Төслийн багт аудит оруулж анхаарал тавих цаг болжээ, Ерөнхий сайд аа

0
202

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд гэж хэн бэ. Шүүмжлэл хүлээж чадахгүй, олон түмний хардах эрхэд эгдүүцэн хэрэг хийсэн мэт биеэ өмөөрөн хэвлэл мэдээллээр яаран сандран захиалгат ярилцлага хийлгэн сандчих түүнийг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч гэдгээр нь улс төрийн хүрээнийхэн л мэдэх юм. Тэр дундаа үргэлж үймээн дэгдээж, хагарал бутралын үүр уурхай болсон дүүргийн намын хорооны гол хорыг найруулагч гэх нь бий. Төрийн мөнгөөр худлаа үнэн ярьж гадаад руу явдаг дуулиант нөхдийн нэг. Уншигчид 2014 оныг хараахан мартах болоогүй байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэдэн нөхөр Куба, Бразил улсын хурлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлахаар явлаа хэмээн албан томилолтын зардлаа НИТХ-ын гадаад харилцааны зардлаас гаргуулан, улмаар Бразилд хөлбөмбөг үзэн тансаглаж яваад ирсэн. Татвар төлөгчдийн мөнгөөр хөлбөмбөг үзэж яваагаа нуун улс орноо, монгол түмэнтэйгээ хууран Бразилийг зорьсон тэднийг тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд хатуу донгодож, улсаас идсэн мөнгийг хувиас нь төлүүлж байв. Товчхондоо, тийм ичих булчирхайгүй, эрээ цээргүй, хэн нэгэн мэдээгүй бол татвар төлөгчдийн мөнгийг хумсалж идэхээс сийхгүй явсан нөхдийн нэг гэсэн үг.

Мөн Монголын хүүхдийн төлөө үндэсний байгууллагуудын нэгдсэн холбооны тэргүүн гэх сэтэртэй. Харамсалтай нь, энэ он гарсаар зургаахан сарын дотор 151 бяцхан зүрх томчуудын хариуцлагагүйгээс зогсч, биднээс алсран холдсон байхад ганц удаа ган дуугараагүй атал өөрийн нь нэрийг дурьдсан өчүүхэн шүүмжид сүрийг бадруулан сандарч ярилцлага өгч тоос манаруулж гүйж байх. Нэгэн үе улаанбурхан өвчний талаар мэдээлэл хийж, Нийслэлийн эрүүл мэндийн газрыг огцрохыг шаардаж, телевизийн мэдээгээр хэдэнтээ гарснаас нь үзвэл тэр бас шоучин байрын имижтэй юм. Шулуухан хэлэхэд хэдийд, ямар сэдэв барьж, хэрхэн сэвэхээ анддаггүй бага гарын улстөрч аж.

МАН парламентад үнэмлэхүй ялалт байгуулж, ноёрхлоо тогтоохын хэрээр улаан батлахтай болгон хоолтой болсон. Тэдний нэг мөн л мань Д.Авирмэд. Намын шинэчлэл ярьж явдаг шигээ гэр хорооллоор занималдах болсон нь хэд хэдэн шалтгаантай. Үнэндээ түүнийг “Мянганы хөгжлийн” Д.Авирмэд гэдгээр хэсэг хүн мэднэ. Мянганы сорилтын сангийн санхүү хариуцсан захирлаар 2008 оноос 2012 он хүртэл буюу улс төрд ортлоо ажилласан нэгэн.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан зээлийн хүрээнд гурван үе шаттай хэрэгжих “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” нэртэй 300 гаруй сая ам.долларын төсөл 2014 оноос хэрэгжиж эхэлсэн. Д.Авирмэд тун азтай нэгэн. Тухайн үед АН Засгийн эрхэнд байсан ч МАН-тай хэсэг хугацаанд хамтарч Сангийн сайдаар Ж.Эрдэнэбат томилогдох сиймхийгээр мань хүн өнөөх төслийн үзүүрээс зуурсан байдаг. Тодруулбал, түүнийг энэхүү төсөл хэрэгжиж эхлэхтэй зэрэгцээд л Сангийн сайдын 2014 оны 160 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн шууд захирагчийн Б/128 дугаар бүхий тушаалаар төслийн нэгжийн санхүүгийн ажилтнаар томилсон байдаг. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбат Сангийн сайдаар хэдхэн сар ажиллах сиймхийндээ өөрийн хүн Д.Авирмэдэд насаар нь тэжээж мэдэх алтан загас атгуулсан нь энэ.

