П.Батчулуун: Тархины үхэлтэй донор 8 өвчтөнд амьдрал бэлэглэх боломжтой

0
83

Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ” сэдэвт сургалтын үеэр тархинд цус харвах эсвэл гэнэтийн ослын улмаас тархи нь бүрэн ажиллагаагүй болсон амьгүй донороос бөөр, элэг, зүрх, уушги, нойр булчирхай, нарийн гэдэс зэргийг өвчтөнд шилжүүлэн суулгаж олон хүний амь насыг аврах боломжтойг  Эс, Эд , Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулуун хэлэв. 

Түүнээс дараах тодруулгыг авав.

-Тархины үхжилттэй донороос эрхтэн шилжүүлэх эмчилгээг манай улс хийж байсан уу?

-Тархиндаа гэмтэл авсан болон тархинд цус харваснаас болж тархины үйл ажиллагаа эргэлт буцалтгүй зогссон үеийг тархины үхжилттэй гэж оношилдог. Гэхдээ тухайн хүний зүрх бусад эрхтнийг хиймлээр ажиллуулан өөр өвчтөний донор болгох боломжтой.  Энэ нь аль хэдийн ДЭМБ-ын үйл ажиллагаанд хэрэгжээд хагас зуун жил өнгөрчээ. Харин Монгол Улсад 2006 оноос эхлэн одоог хүртэл нийт 6 тархины үхжилттэй  донороос  12 хүнд бөөр,  1 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс ажилбар хийсэн байдаг.

-Манай улсад ийм донороос эрхтэн шилжүүлэн суулгах нь хууль эрх зүйн талаас хэрхэн зохицуулагдсан бэ ?

-Нэгэнт тархиндаа гэмтэл авч, тархины үхэлд хүрсэн бол тухайн хүнийг нас барсан гэж үздэг. Жил бүр Монгол Улсад 450-520 гаруй хүн ослоос болж тархиндаа гэмтэл авч нас бардаг бол 2.200 орчим  хүн тархины цус харвалтаар өөд болж байна. Энэ тооноос үзэхэд  тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг Монголд хөгжүүлж өөр олон хүний амь насыг аврах боломжтой юм. Тийм ч учраас Монгол Улс энэ оны 1 дүгээр сард “Донорын тухай хуулийг” шинэчлэн баталсан. Тус хуулийн 13.2-т  Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрийг өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно гэж заасан байдаг. Энэ нь хэрвээ тухайн иргэн золгүй байдлаар тархиндаа сэргээгдэхгүй гэмтэл авбал бусдын амь насыг аврах үүднээс  эрхтнээ шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн гэсэн үг юм. Эрхтэн шилжүүлэх шаардлагатай болсон маш олон хүн хүлээх дараалалд байдаг. Тархины үхэлтэй донор хамгийн багадаа өвчний улмаас шаналж буй 8 хүнд амьдрал бэлэглэх боломжтой. Харин үүнийг  иргэдэд зөвөөр ойлгуулах хэрэгтэй.

-Тэгвэл гадны улс орнуудын хувьд үүнийг хэрхэн зохицуулсан байдаг юм бол?

-Дэлхий дээр эрхтэн шилжүүлэх суулгах эмчилгээ хийдэг 100 гаруй улс бий. Жишээлбэл, Финланд болон Швед улс иргэн хүн бүр донор байх ёстой гэдгийг ахлах ангид нь заадаг учир иргэд нь тархины үхлийн талаар бүрэн ойлголттой. Мөн Испани, АНУ  гэхэд  л  эрхтэн шилжүүлэн суулгах хоёр өөр системтэй. Испани улсад тухайн хүн амьддаа донор болохгүй гэдгээ илэрхийлээгүй бол золгүй байдлаар тархи нь гэмтэж нас барсан тохиолдолд автоматаар донор болгодог, АНУ-д донор болохыг өөрөө зөвшөөрч, баталгаажуулаагүй бол донор болдоггүй.

Манай улсын хувьд  тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах нь дөнгөж эхлэлийн шатанд явж байгаа учраас АНУ-ын хүний эрхийг дээдэлсэн системийг хэрэгжүүлэхийг зорьж байна. Харин ирээдүйд Финланд, Швед улс шиг иргэн бүр донор байх ёстой гэсэн хууль мөрдөгдөх байх гэж найддаг.

– Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний загварыг хичнээн улстай харьцуулж гаргасан бэ?

-Үүнийг дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн профессоруудаас зөвлөгөө авч улсынхаа хүний нөөцийн чадавх, хүрэлцээ болон санхүүгийн нөхцөл байдалдаа тулгуурлан зохион байгуулалттай явуулж байна. Бид өнөөдөр тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хөгжүүлэх талаар анхны сургалтаа хийлээ. Одоогийн байдлаар донорыг 25 нас хүртэл гэж заасан ч яваандаа шинэчлэгдэж 18 нас болох магадлалтай. Цаашид энэ талаар олон нийтэд зөвөөр ойлгуулах нь  манай албаны гол ажил  юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!