“Азийн шилдэг удирдагч” эмэгтэй Ховд их сургуулийг хөмрөх шахаад зугатжээ

0
63

Хэрэг хуучирдаггүй

Дээр дооргүй эдийн засгийн хүндрэл бэрхшээлийн тухай ярьж, хорголоо тоолж суугаа энэ үед мөнөөх хүндрэл бэрхшээл чухам юунаас үүдсэн тухайд дор бүрнээ өөр өөрийнхөөрөө цэцэрхэцгээж, эрх баригчид, албан тушаалтнууд тодруулбал хариуцлага үүрэх ёстой нөхдүүд маань дэлхийн эдийн засгийн нөлөө, уул уурхайн түүхий эдийн үнийн уналтаас л боллоо хэмээн бүхнийг биеэсээ зайлуулж суугаа.

Гэвч өөрсдийнхөө үйл ажиллагааны дотоод дүр зургийг өнгийгөөд харвал мөнхүү эдийн засгийн хүндрэлд саар нөлөө үзүүлж, нэрмээс болсон нь захаас аван харагдана. Үүний зөвхөн нэгээхэн хэсэг болох Ховд их сургууль болон тус сургуулийг захирлаар гурван жил ажиллаад учир үл ойлгогдох шалтгаанаар буцан явж одсон Ж.Янжмаа гэгчтэй холбоотой эмгэнэлт гэмээр “паянг” энэ удаа дэлгэж байна.

БНСУ-д магистр, АНУ-д математикийн магадлалын онолоор 2012 онд докторын зэрэг хамгаалсан гэх Ж.Янжмаа 2013 оны хоёрдугаар сард Ховд их сургуулийн захирлаар томилогдон гурван жил ажиллаад хэл сураггүй нэг л өдөр гэнэт алга болов. Ховдод шинжлэх ухааны парк байгуулах саналаа БШУ-ны сайдад танилцуулахад намайг яаманд ажиллуулъя гэсэн. Тэгэхэд нь би зөрсөөр байгаад Ховдыг зорьсон хэмээн ярилцлага бүхэндээ дурддаг байсан. Мөн аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан түүнийг Ховд их сургуулийн захирлаар ажиллахыг санал болгосонд хүлээн авч ирсэн гэдэг. Тэрбээр Засаг дарга маань энэ захирлыг том, жижиг хурал, уулзалт болгон дээр магтаж, бахархан ярих дуртай байв.

Ж.Янжмаа бол нийслэлийн унаган хүүхэд бөгөөд түүний нөхөр А.Хүдрээгийн ээж Мөст сумын уугуул гэнэ. А.Хүдрээ нутагтаа очиж ажиллана гэж ярьдаг байсан учраас нөхрөө дагаад ирсэн гэх. Түүний захирлаар томилогдох болсон шалтгааныг олон талаас нь ярьдаг. Ж.Янжмаагийн нөхөр А.Хүдэрээ аймгийн Засаг даргын зөвлөхөөр ажиллаж, ажиллах хугацаандаа орон нутгийн хөгжлийн сангаас 240 сая төгрөгийг төмс боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэх нэрийдлээр авсан байдаг. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс төмсний үйлдвэр байгуулах зориулалтаар олгогдсон мөнгө нь эргэн төлөгдөхгүй хөрөнгө бөгөөд төмсний үйлдвэрийн сураг ч тасарсан. Ж.Янжмаа докторын зэргээ хамгаалчихаад Монголд ирж эдийн засгийн хөгжлийн яамны захиалгаар Ховдод шинжлэх ухааны парк байгуулах судалгаа хийж дуусгаад, 2013 оны хоёрдугаар сард Ховдод гэр бүлээрээ ирж суурьшжээ.

Түүний “сайн туршлага”-ын талаар хэвлэл мэдээлэл, олон нийт ам уралдан ярьцгааж, гурван жилийн нүүрийг үзсэн. Нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагыг нь сийрүүлбэл “Гадаад хамтын ажиллагаа эрчимжиж БНСУ-ын Ханлим, Данкүк, АНУ-ын Мидвест сургуультай хамтын ажиллагаатай боллоо, гадаад хэлний сургалтын төв байгууллаа” гэж зарлан тунхаглаж байсан ч өнөөдөр Солонгос, Америк руу суралцахаар явсан хүнийг хайгаад олсонгүй.

Аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран байгуулахаар төлөвлөсөн Инноваци, технологийн инкубатор төвийг сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл хослуулж, аймгийн төдийгүй бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах томоохон хөрөнгө оруулалт гэж байсан ч өнөөдөр хамаг тоног төхөөрөмж нь складад хадгалагдаж байна. Хоёроос гурван үйлдвэр байгуулах нэрийдлээр төсвөөс мөнгө гаргасан ч эдгээрийн үр дүн нь талаар болсон тухай аудитын дүгнэлт бий. Энэ мэт “тэнгэрийн” гэмээр амлалтуудыг олноор өгч, тархи угааж байсан ч гарсан дорвитой үр дүн харагдсангүй.