Гэвч энэ нөхөр гэрээ байгуулан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гэрээний үүргээ хангалтгүй биелүүлж, цаашлаад төслийн санхүүгийн мэдээллийг гадагш гаргаж, төсөлтэй огт хамаагүй хүнээр улирлын тайланг хоёр удаа гаргуулсан гэх мэт ноцтой зөрчил гаргасан аж. Түмнийг хууран төрийн мөнгөөр Бразилд тансаглаж явсан түүнд итгэн төслийн санхүүг даатгадаг угаасаа л тэнэг явдал байв. Тиймээс түүнийг 2015 оны аравдугаар сард ажлаас нь чөлөөлжээ. Гэтэл 2016 оны сонгуулийн дүнгээр МАН илт давуу ялалт байгуулсны дараа хаалгаар хөөгдсөн нөхөр тооноор орж ирэв. Ирэх ирэхдээ бүр төслийн багийнхаа зохицуулагчаар томилогдож ардаа асаалттай танктай том гар гэдгээ харуулав. Нам нь төрд зайдагнаж, мань хүн ч тушаал ахиж ирсэн тул зоргоороо аяглаж, төслийн ажилтнуудыг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр, намын нэр барин, улс төрийн шалтгаанаар халж, солих нь ихэссэн байна.

Ингэснээр төслийн багаа Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ыг хамтдаа самралцаж явсан нөхдөөрөө дүүргэв. Уг нь төслийн нэгжийн ажилтнуудыг сонгон шалгаруулалтаар тодруулж, сонгон шалгаруулалтыг НЗДТГ зохион байгуулах ёстой аж. Гэвч “бразилчин” Д.Авирмэд дураар дургиж, өөрт таалагдахгүй хүмүүсийг дур мэдэн халж, солих тушаал гаргаж, түүнийгээ НЗДТГ-аар батлуулж, хотын мэрээс ч илүү эрх дархтай гэдгээ харуулж байна.

Намын буянаар, тэр дундаа тооноор чирж оруулдаг “том ах”-ынхаа нөлөөгөөр төслийн зохицуулагч болсон Д.Авирмэд таван сая гаруй төгрөгийн цалин авдаг бол ажилчид гэх есөн хүн дунджаар хоёр сая таван зуун мянга болон түүнээс дээш төгрөгийн цалин авдаг гэж байгаа. Төр, төсвийн байгууллагуудын бүтэц данхайсан гэгддэг ч энэ мэт хэн нэгэнд зориулж тусгайлан данхайлгасан баг, бүрэлдэхүүнүүд хэдий хүртэл ийнхүү хувалз мэт мөнгөтэй газруудад шигдэж, шигж амь зуух ёстой юм.

Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжиж байгаа Баянхошуу дэд төвийн дэд бүтцийг сайжруулах ажлын автозам барих, дулааны шугам татах ажлын тендэр энэ сарын 15-ны өдөр нээгдсэн. Энэ тендэр хүртэл хэл ам татлаад, хэвлэлийн хуудаснаас бууж амжаагүй байна. Тус тендэрт 6.2 сая ам.доллараар ажил гүйцэтгэх хүсэлтэй дотоодын нэг компанитай 9.1 сая ам.доллараар ажил гүйцэтгэх хүсэлт ирүүлсэн БНХАУ-ын Людвиг Прайффер”, Прайффер Лэйпзингийн хамтарсан түншлэл өрсөлдсөн гэж байгаа юм. Хачирхалтай нь өндөр үнэтэй хийж гүйцэтгэнэ гэсэн Хятадын хамтарсан түншлэл ялж, хямд үнээр чанартай гүйцэтгэх санал өгсөн дотоодын компани туршлага багатай гэсэн хөгийн шалтгаанаар ялагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, тендэрт 2.8 сая ам.долларын илүү өртгөөр ажиллана гэсэн Хятадын компани ялж. Гэхдээ Д.Авирмэдийн хэлж байгаагаар тендэрийг хоёр удаа зарласан гэх мэдээлэл анхаарал татна. Учир нь эхлээд зарласан тендэрт Хятадын компани шалгарсан боловч юанийн ханш өссөнтэй холбоотойгоор энэ ажлыг хийх боломжгүй гээд татгалзсан гэнэ. Тэрбээр “Дахин тендэр зарлахад Германы компани шалгарсан юм. Тэдний өгсөн үнийн санал нь 9.1 сая ам.доллар бөгөөд өмнөх хятад компанитай ижил байсан” гэжээ. Яахаараа ч хятад, германы хоёр өөр компанийн өгсөн үнийн санал яг адилхан байдаг юм. Яахаараа ч буцаан төлөх нөхцөлтэй зээлд бүхэл бүтэн 7 тэрбумын зөрүүтэй компанийг ялуулж байдаг хэрэг вэ. Тендэрт шалгарсан Германы компанитай гэрээ байгуулах зөвшөөрлийг Азийн Хөгжлийн Банкнаас өгсөн юм чинь гэх инээдтэй тайлбарыг өгч буй Д.Авирмэд цаашдаа өөр олон төсөл, тендэрийг зохицуулж, зохион байгуулж чадах уу. Зээл олгож байгаа газар тэртэй тэргүй олгосон зээлээ, хүүтэй нь буцаан авахаас хойш тэрний 6.2 сая ам.доллар байна уу, 9.1 сая ам.доллар байна уу, түй ч хамаагүй биз. Гагцхүү тухайн зээлийг татвар төлөгч бидний мөнгөнөөс буцаан төлөх ёстойг Төслийн зохицуулагч Д.Авирмэд гуай гүнээ ухаарч, хамгийн бага үнэ өгсөн компанийг сонгож, өндөр чанар шаардаад сууж байх байсан биш үү. Бүхэл бүтэн 7 тэрбумын зөрүүг бид Азийн хөгжлийн банкинд буцаан төлөх ёстойг тооцоолохгүй, оронд нь тендерт шалгарсан компанийн үнийн санал болох 9.1 сая ам.долларт НӨАТ орчихсон байгаа. НӨАТ-ын арван хувь Монголд үлдэж л байгаа шд хэмээн хээв нэг тоомжиргүйтэх түүнээс бид юу хүлээх билээ. Эрхэм Д.Авирмэд болон түүний багийнхны сар тутмын хэдэн арван саяар тоологдох өндөр цалин хангамжийг Азийн хөгжлийн банкинд буцаан төлөх ёстой гэдгийг эрхбиш Ерөнхий сайд У.Хүрэлсүх та мэдэж л суугаа байлгүй дээ.

Түүнчлэн тендерийн шалгаруулалтыг Д.Авирмэд гэдэг хүн бие дааж шийддэггүй. Тендерийн үнэлгээний хорооноос буюу өөрийн ахалсан байгаас АХБ-ны худалдан авалтын хороо руу саналаа явуулна. Тэндээ шалгагдаад, нэмэлт материал хэрэгтэй бол хүлээж аваад, эцсийн шийдвэрээ гаргадаг. Засгийн газрын АХБ-тай байгуулсан хэлэлцээрт бүх худалдан авалт болоод санхүүгийн үйл ажиллагаа АХБ-ны бодлогоор явагдана гэж заасан байгааг тэрбээр тодотгосон байна. Өөрөөр хэлбэл, эндээс саналаа явуулж, цаад тал гагцхүү зөвшөөрөх л эрх зүйн үндэслэлтэй аж. Тэгэхээр өнөөх 7 тэрбумын зөрүүтэй компанийг сонгож санал явуулсан Д.Авирмэд гуай биш саналыг нь зөвшөөрсөн Азийн хөгжлийн банк буруутай юм байх.

Алин ч байлаа гээд хоёр удаагийн зарлагдсан тендэрт тэрбум тэрбумаар хол давсан, тэгэхдээ яг адилхан 9.1 сая ам.долларын үнийн санал өгсөн Хятад, Герман компаниудыг хэрхэн яагаад сонгов? Юуны учир хятадыг германаар солих болов гэдэг анхаарахгүй хаях асуудал бас биш.

Тиймээс төслийн санхүүч байхдаа халагдсан ч эргээд зохицуулагч болон томорч ирсэн Д.Авирмэдийн албан тушаалын асуудал болон эл Төслийн багийнхны үйл ажиллагаанд хяналт тавьж, аудит оруулан анхаарал тавихгүй бол нэг л биш ээ, Ерөнхий сайд аа. Тус төслийн багийн цалин хангамжаас эхлэн мөнгөний тоолуурт эргэлдэж буй ширхэг төгрөгийг ч хүүтэй нь хамт Монгол Улс буцаан төлнө гэдгийг бүү март.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!