Баянцээлийн баасан гариг

0
148

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд Цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг тогтмол явуулж байгаа. Өнгөрөгч баасан гаригт манай сурвалжлах баг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэстэй хамтран шөнийн сурвалжлага бэлтгэсэн юм. Тус хэлтэс дүүргийн 11 хороонд хүрч ажилладаг бөгөөд тэр хэрээр дуудлага мэдээлэл тасардаггүй байна. Ялангуяа Улаанбаатар хотын шөнийн Лас вегас гэгддэг Баянзүрх дүүргийн III, VII хороонд зөрчил гарах нь цөөнгүй гэнэ. Тус хороодын нутаг дэвсгэрт орших Баянцээл болон Сансарын үйлчилгээний төв хавиар нийт 50 орчим баар, караоке үйл ажиллагаа явуулдаг аж. Тиймээс дээрх газрууд нь шөнийн цагаар хөл хөдөлгөөн ихтэй бөгөөд гэмт хэрэг гарах эрсдэл өндөртэй байдаг аж. Бид 23:00 цагаас хяналт шалгалтаа эхэлсэн бөгөөд учир нь энэ үеэс тус орчны шөнийн амьдрал эхэлдэг гэнэ. Биднийг Баянцээлийн гудамжинд очиход ёстой түм түжигнэж бум бужигнаж байлаа. Хаа сайгүй хөлчүүрхсэн залуус, гар дээрээс худалдаа хийгчид буюу шорлогчид цөөнгүй.

Ц.Сүхбаатар: Баар цэнгээний газруудын ажиллах цагийн хуваарийг багасгах хэрэгтэй

Шөнийн 02:00 цагийн үед хороо хариуцсан хэсгийн байцаагч болон цагдаа нар бааруудад нэгэн зэрэг орж шалгалтын ажиллагаа явуулав. Гэтэл VII хорооны нутаг дэвсгэрт байрлах “Monika бааранд зөрчил илэрлээ гэсэн мэдээлэл ирсэн юм. Энэ талаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн ахлах, ахлах дэслэгч Ц.Сүхбаатараас тодрууллаа.

-Дуудлага ирүүлсэн бааранд ямар зөрчил илэрсэн бэ?

-Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор оюутан залуус болон сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс шөнийн шалгалтыг тогтмол явуулж байна. Өнөөдрийн байдлаар БЗД-ийн VII хороонд байрлах “Monika” бааранд насанд хүрээгүй буюу 21 нас хүрээгүй таван хүүхэд архи согтууруулах ундаагаар үйлчлүүлж байсан. Энэ бааранд ийм төрлийн зөрчил удаа дараа гарч байгаа юм. Тиймээс бид тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах хүсэлтийг холбогдох газарт хүргээд байна.

-Үйлчлүүлж байгаа хүмүүсийг насанд хүрээгүй гэдгийг яаж тогтоодог вэ?

-Иргэдийг хараад насыг нь тодорхойлно гэдэг хэцүү. Тиймээс Баянзүрх дүүргийн ИТХ-аас манай II хэлтсийн хороо хариуцсан байцаагч нарт 10 ширхэг таблет өгсөн юм. Бид үүгээр иргэдийн регистрийн дугаараар цагдаагийн байгууллагын цахим сангаас хайлт хийн мэдээлэл авдаг болсон.

-Дүүргийн төдийгүй нийслэлийн хэмжээнд хяналт шалгалт тогтмол хийгдэж байна. Үүний үр дүн ямархуу байна вэ?

-Цагдаагийн байгууллагын зүгээс байнгын хяналт шалгалт хийж байгаа нь маш үр дүнтэй байгаа. Тухайлбал, баар цэнгээний газрууд цаг хэтрүүлэн ажиллах нь багасаж байна. Өөрөөр хэлбэл 04:00 цагтаа хааж байна. Мөн 21 нас хүрээгүй иргэдэд үйлчлэх нь багассан. Цахим тоглоом, ломбард зэрэг газрууд цагаа баримталж ажиллаж эхэллээ. Жишээлбэл, өнөөдөр манай хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн нэг баар, цаг хэтрүүлэн ажилласан нэг ломбард, нэг цахим тоглоомын газар илрээд байна. Сайны хажуугаар саар гэгчээр зарим нэг газрууд нь нууц хэлбэрт шилжээд байгаа. Бид цаг алдахгүй дээрх газруудыг шалгаж илрүүлсээр байна. Тухайлбал ломбардууд шөнийн цагаар зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тэд ихэвчлэн баар цэнгээний газар ихтэй орчинд нууцаар ажилладаг. Учир нь архи уусан залуус мөнгөө дуусахаар дээрх барьцаалан зээлдүүлэх газруудаар үйлчлүүлдэг. Энэ нь мөн гэмт хэргийн үндэс болж байна. Тухайлбал, мөнгөгүй, барьцаалах юмгүй хүмүүс бусдын гар утас зэргийг хулгайлан барьцаанд тавьдаг.

