Асий-д зориулж шавь нар “Багш” киног бүтээжээ

Дэлхийн багш нарын 24, Монголын багш нарын 52 дахь өдрийг өнгөрөгч долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлсэн. БСШУСЯ-наас Нийслэлийн болон хөдөө орон нутгийн шилдэг сургууль цэцэрлэгүүдийн 1000 гаруй багш нарыг хамруулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээг өнгөрөгч баасан гаригт Корпорейт зочид буудалд зохион байгуулсан юм. Ёслолд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн засаг дарга С.Батболд нар болон албаны бусад хүмүүс оролцож шилдэг сургууль,  цэцэрлэгүүдийг шалгаруулж шагнал гардууллаа. Ёслолын арга хэмжээний үеэр шилдэг сургууль, цэцэрлэгүүдийн сурагчдын хийсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гарсан юм.

Нийслэлийн тэргүүний Улаанбаатар бүрэн дунд сургуулийн хичээлийн эрхлэгч А.Одгэрэл:

Өнөөдөр Монголын багш нарын баярын 52 дахь өдөр тохиож байгаа билээ. Олон улсын Улаанбаатар Их сургуулийн харъяа манай Улаанбаатар бүрэн дунд сургууль 2018-2019 оны энэ хичээлийн жилд Нийслэлийн тэргүүний сургууль хамт олон болж шалгарсанд баяртай байна. Энэ нь хувийн хэвшлийн анхны “Нийслэлийн тэргүүний сургууль” болсон гэсэн үг юм. Манай сургууль 2004 онд анх байгуулагдаж 2008 онд Улаанбаатар бүрэн дунд сургууль болон өргөжсөн. Энэ хичээлийн жилд 763 хүүхэд 89 багш ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манай хамт олонд залуу, дунд, ахмад үеийн төлөөллүүд бий. Тэр утгаараа төр засгийн олон шилдэг шагналуудын эзэд байдаг. Бид хүүхдийн бүтээлч сэтгэлгээг анхаарч сургалтынхаа үйл ажиллагааг явуулдаг. Жишээлбэл, 2016 оноос эхлэн Солонгос Улсын 4D frame хэмээх сургалтын байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Улмаар өнгөрөгч хичээлийн жилээс эхлэн 4D frame хэмээх сургалтыг хичээлийн хөтөлбөртөө оруулсан. Ингэснээр хүүхдийн бүтээлч сэтгэхүй болоод математик, техник технологийн зэрэг бүхий л шинжлэх ухааны цогц сургалтыг оруулж ирээд байна.

Нийслэлийн тэргүүний 64-р цэцэрлэгийн бага бүлгийн багш Б.Шинэчимэг:

Монголын нийт багш нартаа “Багш нарын баяр”-ын мэнд дэвшүүлж байна. Манай 64-р цэцэрлэг 1968 онд байгуулагдсан. Нийслэлийн алслагдсан гэр хороолол болох Баянзүрх дүүргийн XI хороонд үйл ажиллагаагаа явуулдаг. Одоогоор 171 хүүхэдтэй нийт 27 ажилчинтай. Бага, дунд, ахлах, бэлтгэл, холимог гэсэн таван бүлэгтэй бөгөөд нэг ангид 35 хүүхэд сурч байна. Өнөөдөр бид цэцэрлэгийнхээ хүүхдүүдийн бүтээлээр багахан үзэсгэлэн гаргаад байна. Манай цэцэрлэг 2016 онд дүүргийн тэргүүний цэцэрлэг болсон бол энэ жил нийслэлийн тэргүүний цэцэрлэг болсон нь манай хамт олны ажлын бүтээмжийн илрэл гэж бодож байна. Энэ жил манай цэцэрлэгийн 60 жилийн ой тохиож байгаа. Энэхүү түүхт 60 жилийн ойгоо бид өндөр амжилтаар угтаж байгаа бөгөөд бидний дундаас тэргүүний, шилдэг багш олон төрж байна. Өнөөдөр дахин нэг Боловсролын тэргүүний ажилтнаа өлгийдөн авсандаа баяртай байна.

Мөн энэхүү арга хэмжээний үеэр “TWINS” фильмийн уран бүтээл болох “Багш” уран сайхны киноны нээлтийг хийсэн юм.

