М.Энхболдоос өмнө У.Хүрэлсүх унахвий

М.Энхболд огцрох уу, У.Хүрэлсүх унах уу. Тэр хоёрын хэн нь түрүүлж, тамгаа алдах бол гэх асуулт улс төрийн хүрээнийхний гол сэдэв болов. Парламент дахь сөрөг хүчин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг шатахууны үнээр шавхуурдаж, огцруулах асуудлыг өргөн барихаа мэдэгдсэн. Тэр даруй буюу энэ мэдээллийн маргааш Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэл хийж, шатахууны тариф дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнээс хамааралтай гэдгийг онцлов. Улмаар шатахууны үнэ өссөн нь түр зуурын үзэгдэл хэмээн уйлагнав. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ буурахад Монголын нефть импортлогчид үнээ буулгана хэмээн унжигналаа.

Шар хүний өмнөөс хар хүн гэгчээр Х.Хэрлэн хүү ахыгаа авч үлдэхээр яарч сандарсан нь дээрх мэдэгдлээс илт. Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэнг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн халаасны хүн гэдгийг улс төрийн хүрээнийхэн андахгүй. Ухнаагийн хүүг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхад мань хүн шадар туслахаар нь ажиллаж байсан нэгэн. Тиймдээ ч ахын хайр ивээлээр хол яваа нөхөр дөө гэж намынхан нь хошигнодог. Үнэндээ энэ нөхрийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилогдсоноос хойш, У.Хүрэлсүхийг гүйцэтгэх засаглалын тэргүүний тамгаа гардсан цагаас шатахууны үнэ зүсэм зүсмээр нэмэгдэх болсон. Нефть импортлогчид үгсэн хуйвалдаж шатахууны үнийг нэмэгдүүлсэн болохыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдэгдэж, энэ дагуу арга хэмжээ авахаа илэрхийлж байсан удаатай. Торгууль тавихаас цаашгүй эл “компани” мянга хашгираад нэмэргүй. Шийдвэр гаргах түвшний эрхмүүд амаа үдэж, нүдээ тас аниад цухалзаагүй. Харин өдгөө албан тушаал, хар толгойтой нь ярих болонгуут олноороо дуу авалцан, мэдээлэл, мэдэгдэл хийж эхэлсэн нь энэ. Гэхдээ дүүгийн мэдэгдэл ахыгаа аварч үлдэхэд хэцүү. АН-ын өргөх бичгийг эрх баригчдаас дэмжих хүн мундахгүй.

Учир нь дараагийн УИХ-ын дарга хэн бэ гэх марафон хэдийнэ энэ намд эхэлчихсэн. Бүдүүн бүлгийнхэн дотроо хагаралдаж, дундуураа цуураад удаж байна. Жаахан дэм өгөхөд цууралт газар авч, нурах эрсдэлтэй. Эмзэг цэгийг нь мэдэх АН М.Энхболд ээлжит бус чуулган зарлаагүй нь өөрийн гараар хоолойгоо боомилсон явдал гэдгийг тодотгоод байгаа. Өнөөх У.Хүрэлсүхийн дүү нарын нэг Л.Оюун-Эрдэнэ ч 25 гишүүний гарыг үсэг цуглуулж, 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг зунжингаа шаардсан. Гэвч шаардлагыг хүлээж авалгүй нийтийн сонсголыг гацаасаар хуулийн хугацааг өнгөрөөсөн нь нүгэл болов. Мөн Ерөнхийлөгчийн үгийг хүлээн аваагүй үйлдэлдээ М.Энхболд хариуцлага хүлээх шаардлага үүссэн гэнэ. Асуудал хэдийнэ Үндсэн хуулийн Цэцийн түвшинд яригдахаар болоод байгаа. Шулуухан хэлэхэд, энэ удаад М.Энхболдод бултах булан алга. Тиймдээ ч хууль зөрчсөн УИХ-ын даргыг огцруулах сургаар дараагийн хүн хэн бэ гэх асуулт бүдүүн бүлгийнхний талцлыг дэвэргэх нь тэр.

Одоогоор УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Ж.Эрдэнэбат нарын нэр яригдаж байна. У.Хүрэлсүхийн зүгээс Ж.Энхбаярыг нэлээд сайн түлхүүрдэж, дэмжлэг үзүүлж байгаа аж. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад манлайлан оролцсон ч гар хоосон хоцорсон хүн бол Ж.Энхбаяр. Ямартаа У.Хүрэлсүхийг тамгаа гардсаны дараахан өрөөнд нь халамцуу орж, агсамнасан гэх мэдээлэл бий.

Үргэлжлэлийг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!