ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТӨД ЗАСГИЙН ГАЗАР ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ

0
67

Шатахууны үнэ литр тутамдаа 50-100 төгрөгөөр нэмэгдэж, 1885-2290 төгрөгөөр зарагдах болсон. Шатахууны үнэ нэмэгдсэн шалтгааныг Ашигт малтмал, газрын тосны газраас өчигдөр тайлбарлалаа. Албаны хүний хэлж байгаагаар энэ нь түр зуурын үзэгдэл гэнэ. Дэлхийн зах зээл дээрх шуурга намдахад Монголд тогтуун тайван байдал бий болж, үнийн өсөлт хөөс мэт замхарна хэмээн цаг уурын мэдээ шиг юм учирлаж сууна.

Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гаднаас хамааралтай. Орост найтаахад Монголд ханиалгадаг гэсэн үг. Тиймдээ ч дэлхийн зах зээлд дээрх газрын тосны үнэ сэвэлзэх төдийд Монголд шуурга дэгдсэн нь энэ гэнэ. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөн нь ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжүүлсэнтэй шууд холбоотой аж. Мөн АНУ болон Сирийн улс төрийн хурцадмал байдлаас болж газрын тосны үнэ 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрчээ. Энэ өсөлттэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компани энэ оны аравдугаар сард шатахууны хилийн үнийг тонн тутамд 45-85 ам.доллараар нэмсэн байна. Ингэснээр Аи92 бензин 766 ам.доллар, дизель түлш 758 ам.долларын үнэтэй болжээ. Дээр нь ам.долларын үнийн өсөлтөөс үүдэж, өдөр тутмын хэрэглээ болсон шатахууны үнэ нэмэгдсэн гэдэг тайлбарыг хийв. Монголд үнэ нэгэнт өссөн бол эргэн буудаггүй гаж тогтолцоо ноёрхож ирсэн. Тэр дундаа шатахууны үнэ. Эрх баригчдыг, Засгийн газрыг шантаажилж, хүссэндээ хүрсэн үедээ 100 төгрөгөөр нэмсэн шатахууны үнээ 50 төгрөгөөр буулгаж байснаас биш дэлхийн зах зээл дээрх шуурга намжихад Монголд нөлөөлж байсан тохиолдол үгүй. Тийм атал албаны хүн худлаа мэдээлэл өгөв үү, эсвэл хугацаа хожив уу.

Дээрх мэдээллийг хийсний дараа АМГТГ-ын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Шатахууны үнийн өсөлтийг хазаарлахын тулд Засгийн газраас цаашид ямар арга хэмжээ авч ажиллах вэ. Ингээд зүгээр суугаад байх уу?

Газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах зөвлөл бий. Энэ зөвлөлийг Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд ахалдаг бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага аж, ахуй нэгжүүдийн төлөөлөл орж ажилладаг. Уг зөвлөл нь газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшлийн иргэний нийгмийн хамтарсан зөвлөл. Уг зөвлөл 2018 оны зургадугаар сарын 7-ны өдөр хуралдаж зөвлөмж гаргасан. Зөвлөмжид “2018 оны 5, 6 дугаар сард ОХУ-ын Роснефть компаниас нийлүүлсэн шатахууны хилийн үнийг нэмэгдсэнийг харгалзан онцгой албан татварын тухай хуулийн дагуу авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тогтоолын төслийг боловсруулж Засгийн газарт танилцуулахаар болсон. Тиймээс дизель түлш, АИ95, АИ92 шатахууны онцгой албан татварын хувь хэмжээнд зохицуулалт хийхээр ажиллахаар болсон” гэж тусгасан.

Үнийн зөвлөл зургадугаар сараас хойш огт хуралдаагүй юм байна. Сая шатахууны үнийг нэмэхээсээ өмнө хуралдаж болоогүй юм уу?

Аж, ахуйн нэгж, шатахуун импортлогч компаниуд 20 хоногийн өмнөөс албан бичгээ манай байгууллага болон холбогдох яам руу ирүүлсэн. Шатахууны хангамж, нөөц, чанарын асуудлыг манай яам хариуцдаг. Үнийн зөвлөл тодорхой үнийг тогтоодог, дүн тавьдаггүйг ойлгоорой. Харин зөвлөмж гаргадаг. Зөвлөмжийн дагуу холбогдох харьяа байгууллага, Засгийн газар руу саналаа хүргүүлдэг. Монгол Улс нефть бүтээгдэхүүнийг 100 хувь импортоор гаднаас авдаг. Бид газрын тосны боловсруулах үйлдвэр баригдах хүртэл зүгээр суухгүй. Тодорхой ажлуудыг төлөвлөчихөөд байна. Тухайлбал,  манай АМГТГ-аас томоохон импортлогч компаниуд руу албан ёсоор мэдэгдэл хүргүүлж ирсэн. Мэдэгдэлд гадаад зах зээлийн үнэ, ам долларын ханшийн үнийн өсөлтөөр шатахууны үнэ өсөж байгаа бол буурахаар нь дагаад бууруулж байх ёстой гэж анхааруулсан. Тэд гадаад зах зээлийн үнэ буурвал дагаад шатахууны үнээ буулгана гэж мэдэгдсэн.

Нефть импортлогч компаниуд 30-40 хоногийн өмнө хямд үнээр авч нөөцөлсөн шатахуунаа үнэтэй зараад байна. Үүнд ямар хяналт тавьж байна вэ?

Төрийн зүгээс аж, ахуйн нэгж импортлогч компаниудын толгойг илээд байдаггүй. Хуулийн дагуу ажилладаг. Аж, ахуйн нэгжүүд татан авалтаа бууруулбал хомсдол бий болно. Хомсдол бий болбол аюултай.  АИ80, АИ92 онцгой албан татвар тэг байгаа. Бид ажиллаж байна. Нөөцийг бүрдүүлэх агуулахын тоо хэмжээг өсгөх гэх ажлыг явуулж байна. Цаашид гадаад зах зээлээс шалтгаалж үнэ өссөн тохиолдолд буурахаар нь дагаж буулгуулна.

Дизель, АИ80, АИ92 шатахууны онцгой албан татварыг тэглэчихээд байхад үнээ нэмээд байна. Цаашид Засгийн газрын зүгээс татвар тэглэхээс өөрөөр ямар арга хэмжээ авч ажиллавал шатахууны үнэ тогтворжих юм бэ?

Энэ удаагийн нэмэлт гадаад зах зээлээс хамааралтай. Төрөөс тухайн компаниуд руу албан тоот явуулж хариуг нь авна. Саяхан Роснефть компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч манай улсад ирж ажилласан. Хоёр талаасаа нийлсэн ажлын хэсгийг байгуулаад цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг авахаар болсон. Манай үйлдвэртэй танилцсан. Бид богино зайнд тодорхой хэмжээний шийдвэр гаргаж ажиллана.

Гадны улсуудад шатахууны үнэ цаашид буурах судалгаа байна уу?

Түүхий тосны үнэ сүүлийн дөрвөн жилд хамгийн дээд хэмжээндээ хүрээд байна. 56-58 ам.доллар хүрэх таамагтай байсан ч 70-80 гаруй ам.долларт хүрсэн. Оны төгсгөлд буурах үзүүлэлттэй байх болов уу гэсэн тооцоо байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!