Татвар төлж үзээгүй “Трафигура” Л.Оюун-Эрдэнийг огцруулахад нөлөөлөх үү?!

УИХ-ын намрын чуулган ирэх аравдугаар сард эхлэх ч тодорхой шалтгаануудын улмаас ээлжит бус зарлан хуралдуулахаар яригдаж байна. Яаралтай хэлэлцэж батлуулах хэд хэдэн хуулийн шаардлага бий гэж байгаа ч үнэн хэрэгтээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахаар гишүүд гарын үсэг цуглуулаад эхэлжээ. Одоогоор Ардчилсан намын 11 гишүүн дээр МАН-ын хэдэн гишүүн нэгдэн зурсан мэдээлэл байна.

Туршлага мэдлэггүй, сул дорой нөхдөөр багаа бүрдүүлсэн Л.Оюун-Эрдэнийн танхим үе үеийн Засгийн газраас хамгийн муу үнэлгээтэй байгаа нь үнэн.

Тэр дундаа шатахууны үнийн огцом нэмэгдэл, хэзээнээсээ хуурамч шатахуун үйлдвэрлэгч хэмээн чичлэгдэж ирсэн “Трафигура” нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын уналтад хамгийн том нэрмээс болсон талаар эрх баригчид ярьж, тус компанийг буруутгаж байна.

Харин Л.Оюун-Эрдэнэ эл компанитай хэрхэн холбогдох болов, МАН-ын будаг нь ханхалсан шинэхэн даргыг Засгийн газартай нь ганхахад хүргээд байгаа “Трафигура” гэж ямар учиртай аж ахуйн нэгж вэ. Хэзээнээс Монголд хөл тавьж, хэн ард нь байдаг болоод энэ Засгийн хувь заяанд нөлөөлөх болов…

Сингапурт төвтэй эл компани Монгол Улстай 1988 оноос харилцаатай ажиллах болсон байдаг. Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийг авдаг топ 5 компанийн нэгээр нэрлэгдэж байв.

Зэс авдаг байсан “Трафигура” удалгүй Монголын зах зээлд хөл тавьж, тэр бүү хэл эзэн сууж амжсан нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, түүний зөвлөх асан П.Цагаан нартай холбогддог.

П.Цагаан “Голомт” банкны ерөнхий захирлаар ажиллаж байх үедээ энэ компанийн удирдлагатай холбоо тогтоож, улмаар Монголын үүдийг үүцтэй нь нээж өгсөн гэдэг. Улмаар П.Цагааны гэр бүлийн бизнес гэгддэг “Ачит Ихт” компани керосин авахын тулд “Трафигура”-тай хамтарч эхэлсэн байна.

Өдгөө ч хуурамч шатахууны түүхий эд болоод байгаа керосиныг “Ачит Ихт”, “Эрдмин” компаниуд л зэс уусган баяжуулахад хэрэглэдэг.

“Трафигура” өмнө нь Монголд 3000 орчим тонн нефтийн нэмэлт бүтээгдэхүүн керосин импортолж, зөвхөн Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын зэсийн үйлдвэрийн хэрэгцээг хангаж байсан бол 2020-2021 он, тэр дундаа Л.Оюун-Эрдэнэ засаглаж эхэлсэн сүүлийн хагас жилийн статистик мэдээгээр энэ тоо 1.5 сая тонн болтлоо өссөн үзүүлэлттэй гарч.

Тэгэхээр Монгол Улсын дотоодын керосины жилийн хэрэглээ ердөө 3000 тонн байхад үлдсэнийг нь хаашаа, хэнд нийлүүлсэн байхав гэх асуулт үүсч байна.

Хариулт нь, үлдсэн керосиноор Трафигура хуурамч шатахуун үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлсэн гэх хардлага, шүүмжлэлийн эх болж байгаа юм.

Үүнийг батлах мэт тэд “Эрдэнэт”, “Эрдэнэс-Таван толгой” гэхчлэн томоохон уул уурхайн компаниудаас зэс, нүүрс авч, оронд нь шатахуун нийлүүлэх болсон.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан он жилүүдэд тус компани Монголын зах зээлд хөлөө олж, хөрөнгөжиж амжсан байдаг юм.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч ОХУ-аас нийлүүлэх нефть бүтээгдэхүүний үнэ унасан ч Ч.Сайханбилэгийн Засгийн газар автобензин, дизель түлшний онцгой албан татварыг нэмэгдүүлэх шийдвэрийг гэнэт гаргасан.

Энэ нь Трафигурад боломж олгосон шийдвэр байсан бөгөөд тэр үеэс эхлэн онцгой албан татваргүй нефть-химийн бүтээгдэхүүний импорт нэмэгдэв. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэгийн Засгийн газар хуурамч шатахууны бизнес цэцэглэх үүд хаалгыг цэлийтэл нээсэн гэсэн үг.

Ийнхүү Ц.Элбэгдорж, П.Цагаан, Ч.Сайханбилэг нарын илтэд дэмжлэгтэйгээр өндийсөн “Трафигура” хуурамч шатахууны бизнес эрхлэхийн зэрэгцээ арилжааны хоёр ч банкинд хувьцаа эзэмшигч болсон байдаг. Нэг нь Голомт банк.

Голомтын Д.Баясгалан Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын асуудлаар ойртож, хэтэвч төдийгүй хэтийн үйлээр нэгдсэн гэх мэдээлэл өнгөрсөн оны турш хэвлэлийн хуудаснаас салаагүйг уншигчид санаж буй биз ээ.

Тэгэхээр Х.Баттулгад хөтлүүлэн гүйсээр энэ хүрсэн Л.Оюун-Эрдэнийг Трафигура компанитай холбон чичилж байгаад тэгтэл гайхаад байх зүйл үгүй юм.

Ямартай ч Монгол Улсад ганц төгрөгийн татвар төлж байгаагүй Трафигура гэх Э.Жононбаяр захиралтай компани энэ Засгийн газрын хүзүүнээс зүүсэн бул хар чулуу нь болж явсаар эцэстээ Л.Оюун-Эрдэнээ огцруулаад дуусах бололтой.

Уг нь энэ компанид татвар ногдуулсан бол жил бүр 27-40 тэрбум төгрөг тус тус онцгой албан татварын орлогод төвлөрүүлэх боломжтой байсан гэдгийг “Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ноос хэлж байгаа юм.

Орчуулах »