-Хяналт шалгалтын дүнд хэрэг зөрчил багасч байна гэлээ. Үүнийг бүрэн таслан зогсоох боломжтой юу?  

-Манай цагдаагийн байгууллагын зүгээс гэмт хэрэг зөрчлийг бууруулахаар эрх мэдлийнхээ хүрээнд чадах бүхий л арга хэмжээгээ авч ажилладаг. Та одоо харж байна. Манай алба хаагчид өдөржин ажиллачихаад шөнө нь мөн ингээд шалгалт хийгээд явж байна шүү дээ. Бид бусдын адил хүн. Унтаж амрах, гэр бүлдээ цаг гаргах гээд олон зүйлийг хийж чаддаггүй л хүмүүс. Яг үнэндээ энэ баар цэнгээний газрууд 04:00 цаг хүртэл ажилласан хэвээр байвал хэрэг зөрчил бүрэн арилах боломжгүй. Өмнө 00:00 цаг гээд хаадаг байхад бид архидалт, хэрэг зөрчлийг тодорхой хэмжээнд хянаж бариад байсан. Харин одоо хүндхэн л байна.

Архидалт залуужаад байна

Хэдийгээр цагдаагийн байгууллагын зүгээс хяналт шалгалтыг тогтмолжуулж хэрэг зөрчлийг багасгасан хэдий ч залуусын дунд архидалт газар авсан нь харагдаж байна. Бидний орсон газруудад ихэвчлэн залуус, тэр дундаа охид бүсгүйчүүд ихээр байсан нь үүний нэг илрэл гэлтэй. Жишээлбэл, дээр дурьдсанчлан насанд хүрээгүй таван хүүхдийн гурав нь эмэгтэй байсан юм. Тэдний хоёр нь хамт явж байсан бөгөөд “Бид орж ирээд удаагүй байна. Тэгээд ч биднийг 21 нас хүрсэн үү гэж асууж шалгасан хүн байхгүй. Ганц өдөр эгчтэйгээ хамт гарсан чинь юун сүртэй юм” хэмээн ундууцаж байлаа. Тэр хоёр охин оюутан бөгөөд Увс аймгаас ирсэн гэнэ. Мөн 30 орчим насны эмэгтэйтэй хамт явж байсан бөгөөд гурвуулаа хамт амьдардаг гэж хэлж байв. Энэ зуурт О.Дашбалбар агсны бичсэн,

Үдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж

Үеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад

Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч

Намрын хүйтэн шөнө зэлэн дээр жихүүцэн суугаа гэсэн дөрвөн мөрт өөрийн эхргүй сэтгэлд бууж байлаа. Түүнчлэн зочид буудлууд нь залуусын архидан согтуурах бас нэгэн үүр уурхай болдог байна. Тухайлбал, бидний очсон буудлуудад залуус нэг өрөөнд олноороо архидан согтуурч байгаатай цөөнгүй таарсан юм. Тэд ихэвчлэн 21-30 орчим насныхан бөгөөд охид эмэгтэйчүүд ч бидний үнээ хэмээн нэрлэдэг 2.5 литртэй том пивийг хоёр гурваар нь тавьсан ууж харагдлаа. Шалгалтаар яваа цагдаагийн алба хаагчдад тэд ихэд уурлан бараг л “Танай гэрт очоод уусан юм уу. Та нарт ямар хамаатай юм бэ” хэмээн хэдэрлэх занд нь манай цагдаагийнхан ч дассан гэлтэй. Үнэхээр зөрчил гаргаагүй юм чинь бид яах ч эрх байхгүй. Харин энэ буудлуудад нь арга хэмжээ авдаг хэмээн хэлж байв. Угаасаа бид хэрэггүй үедээ цагдааг муулж хэрэгтэй үедээ тэднээс аврал эрдэг тийм л ёс суртахуунтай болсон байна.