5-11 дүгээр ангийн сурагчдын дунд математикийн олимпиад зохион байгуулж, эхний гурван байрт шалгарсан 21 хүүхдийг АНУ руу явуулна “Би олон улсын математикийн олимпиад зохион байгуулах хорооны зөвлөлийн гишүүн учраас оролцох хүүхдийн тоог нэмэхийн тулд Ховд болон Улаанбаатар хотод зохион байгуулна. Ховдоос шалгарсан хүүхэд шууд АНУ руу явна, орон нутгийн хүүхдүүд тэмцээн, уралдаанд оролцож нүдээ нээн, газар үзэж үе тэнгийнхэнтэйгээ өөрийгөө харьцуулах боломж бүрдэнэ” хэмээн хэсэг мунхруулсан. АНУ руу явах хүүхдийн зардлыг хамтран ажилладаг байгууллагуудаасаа гаргуулна гэх мэтчилэнгээр үлгэр ярьж байсан цаг саяхан. Үнэн хэрэг дээрээ гэвэл АНУ руу явсан ганц ч хүүхэд байхгүй.

Ж.Янжмааг ажлаа авахад сургуулийн нөөц хөрөнгө 1.8 тэрбум байсан бол түүний сураг тасрахад нэг тэрбум төгрөг сох дутсан. Санхүүгийн наад захын тайлангаа гаргаж чадахгүй, бүх баримтууд нь дутуу, шаардлагатай мэдээллийг нуун дарагдуулдаг санхүүгийн албаны дарга Г.Жаргалтай “нэг тогоо”-ных байсан байж таараа. Ж.Янжмаа, Г.Жаргал нар Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолыг удаа дараа зөрчиж, бүхий л худалдан авалтаа шууд гэрээ байгуулан, хууль бусаар гүйцэтгүүлсэн нь батлагдаж байгаа. Төсвийн хөрөнгийг шамшигдуулсан, хувьдаа ашигласан, үнэлгээний хорооны даргаар өөрийгөө томилсон, сургуулийн бус ажлаар гадаад руу явсан, тодорхой зорилгогүйгээр байнга Улаанбаатар хот руу явдаг, явсан тийз, баримтууд нь зөрүүтэй, анхан шатны баримтгүйгээр гүйлгээ хийдэг, үр дүнгүй зардал гаргадаг гээд олон баримтыг дурдахад өөрийгөө математикч хэмээн цоллох дуртай Ж.Янжмаагийн мэдлэг хууль бус үйл ажиллагаанд зориулагдан хуримтлагдсан мэт. Эдгээр бүх асуудал зөвхөн Ж.Янжмаагийн толгой мэдэн хийсэн хууль бус ажиллагаа биш Ховд их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, Ардчилсан намын “дээгүүр толгойт” гэгдэх Бөхчулууны Пүрэвдорж, санхүүгийн албаны дарга Г.Жаргал нартай зайлшгүй холбоотой хэрэг гэдэг нь аудитын дүгнэлт баримтаас нотлогдож байна.

Г.Жаргал бол аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Ховд их сургуулийн санхүүгийн албаны даргын хувьд хууль бус санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж таслан зогсоох ёстой хариуцлагатай албанд томилогдсон баймаар. Түүнийг ард түмэн сонгоогүй ч намын жагсаалтаар ИТХ-д суудаг. Ард түмний сонголт биш ч намынхаа нөхдийн итгэл, зүтгэлийг даагаад хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, зөв замаар явах эрмэлзэл үгүй бололтой. Зөвхөн нэг удаагийн аудитаар л гэхэд Ж.Янжмаа Г.Жаргал нартай холбогдол бүхий 596.4 сая төгрөгийн зөрчил байгааг илрүүлжээ. Мөн аудитаар тогтоосон төлбөрийн актын жагсаалтад Ж.Янжмаа нарын нар хувьдаа завшсан байж болзошгүй 200.0 гаруй сая төгрөгийн төлбөр зөрчил гарчээ. Хууль бус үйл ажиллагаа нь илчлэгдээд, баригдчихвий гэсэндээ нэг л өдөр Ж.Янжмаа салах ёс хийлгүйгээр, дотор нь ажиллагсад нь ч мэдэж амжаагүй байхад яваад өгч. Хулгай хийгээгүй л юм бол хүний ёсоор ажлаа гүйцэд хүлээлгэж өгөөд явж болноо доо. Чоно борооноор гэгчээр сүүлээ хавчаад зугтсан нь энэ байж. Нийтлэлийн дараагийн хэсгүүдэд Ховд их сургуулийг хоосруулсны учиг тайлагдана.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!