Ц.Нямдорж: Ц.Нямдорж буруу ярьж байна гэдгийг нотлох баримттай нь хэлцгээхгүй юу

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэр болон Зам тээвэр, хөгжлийн яаманд гарсан хүн амины хэрэг, С.Зориг агсны хэргийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан хүн амины хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажил ямар шатандаа яваа вэ. Хэрэг гарсан өдрийн хяналтын камерын бичлэг алдагдсан талаар Н.Оюундарь гишүүн хэлж байна. Хууль зүйн сайдын сайдын хувьд ямар мэдээлэлтэй байна вэ?

Энэ хэргийг прокурор хянаж, цагдаа шалгах шатанд явж байна. Шалгалтын ажил дуусах шатандаа явж байгаа байх. Хохирогчийн ар гэрийн хүмүүс надтай уулзсан, өргөдөл өгсөн. Өргөдлийг нь цагдаагийнханд өгч, түүнд дурьдсан асуудал бүрийг хуулийн хүрээнд прокурортой ярьж байгаад шалгах анхаарал татсан асуудал байна гэдгийг хэлсэн. Прокурортойгоо яриад хэргийг гүйцэт шалгах чадвартай  сайн баг гаргаж, зэхгүй бол маргаантай асуудал бий. Үүний дараа доод шатанд шалгагдаж байсан хэргийн харьяалал өөрчлөгдөж, өнөөдөр хэрэг Мөрдөн  байцаах төвшний шатанд Ажлын хэсэг байгуулагдаж, прокурортой нийлж шалгаж байна.  Гишүүдийн яриад байгаа зүйлд судалж, шалгах зүйл бий. Миний хувьд бичлэг нь алга болсон, эс алга болсныг мэдэхгүй. Тиймээс мэдэхгүй юмаа ярих дэмий. Ийм дэмий юм ярих чинь шалгалтыг төөрүүлчихдэг юм.

Зүйл анги нь яагаад өөрчлөгдсөн юм бэ?

Зүйл ангийн асуудал чинь цэвэр Цагдаа, прокурорынхны мэдэх асуудал. Ер нь эрүүгийн хэрэг дээр бүх дарааллаар нь асуудлыг шалгадаг ганцхан газар байдаг. Нарийн яривал цагдаа ч биш. Энэ бол прокурор. Хэрэг хаах, нээх, шүүхэд шилжүүлэх, хэрэгсэхгүй болгох, Ажлын хэсгийг солих, даалгавар өгөх, дутуу зүйл байвал гүйцэт шалгах бүх эрх нь прокурорт байгаа. Прокуророос асуух хэрэгтэй. Энд нэг зовлон бий. Мөрдөн байцаалтын нууц гэж. Нууцыг нь алдчихаар шалгаж байсан зүйл нь төөрөөд явчихдаг учраас хэцүү.

“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах Засгийн газрын тогтоолыг хууль зөрчсөн гэж шүүх үзчихлээ. Одоо яах вэ?

“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах тухай УИХ-ын тогтоол хүчинтэй байгаа. УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр хэвээрээ байгаа. Хамгийн дээд хоёр байгууллагын шийдвэр хүчинтэй байгаа шүү. Харин Засгийн газрын гаргасан шийдвэрийг шүүх будлиулсан бол Засгийн газар энэ асуудлыг дахин авч үзэх эрх нь нээлттэй байгаа. Учир нь, УИХ болон Цэцийн шийдвэр хоёулаа хүчинтэй байгаа. Шүүх дээр үүссэн гол дургүй хүргэсэн зүйл бол ашиг сонирхлын зөрчилтэй шүүгчдээр асуудлыг шийдлээ. Анхан шатны шүүхэд дээр ч, сүүлийн шатны шүүхэд ч тэгж ажилласан. Бадмаа гэдэг хүүхэн Төрийн өмчийн хороонд ажиллаж байгаад шүүгч болсон. ТӨХ-нд байх үедээ Дарханы төмөрлөг, Хөтөл зэрэг газрууд 49 хувийн талынханд очсон. Батсуурь гэдэг шүүгч Худалдаа хөгжлийн банкны хуулийн хэлтсийн дарга байсан. Шүүгч болоод хоёр жилийн дараа Дээд шүүхийг толгойлдог болсон. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй шүүгчдээр асуудлыг шийдүүлэх нь буруу гэдгийг л яриад байгаа юм. Сая болсон шүүх хурлыг Батсуурь даргалсан байна лээ. Ер нь шийдвэр  урьдчилж гарчихаад байгаа шүү дээ. Гэхдээ өнөөдөр төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэр хүчинтэй хэвээр байгаа. Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг Цэцийн шийдвэр хүчинтэй байгаа. 2015 онд Захиргааны шүүх Засгийн газрын шийдвэрийг хянахгүй гэсэн тогтоол гаргасан. Энэ бүхнийг зөрчсөн.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Улсын бүртгэлийн газрын шийдвэр хоёр шүүх дээр унасан юм билээ. Давж заалдах уу?