Нууцлаг ломбардууд 

Монголчууд угаасаа юмыг ямар нэгэн байдлаар болгох, бүтээх мөн бусдыг чадварлаг даган дуурайх чадвартай хүмүүс. Ихэвчлэн гадны кинон дээрээс хууль бус худалдан авалт хийх гэж буй хүмүүсийг эхлээд нэг жаахан бацаан угтан аваад цааш нь нууц газартаа дагуулж очдогийг харж байсан. Тэгвэл яг түүн шиг зүйлс манайд газар аваад байна. Тухайлбал, эмийн сан гэсэн хаягтай хамт ломбард хэмээх зүйл дагадаг болж. Яагаад гэвэл ломбардууд 22:00 цаг хүртэл ажиллах боломжтой бол эмийн сангууд 24 цагаар үйл ажиллагаа явуулах эрхтэй юм. Сансарын Баянцээлийн гудамжинд яг ийм давхар хаягтай нэгэн газар байх бөгөөд үүдэнд нь байх залуу хүмүүсийн ямар үйлчилгээ авахыг асуун нааш цааш нь шийдэж байв. Биднийг очихыг мэдсэн тул тэр ломбарьдны угтагчийн үүргийнхээ дагуу бусаддаа мэдээллэж анхааруулсан бололтой эмийн санч эмэгтэй цонхоороо байн байн бидний машиныг харж байв. Хуулийн хүрээнд хэн нэгэн үйлчлүүлж байхад барихгүй бол тэднийг ийм ажиллагаа явуулдгийг нотлох боломжгүй тул бид яаж ч чадахгүй 3 цаг орчим ажиглан хүлээсэн юм. Тус газар хүний хөл тасрахгүй бөгөөд нэг нь ороход нэг нь гарч байх жишээтэй. Миний хувьд ийм их үйлчлүүлэгчтэй ажилладаг эмийн сан хэзээ ч харж байсангүй. Тэр тусмаа шөнийн цагаар. Эцэст нь нөгөө гадаа зогсож буй залуугаас яагаад энд зогсоод байгааг асуутал “Найз охиноо хүлээж байна” хэмээн хээв нэг хариуллаа. Харилцаа холбоо хөгжсөн энэ цаг үед -16 градусын хүйтэнд найз охиноо бүтэн гурван цаг гаран гадаа хүлээдэг залууг мөн анх удаагаа харсан минь энэ. Харин 02:00 цагийн үед “Ач” хэмээх өөр нэгэн ломбард үйл ажиллагаа явуулж байгаатай таарсан юм. Тус газраар ихэвчлэн согтуу залуус үйлчлүүлэх бөгөөд бүгд гар утсаа тавьдаг бололтой байлаа.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны алдаа

Шөнийн 02:30 цагийн үед бас нэгэн зөрчилтэй газар илэрсэн нь VII хорооны нутагт байрлах “Phoenix” караоке юм. Тус газрын тусгай зөвшөөрөл дээр Баянзүрх дүүргийн 15-р хороонд үйл ажиллагаа явуулна хэмээн бичсэн байв. Тиймээс цагдаагийн алба хаагчид тус хороонд үйл ажиллагаа явуулах эрхгүй хэмээн үзсэн юм. Тус караокены эзэн хэлэхдээ “Бид 2012 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. 2016 онд тусгай зөвшөөрлөө сунгуулахаар Хотын захирагчийн ажлын албанд өгөхөд ингээд алдаатай гаргасан. Тухайн үедээ бид алдаатай гарсан байна, засуулъя хэмээн хандахад Худалдаа үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн н.Золбоо гэх хүн дахин гаргах боломжгүй. Тиймээс энэ хэвээрээ бай. Асуудал гарвал надтай яриул хэмээн хэлсэн. Гэтэл одоо тэр хүн тэтгэвэрт гарсан тул шийдэж чадахгүй байна. Захирагчийн ажлын албан дээр очоод хэлэхээр 2018 оны арванхоёрдугаар сард сунгах юм байна. Тэр үед засч өгөе гээд тоодоггүй” хэмээн хэлж байв. Мөн манай караоке хууль дүрэм зөрчдөггүй. Цагтаа хааж цагтаа онгойдог. Гэтэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны гаргасан алдаа, хүнд суртлаас болж ингэж хохирохыг хүссэхгүй байна гэж байлаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!