Монголбанкинд валютын нөөц хангалттай тул ханшийн савалгаа үүсэхгүй

0
29

Энэ тухай Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр төвбанкны удирдлагууд хэллээ. Хуралдаанаар Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжив. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн гишүүн өргөн барьсан. Гишүүн М.Оюунчимэг “Валютын зохицуулалтын тухай хуулийг 1994 оны тавдугаар сард баталж байсан. Үүнээс хойш 24 жилийн хугацаанд 19 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Гэтэл өнөөдөр Монгол Улсын банк, санхүүгийн салбар өөр түвшинд хүрсэн. Үүнийг дагаад хуулийн зарим заалт бодит амьдралд нийцэхээ больж, өөрчлөлт оруулах шаардлагатай боллоо. Нөгөө талаас Валютын зохицуулалтын тухай хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль гээд хоёр хууль манайд үйлчилж байгаа. Тиймээс энэ хоёр хуулийн давхцлыг арилгах шаардлага бий” гэдгийг танилцуулав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Б.Дэлгэрсайхан Төрийн тэргүүний зүгээс өргөн мэдүүлсэн Монголбанкинд гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн төлбөр тооцоог байршуулах хуулийг хамтатган хэлэлцэж, нэг хууль болгох боломжтой эсэхийг лавлав. Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ санал ажлын хэсгийн анхны төсөлд байсан ч Засгийн газар хассан гэдгийг тайлбарласан бол гишүүн М.Оюунчимэг “Эдийн засаг, зах зээл, гадаад дотоод нөхцөл байдлаа харж хандаж байгаа. Ерөнхийлөгчийн нэмэлт өөрчлөлтөөр оруулж ирсэн хуулийн төслийг энэ хуулиар зохицуулж болно гэж үзэж байна. Гэхдээ Төв банк биш арилжааны банкин дээр гэж байгаа. Арилжааны банк бусдын нууцлалыг алдахгүй байх хэрэгтэй” хэмээн хариуллаа.

Гишүүн Б.Баттөмөр “Валютын ханш өсч байгаа талаар статистик гарсан байна лээ. Монгол төгрөг ам.доллараас 480 орчим төгрөгөөр суларсан. Албан бус долларжилт маш хүчтэй явж байна. Энэ талаар та нарт ямар судалгаа байна вэ? 650 сая ам.долларын интервенц хийсэн. Энэ яаж явж байна” гэхэд Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Сүүлийн нэг сарын хугацаанд 100 төгрөгийн өөрчлөлт гарсан. Оны эхнээс нийтдээ 5.6 хувиар Монгол төгрөгийн ханш сулраад байна. Манай гадаад худалдааны тэнцэл, төлбөрийн, урсгал тэнцлийг харахад эдийн засаг 2018 онд идэвхижиж байгаа. Тоног төхөөрөмж, үйлдвэрийн эргэлтийн хөрөнгө импортоор их орж ирж байна. Энэ онд импорт 3.8 тэрбум ам.долларт хүрсэн. Импортын бүтцийг харахад 70-80 хувь нь үйлдвэрийн тоног төхөөрөмж, 20 хувь нь хэрэглээ байгаа. Импортын бүтцээр харвал эдийн засаг идэвхижсэн байна гэж Монголбанк тодорхойлж байгаа. Эдийн засаг идэвхжиж, импорт өсөхөөр төгрөгийн ханш суларч байна. Монголбанк хангалттай нөөц барьсан байгаа. Тиймээс ханшийн савлагаа үүсгэхгүй гэж харж байна” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!