Дээд шүүхийн ерөнхий шүүгчид Засгийн газрыг төлөөлж орсон хүмүүс дахин асуудал тавих боломжтой. Ийм зүйл болох гээд байсан учраас би энэ асуудлыг маш их ярьсан. Улсаас 100 тэрбум төгрөг Монголбанкнаас гарч байсан нь үнэн шүү дээ.

Ш.Батхүүгийн өр барагдуулах асуудал дээр Засгийн газар ямар оролцоотой байх ёстой вэ?

“Эрдэнэт” үйлдвэр, Стандарт банк хоёр хоорондын асуудал. Монголын хөрөнгө ийш, тийшээ болж байхад Засгийн газар тоохгүй сууж байж болохгүй. Хүүгийн төлбөр нэмэгдээд байна гэхэд хавар тавдугаар сард Засгийн газарт танилцуулж байсан. АТГ, прокурор хоёр Ш.Батхүүгийн асуудлыг сайн шалгаж, тогтоосны дараа Ш.Батхүүгийн хөрөнгөөр төлөх ёстой.

Ш.Батхүүгийн хөрөнгийг хэн авсан юм бэ?

Би мэдэхгүй байна.

Хуурамч гарын үсгийн асуудал яригдаад байгаа?

Би мэдэхгүй байна. Ш.Батхүү өөрөө ч ярьсан, хуурамч гарын үсэг байсан гэж хэлсэн.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийг илрүүлнэ гэж мэдэгдсэн ч юу ч хийгээгүй гэж АН-ынхан шүүмжлэлтэй хандаж байна. Захиалагчийг хэзээ зарлах вэ?

С.Зоригийг хөнөөсөн захиалагчийг зарла гэж Цагдаагийнханд ажлаа авсны дараа хэлж байсан. Одоо хүртэл тэр ажлыг хийлгээгүй. Тэр хянадаг газар нь. Миний тэр үед бодож айсан бодол улам лавширч байгаа. Сая Ерөнхий прокурорын орлогч Эрдэнэбат хэвлэлийнхэнд ярьсан байна лээ. Шийтгүүлсэн гурван хүн бол алуурчин биш ээ гэдгийг Булган мэдүүлэгтээ өгсөн байна. Явж, явж Булган хуулийнханд ашиггүй мэдүүлэг өгсөн учраас холдуулахын тулд шүүх хуралд оролцуулаагүй юм байна лээ. Цорын ганц гэрчийг шүүх хуралд оруулахгүйгээр тэр хүний хэлсэн үг зургаар гурван хүнд ял өгсөн байгаа юм. С.Зоригийн хэргийг дахин шалгуулах шаардлага, өргөдөл ирж байгаа. Прокуророос шалгах чиглэл ч өгсөн. Тэр захиалагч гээд байгаа хүнийг бол Амгаланбаатар мөрдөн байцаалтын шатанд ч, шүүх хурал дээр ч хэлсэн юм билээ. Шүүхийнхэн өөрсдөө захиалагчийг ч мэдэж байгаа. Захиалагчийг нэрлэсээр байтал шалгалгүй, байцаалгүйгээр шүүх хурал хийгээд гурван хүнд хорих ял өгчихөж байна.

Хэрэг хийгээгүй бол монгол хүнийг хэлмэгдүүлмээргүй байна. Үнэхээр хэрэг хийсэн бол нотлох баримттай нь нийтийн дунд ил шийтгээд Ц.Нямдорж буруу ярьж байна гэдгийг нотлох баримттай нь хэлцгээхгүй юү. Ярихгүй байгаа шүү дээ. Хэргийг нууцаас гаргаж, прокурорын архивт шилжүүлсэн шүү дээ. Засгийн газраар хоёр ч удаа хэлэлцэж байж, нууцаас гаргах шийдвэр гаргаад прокурорын архивт аваачаад тавьчихсан байгаа. Энэ асуудлаар ярьсан хүн болгоныг дарамтлах ажиллагааг өнөөдрийг хүртэл хийж байгаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!