийнхээ анхны и-токен буюу түлхүүрийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд гардуулан өгөв.

АХБ-ны зээлийн санхүүжилтийн төслийн хүрээнд хэрэгжүүлж буй тоон гарын үсгийн системд шилжсэнээр арилжааны банкуудаас Монголбанк руу хандах зээлийн мэдээллийн сан, валют, үнэт цаасны арилжаа, санхүүгийн тайлан гэх мэт хандалтуудын мэдээллийг өгч авахад хурдан шуурхай, аюулгүй, хамгийн гол нь баталгаатай болж байна.

Үүнийг Монголбанкны Төлбөр, тооцооны газрын дарга А.Анар онцолж, энэхүү систем хэрхэн ажиллаж буйг Төвбанкны Албан хэрэг хөтлөлтийн электрон систем дээр туршин, өөрийнхөө гарын үсгийг орон зайнаас үл хамааран (гадаад дотоодод томилолтоор явах гэх мэт үедээ) баталгаажуулдаг болсныг харуулсан юм.

Тодруулга: Банк, санхүүгийн салбарт цахим үйлчилгээ нэвтэрч буйн хүртээмж, үр өгөөжийг танилцуулах зорилготой “Цахим төлбөр тооцоо” аян өнөөдрөөс буюу 10 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 10 хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!