Нээлтийн үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ “Юуны өмнө Дэлхийн болон Монголын  багш нарын өдрийн мэндийг Монголын үе үеийн нийт багш нартаа хүргэж байна. Өнөөдөр монголын кино урлагын салбар их хөгжиж холливуудын хэмжээнд өрсөлдөхүйц уран бүтээл хийдэг болжээ. Чухам энэ үед “TWINS” фильмийн залуус маань “Багш” хэмээх энэхүү сайхан уран бүтээлийг хийж олонд хүргэж байгаад баяртай байна. Уран бүтээлчид маань өнгөрөгч тавдугаар сард бидэнд хамтран ажиллах санал тавьсны дагуу БСШУСЯ-аас “Багш” хэмээн энэ сайхан уран бүтээлийг дэмжин ажилласан. Сүүлийн үед багшийн тухай кино хийгдээгүй. Өнөөгийн багш нарын амьдрал ахуйг өнгө будаггүйгээр үзэгчдэд шууд хүргэх ийм сайхан уран бүтээлийг хийсэн эдгээр залуустаа баярласан талархсанаа илэрхийлье. Монголын үе үеийн багш нар хүүхдийн төлөө зүрх  сэтгэлээ хэрхэн яаж зориулж ажиллаж байсан талаар өгүүлэх Монгол өнгө төрхтэй сайхан киног баярынхаа өдрөөр нээж байгаадаа баяртай байна” гэлээ.

МУГЖ Б.Базаррагчаа хэлэхдээ “Одоогоос хоёр жилийн өмнө найруулагч Г.Дарханбат, Г.Дарханбаяр хэмээх ихэр хоёр залуу маань энэхүү “Багш” хэмээх киногоо хийх гэж байна. Та гол дүрд нь тоглооч ээ гэж хэлсэн. Ингээд энэ сайхан киноны гол дүр болох Баттулга багшийн дүрийг бүтээсэн. Кино маань бүх насны хүмүүст зориулсан бөгөөд багш гэдэг хүний хөдөлмөр бүтээл ямар байдаг, боловсрол гэж юу болох талаар нийгэмд ойлгуулахыг хүссэн тийм л бүтээл болсон. Ингээд БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр Дэлхийн болон Монголын багш нарын өдрөөр нээлтээ хийж байгаад баяртай байна.

Энэхүү киноны зохиолч, найруулагч Г.Дарханбат, Г.Дарханбаяр нар хэлэхдээ “Энэхүү кино бол манай “TWINS” фильмийн зургаа дахь уран бүтээл юм. Бид анх 2015 онд “Такси 1” уран сайхны киногоо хийгээд есөн сарын 4-ний өдөр нээж байлаа. Тэр өдөр л “Багш” хэмээх энэхүү уран бүтээлээ хийх санаа төрсөн. Учир нь тэр өдөр бидний эрхэм багш Р.Алтансүх  буюу Асий багш маань таалал төгссөн. Тэгэхэд бид ярилцаад багшдаа болон монголын үе үеийн багш нарт зориулж уран бүтээлээрээ хөшөө босгоё гэж шийдсэн. Энэхүү киногоороо бид одоогийн багш нарын амьдрал ахуйг бодитоор харуулж өгсөн. Мөн багш хүн ямар байх ёстойг харуулахыг зорьсон. Жишээлбэл, би бол социализимын үеийн сурагч. Энэ үед багш нар сурагч бүртэйгээ тулж ажиллан тэдний ар гэр, амьдрал ахуйг мэддэг, гэр орноор нь очдог тийм л байсан.

Одоо үед дэлгэцээр гарч буй уран бүтээлүүд солонгос эсвэл холливуудын кинотой ижил төстэй хийцтэй байгаа бол “Багш” кино нь монгол өнгө аястай, монгол төрхтэй болсон гэж бодож байгаа. Ингээд БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр тэр тусмаа багш нарын баярын өдрөөр үзэгчиддээ хүрч байгаад баяртай байна. Бид анхнаасаа энэхүү уран бүтээлээ ашиг харж хийгээгүй тул кино театруудаар бус телевизүүдээр гаргахаар болсон. Цаашдаа ч мөн жил жилийн багш нарын баярын өдрөөр байнга гардаг болоосой хэмээн хүсч байна” гэлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!