Нийт гэмт хэргийн 25-30 хувийг хүний эрүүл мэндэд халдах гэмт хэрэг эзэлж байна

Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас санаачлан Сонгинохайрхан дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, тус дүүрэг дэх цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсүүдтэй хамтран “Гэр бүлийн хүчирхийлэл, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээл: тэдгээрийг шийдвэрлэх арга зам” сэдэвт онол практикийн бага хурал өчигдөр зохион байгууллагдлаа.

Хэрэг бүртгэх алба нь энэ оны хоёрдугаар сарын 1-ээс эхлэн Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах чиг үүргийг дагнан хэрэгжүүлж байгаа юм. Тус албанаас судалгаа, дүн шинжилгээ хийж үзэхэд сүүлийн 5 таван жилийн байдлаар Монгол Улсад үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн 25-30 хувийг энэ төрлийн хэрэг эзэлж байгаа дүн гарчээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэд, байгууллагын хамтын ажиллагаа чухал Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан “Энэхүү судалгаанаас үзэхэд урьдчилан сэргийлэх ажлыг цагдаагийн байгууллагаас иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулвал илүү үр дүнтэй гэдэг нь харагдаж байгаа юм. Тиймээс бид тэдний төлөөллийг оролцуулсан үйл ажиллагааг зохион байгуулж, ярилцаж байна. Онол практикийн бага хурлаас гарсан санал, санаачилгуудыг нэгтгэн зөвлөмж боловсруулна. Түүнийгээ тухайн дүүргийн хууль хяналтын байгууллага, аж ахуйн нэгжүүд мөрдөн ажиллах учиртай. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэд, байгууллагын хамтын ажиллагаа чухал” гэдгийг онцлон хэллээ.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оны есдүгээр сарын байдлаар Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэг буюу Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 792 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 31 орчим хувийг эзэлж байна. Мөн энэ төрлийн хэргийн илрүүлэлт өссөн давуу талтай байгаа аж. Онол практикийн хуралд цагдаагийн байгууллага, дүүргийн прокурорын газраас гадна Засаг даргын тамгын газар, ерөнхий боловсролын сургууль зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтдаа хэрэгжүүлэх арга замыг тодорхойлов.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!